Ким Чен Ун архи хэтрүүлэн хэрэглэх болжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун сүүлийн үед нэлээд бухимдалтай байх болсон. Тэрчлэн үүнээс шалтгаалан архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болсон гэж Японы хэвлэлүүдэд бичжээ.
Тэдний уламжилснаар залуу удирдагч архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цэргийн дарга нартаа харгис тушаал өгөх нь эрс нэмэгдсэн байна. Ким Чен Уныг архи хэтрүүлэн хэрэглэсэн үед цэргийн дарга нар маш их айдастай байдаг болсон. Өөрөөр хэлбэл, удирдагч ямарч шийдвэр гаргаж болзошгүй гэнэ.
"Та нар хэн ч биш. Цэргийн хиймэл дагуул үйлдвэрлэх боломжтой байсан ч чадаагүй учраас эх орноосоо урвасан гэсэн үг” хэмээн өнгөрсөн есдүгээр сард Ким Чен Ун согтуу байхдаа нэгэн албан тушаалтанг зэмлэж, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч ухаарах хүртэл илтгэл бичих шийтгэл оногдуулжээ.
Ким Чен Ун хурал дээр унтсан Батлан хамгаалахын сайдаа цаазаар авсан тухай мэдээ нийтлэгдэж байв. Тэрбээр энэ явдлыг "Хурал дээр унтах нь түүний шийдвэрийг эсэргүүцсэнээс ноцтой үйлдэл” хэмээн тайлбарласан байдаг.
Олон улсын зүгээс БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ аваад байгаа, тус улсын цөмийн хөтөлбөр нь зогсонги байдалд орсон зэрэг нь Ким Чен Уныг бухимдлыг нэмж, тэрбээр архи хэтрүүлэн хэрэглэх болсон гэж барууны хэвлэлүүдэд тайлбарлаж байна.
Т.Мунаа