Орон нутгийн иргэдэд тулгамдсан асуудал их, амьдрал хэцүү байна
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн 21 аймаг даяар давалгаалж эхлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Дархан-уул, Ховд, Орхон, Хэнтий, Дорнод, Төв зэрэг аймгуудад буй "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн үйл ажиллагаа идэвхитэй өрнөсөн бол энэ долоо хоногт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгуудад үргэлжилж байна. Энэ үеэр Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулах, жагсаалтын судалгааны санал асуулга авч, иргэдийн санал бодлыг сонсох, уулзалт лекц гэх мэт өргөн хүрээтэй арга хэмжээ болж байна. Уулзалтанд нутгийн иргэд идэвхитэй оролцож өөрсдийн санал сэтгэгдлээсээ хуваалцаж байсан юм. Иргэд "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, орон нутагт амьдрал хүнд, асуудал их байгааг онцолж байлаа. Тухайлбал, шударга бус байдал бүхий л шатанд газар авч, бие биедээ үл итгэсэн, талцсан, хуваагдсан бужигнаантай байдал бий болсон, эдийн засгийн хямрал амьдралд нь хүндээр тусч байгаагийн зэрэгцээ эрх мэдэлтнүүд нийгмийн баялгаас хулгайлж, хумсалж байгаад иргэд бухимдалтай байсан юм. Энэ байдлаас хэрхэн гарч болох талаар иргэдийн саналыг сонсоход "Шат шатанд шургалсан хулгайч нараас хамгийн түрүүнд салах хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.