СУНГАА, СУНГАА БАС ДАХИН СУНГАА
Сунгаагаар "занималдах” болсон Ардчилсан намын дотоод сунгаа хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй болж өндөрлөлөө. Өнөдөрлөвч гэж дээ, одоо л тэмцэл нь эхэлж байна. Намын даргаа сонгохоосоо эхлээд ҮБХ-ны гишүүд, нийслэл, аймаг, дүүрэг, сумын намын дарга нараа сунгаагаар тодруулсан Ардчилсан намын шинэ удирдлага өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Тэр хурал дээр С.Эрдэнэ дарга "С.Баярцогтын тухай гишүүдээс санал, гомдол ирсэн учир өрсөлдөх эрхийг нь түдгэлзүүлсэн” хэмээн мэдэгдлээ. С.Баярцогт уг нь АН-д хэрэгтэй "кадр”. Даанч "оффшортон” гэсэн хар шошго нь түүнийг муухай харагдуулж байна. Үндсэндээ З.Энхболдын УИХ-ын ялагдлын шалтгаанаа С.Баярцогтод нялзаадаг шиг л юм уу даа, янз нь. Нөгөө өнцөг нь гэвэл С.Баярцогттой өрсөлдсөн "Шонхор” фракцийн нөхөр ялагдчих гээд байсан учраас түүнийг албан хүчээр татсан хэрэг. С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын шинэ удирдлага энэ мэтээр лидерүүдээ лойдорын түвшинд унагаад байвал удаан тэсэхгүй л болов уу. Мөн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Ардчилсан намын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй” гэж хэлсэн нь далдуур С.Баярцогтыг баяртай гээд хэлчих шиг боллоо. Арга ч үгүй биз. Улс орон даяараа оффшорын эсрэг тэмцэж байхад намдаа байгаа оффшорчин нөхрийн толгойг элээд намынхаа удирдлагад оруулчихвал С.Эрдэнийн толгойны өвчин нэгээр нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр эсрэг нам болох МАН-ын дарга М.Энхболд нь оффшортнуудад нударганы амт үзүүлэхээр нэгэнт шийдчихсэн байхад С.Эрдэнэд гарах гарц байхгүй. Гэхдээ л С.Баярцогт дуугүй хасагдаад өнгөрөх хүн лав биш. Тэр С.Эрдэнийн эсрэг, түүнийг унагахаар ямар нэгэн хор найруулж л суугаа. Түүнд нь хэн дэмжлэг үзүүлэх вэ гэхээр Н.Алтанхуяг тэргүүтэй, Ч.Сайханбилэг удаатай "Алтан гадас”-чууд...
Ялангуяа намын даргын суудлаа Ерөнхий сайдын албан тушаалтайгаа алдсан Н.Алтанхуяг сэтгэл дотроо их уур хилэн тээж яваа. Энэ уур хилэнгээ хэд хэдэн удаагийн хэвлэлийн хурлаар гаргаад авсан. Тиймдээ ч намын даргад өрсөлдөж, "Шонхор” фракцийнханд далаараа цэвэр тавиулсан ч гандан буурахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх санаархал тээж яваа нь З.Энхболд, С.Эрдэнэ хоёрын толгойны өвчин болчихоод байна. Эсрэгээрээ "Шонхор” фракцийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын дургүйг маш ихээр хүргэж байгаа. Энэ бүх нам доторх богино зайн улстөр нь эргээд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэсэн пирамидыг босгох хүчин зүйл болж мэднэ. Хэрэвзээ энэ гурав эргээд нэгдвэл З.Энхболд, С.Эрдэнэ хоёр буланд шахагдаж буцах хаяггүй, буух газаргүй болж мэдэх юм. Дээрээс нь дотоод сонгуулийн гадна үлдсэн хэсэг нэр нөлөө бүхий гишүүд нь ороод ирвэл бүр ч хэцүү болно, "Шонхор”-ынхонд...
УИХ-ын сонгуулиас хойш сунгаадсан АН-ынханд С.Эрдэнэ даргын хэлснээр дахиад нэг сунгаа бий. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгаа. Дэнчин мөнгө нь хэд байх нь одоохондоо тодорхой болоогүй байна. Бодвол Монгол Улсын номер нэгийн төлөө өрсөлдөхийн тулд 500 саяас нэг тэрбум төгрөг яригдах болов уу хэмээн гишүүд нь шивнэлдэж сууна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхийн тулд таван намын дунд, фракцуудын хооронд багагүй зодоон болно. Энэ зодоонд ялсан фракц нь "Шонхор”-ынхноос сонгуулийн дараа намын удирдлагыг булаах нигууртай. З.Энхболд, С.Эрдэнэ хоёр сунгаанаас сунгааны хооронд дэвж байх зуур нөгөө хэдэн фракц нь нэгдэн нийлж өөрсдийг нь унагаах "барборис” төлөвлөгөө боловсруулж байгааг мэдээгүй л байх даа. Ардчилсан намаа гэж... Тэмцэл, талцал нь хэзээ ч дуусахгүй юм даа.
С.НЭМЭХ
Сэтгэгдэл байхгүй байна.