А.Шоовдор та “Хөтөл” ХХК гэж хулхи компанийн талаар тайлбар хийнэ үү?
Монголд ер нь хууль хяналтын байгууллага гэж байна уу, хууль хэрэгждэг үү гэж асуумаар олон л үйл явдал өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буурсан хэрэг явдлын цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байгаа хэмээн хамгийн чанга дуугаар хэлээд байгаа хүн бол Ц.Нямдорж гишүүн. Сүүлдээ ч түүний амнаас Эрдэнэттэй холбоотой үг унахаа байв. С.Эрдэнэ түүний хүү Н.Анхбаярыг Эрдэнэтэд шахаа хийж байсан гэх асуудлыг хэлж яриад суух болов. Цэвэр амьтан олоход ч бэрх энэ цаг үед.
Нөгөөх хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдэж байгаа Д.Эрдэнэбилэг нь ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга. Тун удахгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байгаа гэгдэж бсайсан.
Ямартай ч Эрдэнэтийн асуудал ийн дэгдсэнтэй зэрэгцэн Монголын улстөр, бизнесийн талбар гэж бие биенээ хэрсэн аалзны тор гэдэг нь, ашиг сонирхол, уулзах цэг нь давхцдаг бүлэглэлүүд хүчтэй гэдэг нь улам бүр харагдаж байгаа гэхэд болно. Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ Д.Эрдэнэбилэг эзэн суугаад байгаа Эрдэнэт үйлдвэр болоод Хөтөл цемент шохойн үйлдвэр хоорондын нууц гэрээг дэлгэсэн. Гэтэл "Хөтөл” ХХК, "Кью Эс Си”ХХК гэсэн хоёр компани Эрдэнэт үйлдвэрт Белаз машинууд шахахаар хүсэлт гаргасан баримтууд ил болсон билээ.
Гол нь энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь "Хөтөл” ХХК-ийн захирал М.Бөх-Очир гэгч нь А.Шоовдор даргатай "Цемент шохой” ХК-ийн хангамжийн газрын дарга нэгэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр Эрдэнэтээс идэж уухын тулд бүх л нүх сүвээ ашиглан дайрдгийг эндээс харж болохоор байгаа юм.
Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр "Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн "Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж тэр мэдэгдсэн. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр улсад төлдөг татварынхаа хэмжээг гэнэт бууруулсны учиг шалтгаан нь энэ мэт нууц гэрээнүүдтэй холбоотой байх магадлалтай гэж Дэд дарга Ц.Нямдорж үзээд байгаа юм.
За харин А.Шоовдор гэж өмнө нь төрийн өмчийг хувьдаа шилжүүлсэн гэх асуудлаар шалгагдаж байсан нөхөр хэлэхдээ "Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү… Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг "Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан. Үүнийг бид зогсоож чадсан” хэмээн ярьсан байгаа. За мөн өөрийгөө Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна хэмээн ярьсан байгаа юм. Тэгэхээр Хөтөлийн "Цемент шохой” үйлдвэр хэдийдээ ч хувьд оччихсон юм бэ гэдэг асуудал энд гарч ирж байна. Эрдэнэт рүү белаз шахахын тулд Хөтөл ХХК гэхчлэн хулхи компани байгуулсан уу гэдэг асуудал бас гарч ирж байгаа юм.
Тэгэхээр хувийн үйлдвэрт ажиллаад жаргаж байгаагаа ярих болсон А.Шоовдор дарга Хөтөл ХХК болоод захирал М.Бөх-Очирын талаар тайлбар хийвэл таарах мэт. Хуулийн байгууллаг уг асуудлаар А.Шоовдороос тайлбар авах учиртай мэт, учиг тэнд байгаа мэт л харагдаад байна даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.