Хөшигийн хөндийн шинэ нисэхийн ажилчид хорджээ

0

Хөшигийн хөндийн шинэ нисэхийн ажилчид хорджээ

 

 

-4-5 АЖИЛЧИН УХААН АЛДАН ТАТАЛТ ӨГЧ, НЭГ НЬ УХААНГҮЙ 
ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН БАЙНА-

Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 9-ний өдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын туслан гүйцэтгэгч компанийн үйлчилгээний ажилчид хоолноосоо хордлого, авч эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, туслан гүйцэтгэгч "Чойнхор” гэх компанийн үйлчилгээний 27 ажилчин өдрийн хоолондоо бүрмэл шарсан тахианы мах идсэн байна. Гэтэл удалгүй тэдгээр ажилчид бөөлжиж, гүйлгэн 4-5 хүн ухаан алдаж таталт өгч, нэг хүн ухаангүй Төв аймгийн эмнэлэгт хүргэгджээ.

Төв аймгийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд хордлогод орсон нь тогтоогдож, эмч нар "Хүнд төрлийн хордлого байна” хэмээгээд, яаралтай ХӨСҮТ рүү шилжихийг сануулсан аж.

Бид мэдээллийн дагуу сурвалжлахаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэг очиж мэдээлэл авах гэсэн боловч эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Энхжаргал болон тус эмнэлгийн дарга н.Оюунцэцэг нар "Мэдээлэл өгөх боломжгүй, өвчтөнүүд манайд ирж шинжилгээ өгөөд, ХӨСҮТ рүү шилжсэн. Өөрсдөө манайд хэвтэхгүй гээд гарын үсэг зураад гарсан. Ямар оноштой ирснийг нь хэлэхгүй” гэв.


-ЗАРИМ АЖИЛЧИД ОДОО ХҮРТЭЛ ТАТАЛТ ӨГЧ БАЙНА-

Бид ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй, "Чойнхор” компанийн ажилтнаас тодруулга авлаа.

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Юунаас хордсон бэ? Одоо биеийн байдал ямар байна вэ?

-Одоо ХӨСҮТ-д хэвтэж байна. Надтай нийлээд есөн хүн байгаа. Биднээс эмч нар мэдүүлэг авч байгаа. Одоогийн байдлаар бүгд бөөлжсөн байдалтай байна. Хоол идээд шууд бөөлжөөд, зарим нь одоо хүртэл таталт өгч байгаа. Шингэн юм уухаараа гүйлгээд, ухаан алдаад, байдал хүнд байна. Өнөө өглөө нэг хүн татсан. Эмчилгээ хийлгээд харьцангуй гайгүй болж байгаа ч гүйлгэх, бөөлжих нь зүгээр болохгүй байна.

-Ямар хоол идсэн юм бэ?

-Тухайн өдөр цайндаа 12-13:30 цагт орсон. 13:30 цагаас орсон хүмүүс гуляш идсэн. Харин хоолондоо ороогүй, хоцорч ирсэн хүмүүст гуляш хүрээгүй болохоор тахианы мөч идсэн. Хоол дууссан учраас бүрмэл тахианы мөч хийсэн байсан. Тэрийг идсэн чинь тахиа нь дотроо шүүрхий байсан. Мөн борщ гэх майонезтай шөл бас идсэн. Сүүлд хоцорч очин хоолондоо тахианы түүхий мөч идсэн хүмүүс бүгд хордсон.

-Нийт хэдэн хүн хордсон юм бэ?

-27 хүн хордсон. Биеийн байдал хүнд ирсэн есөн хүн одоо эмнэлэгт хэвтэж байна. 27-ууланг нь эмнэлэгт хэвтүүлэх гэхээр ор хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар үлдсэн хүмүүс гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн өдөр нэг ажилтан ухаан алдаж татаж ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн. Төв аймгийн эмнэлгийн эмч нар "Та нар их хүнд байна, эмчилгээ яаралтай хийлгэхгүй бол болохгүй” гэсэн. Зарим хүмүүс хувийн эмнэлэгт хэвтэнэ гээд гарын үсэг зураад гарсан.

-Хоол идсэний дараа ямар зовиур илэрсэн бэ?

-Хоолондоо орж дуусаад 40 орчим минутын дараа толгой эргэж, шүлс ялгараад, бөөлжөөд эхэлсэн. 2-3 удаа бөөлжсөний дараа ухаан алдаж унан, таталт өгсөн. Удалгүй Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, анхан шатны эмчилгээ хийлгэн, шинжилгээ өгсөн. Эмнэлэгт ирээд дусал хийлгээд сэрсэн. Тухайн үед аймгийн эмнэлэгт 27 хүн ирж эмчилгээ хийлгэсэн юм. Төв аймгийн эмнэлэгт цус, шүлс, ялгадас зэргээс шинжилгээ авсан. Аймгийн эмнэлгийн шинжилгээний хариу гарсан гэсэн. Найман хүнд вирус илэрсэн байсан. Тухайн шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Харин хүмүүст яг ямар шинж тэмдэгтэй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан.

-Хэдэн насны хүмүүс вэ?

-25-35 насны хүмүүс байсан. Одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүний гурав нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй хүмүүс байна.

-Төв аймгийн эмнэлгээс хэзээ ХӨСҮТ ирж хэвтсэн бэ?

-Хагас сайн өдөр шинжилгээ өгөөд, эмчилгээ хийлгэчихээд гэр гэртээ харьсан. Туайн үед хүнд хордсон гэдгээ хэн ч мэдээгүй, бүгд гэрээр эмчилээ хийлгэсэн. Манай ажлын нэг хүн өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн чинь "Хордлого чинь элэг рүүгээ орсон байна. ХӨСҮТ рүү оч” гэж хэлсэн байсан. Тэгээд бүгд өчигдөр ирж хэвтсэн.

-Одоо яг ямар оноштой хэвтэж байна вэ?

-Гүн хордлого гэсэн оноштой хэвтэж эмчлүүлж байна. Өдөртөө гурван эм ууж байна, бөөлжилтийн эсрэг судсаар дусал хийлгээд, шинжилгээ өгч, гүйлгэлтийн эсрэг эм уугаад байж байна. Өнгөрсөн тав дахь өдөр нарийн шинжилгээ өгсөн, хариу нь одоогийн байдлаар гараагүй байна.

-Хордсон хүмүүсийн нүүрэн дээр идээт үрэвсэл гарч, бие нүүр гар нь шарласан гэсэн?

-Тийм. Ихэнх хүмүүсийн гар, нүүр, бие шарласан. Зарим хүмүүсийн бие тэр чигтээ шарласан байгаа. Нүүрэн дээр гарсан идээт үрэвсэл нь одоо болтол байна. Яг юунаас болж шарлаж, идээтэй юм гардаг учрыг эмч нар хэлээгүй. Ямар ч байсан уушги, элэг рүүгээ хордлого нь орж хүндэрсэн гэсэн. Нарийн зүйлийг нь шинжилгээний хариу гарахаар хэлэх байх.

-Цайны газрын чинь хүмүүс ямар нэгэн тайлбар хэлж, та нартай ирж уулзсан уу?

-Өнөөдөр захирал менежер хоёр нь ирж уулзаад явсан. Онцын зүйл яриагүй "Яаж байна?  Нэг хүн хэвтэж байгаа гээд ирсэн олон хүн хэвтэж байгаа юм байна” гэж байсан. Харин менежер нь 10500-гийн хоол 5500-гийн хоол хоорондоо орц, найрлагын ялгаатай шүү дээ гэх мэтээр доромжлох өнгө аястай хэлсэн. Манай байгууллагатай ямар нэгэн харилцаа тогтоогоогүй.

-Танай компанийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай захирал ирж уулзаад явсан. Шинжилгээний хариу хүлээж байна, хариу дээр үндэслэн цаад компанитай хариуцлага тооцож арга хэмжээ авна гэсэн.

medee.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.