Доналд Трамп: Би юу хийхээ Хятадаар заалгамааргүй байна
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өнгөрсөн Ням гарагт Fox News сувгийн ярилцлагад орохдоо Нэгдсэн Улс "нэг Хятад” бодлогоос татгалзаж болзошгүй байгааг харуулжээ.
Тэрээр саяхан Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар ярьснаа хамгаалж "Би юу хийхээ Хятадаар заалгамааргүй байна” хэмээн өгүүлсэн байна.
Трамп "Хятад улс бидэнтэй худалдааны асуудлаар хэлэлцээ хийхгүй байхад бид яагаад ‘нэг Хятад’ бодлогыг баримтлах ёстойг би ойлгохгүй байна” гэж ярьжээ.
АНУ-Хятадын олон жилийн дипломат уламжлалыг эвдэн Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьснаа Трамп ярихдаа "яриа тун найрсаг, богинохон болсон. Яагаад өөр улс миний утсаар ярихыг хориглох ёстой гэж?” гэсэн байна. Тэрээр Тайваний ерөнхийлөгчийн дуудлагыг хүлээж авахгүй байх нь бүдүүлэг явдал гээд гадуур ярьж байгаа шиг түүний багийнхан энэ яриаг урьдчилан зохион байгуулаагүй гэжээ.
Трамп бас Хойд Солонгосын асуудлаар Хятадыг буруутгасан байна. Тэрээр Хойд Солонгосын гол өмгөөлөгч Хятад улс тус дэглэмийн цөмийн зэвсгийн амбицийг зохицуулах чадвартай боловч юу ч хийхгүй байна хэмээн шүүмжилжээ.
Трамп Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын түрэмгий үйлдлийг буруутгаж, Хятад улсыг валютын луйвар хийдэг гэж байнга давтдаг үгээ хэлсэн байна.
Ерөнхийдөө Дональд Трамп энэ ярилцлагаараа Хятадтай харилцах Вашингтоны бодлогыг эрс өөрчлөх бодолтойгоо харуулжээ.
Анх 1940-өөд оны сүүлээр Хятадын Үндсэрхэг үзэлтнүүд коммунистуудад хөөгдөн эх газраас Тайваний арал руу дүрвэсэн. Тэд өөрсдийгөө Хятадын Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэж байв.
Тухайн үедээ тэд Бээжинг буцаан авч нэгдсэн Хятад улсыг байгуулна хэмээн амлаж байсан тул нэг хэсэгтээ Барууныхан Тайванийг Хятадын хууль ёсны эрх баригчид гэж зөвшөөрч байлаа.
Гэвч 1972 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Хятадын удирдагч Мао Зэдунтай уулзсанаар нэг Хятад бодлогыг баримтлах болж 1979 онд Тайваниас дипломат харилцаагаа салгажээ.
Эх сурвалж: Independent
Сэтгэгдэл байхгүй байна.