Амиа алдсан эмэгтэйн хэргийг ГХЯ анхааралдаа авчээ
Францын Парис хотноо өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр монгол эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан.
Уг хэргийг Парис хотын Цагдаагийн газарт шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг дээр манай улсын Гадаад хэргийн яамны Консулын газар болон Франц улс дахь Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байгаа аж.
Талийгаач эмэгтэй тус хотын Сэйнэ Сэйнт Дэнист нөхрийнхөө хамт амьдардаг байсан гэдэг. Хэргийн талаар анх нөхөр нь хөршүүддээ мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Тэрбээр "гадны хүмүүс дайрч, халдлаа” хэмээн тусламж хүсчээ.
Ингээд цагдаа нар хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач эмэгтэй биедээ олон тооны шарх авсан байдалтай амиа алдсан талаар тус хотын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Мөн түүний нөхөр гарын шуу болон хүзүүндээ мэсний шархтай байсан гэх. Тиймээс талийгаач гэмт халдлагад өртөж нас барсан уу эсвэл гэр бүлийн маргааны улмаас амиа алдав уу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач 59 настай, харин нөхөр нь 45 настай гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.