Хорт хавдраасаа илүүтэй айх айдас нь аюул болоод байна
Дэлхий дээр ходоодны хорт хавдар тохиолдлоороо тавдугаарт жагсдаг ба нас баралтаар гуравдахь үндсэн шалтгаан болсоор байна. Жил бүр нэг сая орчим хүн шинээр өвдөж байна. Буруу хооллолт, давсны өндөр хэрэглээтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар нэгдүгээрт бичигдэн тэргүүлж байгааг нь орхиж боломгүй асуудал. Иймээс Хавдар судлалын үндэсний төв ходоодны хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, стратеги боловсруулах бэлтгэл ажил эхлүүлээд байна. Уг хөтөлбөрийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа.
-Ходоодны хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх болсон. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Дэлхий дахинд хорт хавдар тахал мэт болоод байна. Хавдраар өвчилж нас барсан хүний тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Харин манай улсын хүн амын нас баралтын нэг дэх шалтгаан нь зүрх судасны өвчин бол хорт хавдар хоёрдугаарт бичигдэж байна. Манай орон ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг.
Тухайлбал, өнгөрсөн жилийн хувьд ходоодны хорт хавдраар 900 орчим хүн өвчилсөн. Үүнээс гуравны хоёрыг нь эрэгтэйчүүд эзэлж байна. 2008-2012 оны байдлаар 100 мянган хүн тутамд ходоодны хорт хавдрын 32.4 тохиолдол бүртгэгдсэн. Эрэгтэйчүүд 35.8, эмэгтэйчүүдийн 11 тохиолдлоор өвчилсөн байдаг. Хавдар үүсэхэд хелико нянгийн халдвар, хүнсний аюулгүй байдал гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Зарим хүн ходоодны хорт хавдар сэтгэл санаанаас болдог гэдэг. Гэтэл тохилог сайхан амьдралтай Өмнөд Солонгос дэлхийд тэргүүлдэг нь хоол хүнстэй түлхүү холбоотой болж тайлбарлагддаг.
Увc аймаг ходоодны хорт хавдраар тэргүүлдэг
-Хавдрын гол үүсгэгч нь хеликобактери гэж ойлгож болох уу?
-Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн давсыг хэтрүүлэн хэрэглэснээр уг өвчнөөр өвдөх магадлал улам ихсэнэ. Ходоодны аль ч хэсэгт хорт хавдар үүсэж болох ба хожуу үед бусад эрхтэнд үсэрхийлж тархдаг. Ходоодны хавдрын эхэн үед эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд дурангийн шинжилгээгээр өөрчлөлт бүхий хэсгээс эдийн шинжилгээ авч хавдрыг оношилдог.
-Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээ таван граммаас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл монголчууд өдөрт 11.1 грамм давс хэрэглэдэг. Нийт хүн амын 83 хувь ингэж хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жишээлбэл, Увс аймгийн давсны хэрэглээ 16 грамм ба түүнээс ч дээш. Иймээс давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй бөгөөд бага насны хүүхдэд чипс мэт бусад давслаг, давсалсан хоол хүнс өгч дасгахгүй байхаас эхлэх хэрэгтэй. Учир нь чипсэнд давс их хэмжээгээр агуулагддаг.
-Элэгний өвчлөлийн эсрэг гаднын байгууллагын тусламжаар иргэдээ хөнгөлөлттэй эмээр эмчилж байна. Тэгвэл үүнтэй адилаар ходоодны хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулах боломж хэр байгаа вэ?
-Та бидний амьдрал, орчин нь тайван, амьдрахад нэн таатай гэж ярьдаг Дани, Норвеги, Франц, Швед, Австрали, АНУ зэрэг оронд хавдрын өвчлөл 100 мянган хүн тутамд 300-аас дээш байдаг. Эдгээр орнуудын суурьшмал хөгжлийн замналаар явж байгаа учраас манай орны хувьд ч хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай гэж харагддаг.
Монголд одоогоор 199.3 тохиолдол ногдож байна. Бидний хэтийн зорилго бол барууны орнуудад ийм өвчлөл их тохиолддог ч гэсэн нас баралт маш бага байдаг. Учир нь хавдрын эрт илрүүлэлтийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлдэг учраас бодитой үр дүн гардаг юм. Тиймээс элэгний өвчлөлийн эсрэг авч буй арга хэмжээтэй адил аль болох иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэлгүй боломж бололцоогоороо хөнгөлөлт үзүүлж, ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх ажлыг үр дүнтэй хийхээр зорьж байгаа.
-Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийн ач холбогдол нь?
-Ирэх жилээс орон даяар ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх ажлыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байна. Харин энэ жил өвчлөлийн мэдээ, мэдээллийг түгээх, таниулах ажлыг зохион байгуулж байна. Ерөнхийдөө нэгдсэн нэг төлөвлөгөө гаргаад ажиллавал хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой. Гэхдээ хорт хавдраар өвчлөхгүй байна гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Хамгийн гол нь эрт үед нь илрүүлж, эмчилсэн тохиолдолд амь насаа алдахгүй байх боломж бий.
-Манай улсын хувьд ходоодны хожуу үед нь илрүүлдэг учраас мэс засал хийхээс өөр сонголтгүй болдог гэсэн. Эрт илрүүлэх хөтөлбөрийн хүрээнд юу хийх вэ?
-Өнгөрсөн олон жилүүдэд өвчлөл нас баралтыг бууруулахад дорвитой өөрчлөлт гараагүй гэхэд хилсдэхгүй. 20-иод жилийн өмнө 1997 онд Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталж байлаа.
Өнгөрсөн жил зөвхөн ходоодны хорт хавдраар 900 хүн өвчилсөн
Тухайн үед Монгол оронд таван төрлийн хавдар элбэг тохиолддог байсан бөгөөд 70, 80 хувь нь хожуу үедээ оношлогдож, амь насаа алддаг эмгэнэлтэй дүр төрхтэй байлаа. Тэгвэл өнөөдөр энэ байдалд ямар ч өөрчлөлт, ахиц дэвшил гараагүй. Тиймээс энэ салбарт хамгийн чухал зүйл бол хавдрын эрт илрүүлэлт болон урьдчилан сэргийлэх асуудал шаардлагатай байгаа юм. Тэгэхээр иргэд, мэргэжлийн эмч, байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, улстөрчид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тиймээс энэ жилээс эхлэн ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа.
-Хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?
-Уг өвчнөөс сэргийлэхийн тулд нийгмийн дунд буй хавдар бол үхэл гэсэн буруу ойлголтыг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Үнэндээ хорт хавдраасаа илүүтэй хавдраас айх айдас бас нэг аюул болоод байна. Хэрвээ хавдрыг эрт үед нь илрүүлчихвэл амь насаараа хохирохгүй. Тиймээс олон нийт үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Эрт илрүүлэлтийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж, өөрсдөө идэвхитэй оролцоосой гэж хүсэж байна.
-Нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутагт ходоодны хорт хавдрын өвчлөл ямар байна вэ?
-Дэлхийн хэмжээнд авч үзвэл БНСУ уг өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Харин манай улсын 21 аймгийн хүрээнд эрс тэс зураг гарч ирдэг. Хэрвээ 100 мянган хүн амд гэсэн байдлаар авч үзвэл 2008-2012 онуудад Увс аймаг 80.7 тохиолдлоор тэргүүлсэн байдаг. Гэтэл Хэнтий аймагт 11.5 тохиолдол байх жишээтэй. Улсын дундаж 32.4 тохиолдол. Ер нь баруун аймгууд хамгийн өндөр өвчлөлтэй болох нь тогтоогдсон. Энэ нь мэдээж давсны хэрэглээ их байгаатай холбоотой.
Г.Оюунтөгс
Сэтгэгдэл байхгүй байна.