Дарга нарын "тансаглал"-ыг зогсооно гэж зоригтой дуугарлаа, одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй
Өчигдрийн олон нийтийн ярианы сэдэв бол дарга нарын цалинг хасах явдал байв. Тодруулбал, Агентлагийн даргаас Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтны цалинг 30 хувь бууруулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. Мөн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын цалинг 30 хувиар бууруулна. Үүнээс гадна дээрх албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ болон тавилгын зардлыг 30 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа аж. Зөвхөн утасны хэрэглээг 30 хувиар бууруулахад жилдээ 100-200 сая төгрөг хэмнэх боломжтой гэх мэдээллийг Сангийн яамнаас өглөө.
Дарга нарын цалин, тансаг хэрэглээг танах нь зарим хүмүүст маш ихэд таалагдаж байгаа бол зарим нэг хүмүүст хүндээр тусч байх шиг байна. Гэхдээ нийгэм тэр чигтээ дарга нарын илүү зардал болон тансаг хэрэглээг бууруулж байгаад талархаж байна.
Ер нь ямар ч Засгийн газар болон Ерөнхий сайд цалин тэтгэвэр, нийгмийн халамжаас татгалзана хэмээн ам бардам дугарч чаддаггүй. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ бүгдээс татгалзаж улс орныхоо эдийн засгийг аварч үлдэхээр шийджээ. Хамгийн гол нь тун удахгүй өргөн баригдах төсвийн тодотголдоо энэ бүхнээ 100 хувь багтааж УИХ-аар дэмжүүлэх л хэрэгтэй. Өнгөрсөн жил Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яг ийм асуудлыг ярьж баахан "шоудсан" ч харамсалтай нь олонх уг асуудлыг УИХ дээр унагасан түүхтэй. Энэ удаа түүх давтагдахгүй гэх газаргүй. Гэхдээ дампуурлын ирмэгт тулж ирээд буй эдийн засгаа аварч үлдэхийн тулд тансаг хэрэглээнээсээ татгалзахыг гишүүд дэмжих байх.
Монгол Улсад нийт 180 гаруй мянган төрийн албан хаагчид ажилладаг гэсэн тоо байдаг. Үүнээс 100 гаруй нь эмч, цагдаа, багш нар байдаг билээ. Харин эдгээр хүмүүсийн цалингийн асуудлыг хөндөж хасалт, таналт хийж бүсийг нь чангалахгүй байхаар Ерөнхий сайд шийдсэн бололтой. Ямартаа ч гарсан санаа нь зөв байлаа. Одоо харин хэрхэн хэрэгжүүлэхийг нь хамтдаа харах л үлдлээ.
Ч.Ган