Б.Чойжилсүрэн сайд аа, Монгол Улс хувийн компани тань биш

2

 Сангийн сайд болмогцоо ОУВС-ийн төлөөлөгчийг найзын хувиар утасдаж дуудаад ард түмнийхээ бүсийг чангалахаар тохиролцсоны үр дүнд 5.5 тэрбум ам.доллар зээлэхээр болсон Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хэлэх үг байна.

Нэгдүгээрт: Сангийн яам бол таны хувийн компани биш. Сангийн сайд гэдэг албан тушаал ч захирлын суудлаас өөр гэдгийг ухаарах хэрэгтэй болов уу. ОУВС-тай ажлын хэсгийн түвшинд хэлэлцээр хийж болох ч УИХ хийгээд Засгийн газарт асуудлаа танилцуулалгүйгээр шууд олон нийтэд мэдээлэх нь байж болохгүй асуудал. Таны ярьсанчлан ард иргэдийнхээ бүсийг чангалах арга хэмжээ авч чадаж, төсвийн сахилга баттай гэдгээ баталчихвал өөрийн чинь нэрлэснээр найз тань гэгдэх ОУВС-ийн төлөөлөгч эхний ээлжний зээлийг шилжүүлж болно гэдгээ мэдэгдсэн. Үүнд:

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх

-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх

-Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх

-Цалин нэмэхгүй байх

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа. Энэ бүх асуудлыг Төсвийн тодотголд оруулж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай асуудал одоо л хөндөгдөж байгаа нь УИХ дахь бүдүүн бүлэг дотооддоо ямархан хагаралтай байгааг илтгэж байгаа юм.

Хоёрдугаарт: Ард түмний хоолой дээр хутга тавихын оронд албан тушаалтнуудын тансаглалыг танах замаар төсвийн хэмнэлтийг хийх боломж байсныг УИХ-ын гишүүдээс эхлээд ард иргэд хүртэл хэлж байгаа. Дэд сайдаас эхлээд төрийн албан хаагч нарын тоог цөөлөх бүх л арга чаргийг хамтдаа хайсан ч харамсалтай нь тэдний үгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нохой хуцсан чинээ тоосонгүй. Тэр бүү хэл, УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОУВС-аас зээл авахгүйгээр төсвийн хэмнэлт хийх зарчмаар эдийн засгийг сэргээж болох байсан талаар эсэргүүцлээ илэрхийлж, мэдээлэл хийгээд амжсан.

Гуравдугаарт: ОУВС-ийн дүгнэлтэд "Уул уурхайгаас хараат Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом унасан нь эдийн засгийн зогсолтод гол нөлөө үзүүлсэн” гэж байгаа. Тэгвэл өнөөдөр нүүрс, зэсний үнэ нэмэгдэж, урд хөршийн нүүрсний хэрэглээ хэдэн тэрбум тонноор нэмэгдэж байна. 35 ам.доллараар борлуулагдаж байсан 1 тонн нүүрс 65 ам.долларт хүрч үүнээс ч илүү үнэд хүрэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцолсон. 1 тонн нь 4000 ам.доллар байсан зэсийн үнэ 6000 ам.долларт хүрчихлээ. Цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байгаа. Эдийн засгийг зогсонги байдалд оруулсан гэгдэх шалтгаан нь үгүй болж, түүхий эдийн үнэ өсөж байхад бүх зүйл уруугаа харсан байгаа мэтээр ард түмэндээ ойлгуулж, Чингис бондоос даруй 3 дахин их хэмжээний өрийг тавих гэж байгаа тань ямар учиртай вэ, Сангийн сайд аа. Энэхүү мөнгийг ямар нэгэн бүтээн байгуулалт бус зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэж байгаа тань улайм цайм луйвар бус уу. Монголын ард түмэн улстөрчид та бүхний тансаглалын өрийг төлөхөөс татгалзаж байна.

 

Эх сурвалж:tonshuul.mn У.Жанцан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл