Уул уурхайн сөрөг нөлөөнд их өртөж байгаа нь ашгаа хүртэх ёстой
Манай улсын төсвийн орлогын 30 орчим хувь дан ганц уул уурхайн салбараас орж ирдэг. Тэгвэл энэ их ачааг аль аймаг, сум үүрч байна гэдэг өөрөө сонин асуулт. Уул уурхайн олборлолт хийнэ гэдэг тухайн аймаг, суманд тоосжилт, цөлжилт, малын бэлчээрээс эхлээд иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байдаг. Гэтэл уул уурхайн компаниудын төлж байгаа татварын 97-98 орчим хувь нь улс, 2-3 хувь нь аймаг, үлдсэн нэг хүрэхгүй хувь нь сумын төсөвт ноогддог байна.
Өөрөөр хэлбэл баялгийнхаа үр шимийг хамгийн ихээр хүртэх ёстой, уул уурхайн олборлол, үйлдвэрлэлийн нөлөөнд шууд болон дамаар өртөж байгаа хэсэг нь орон нутагт уул уурхайтай байсны ашгийг хүртэж чадахгүй байгаа юм.
Үүнтэй холбоотой нэг сонирхол татах жишээ иш татъя. Төв аймаг улсын хэмжээнд хамгийн олон буюу 391 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнийг нь 236 компани эзэмшдэг. Өнгөрсөн онд Монгол банкинд компаниуд 13 тонн алт тушаасан байдаг. Тэгвэл Төв аймгийн Заамар сумын алтны компаниуд өнгөрсөн онд 2,4 тн алт олборлосон байна.
Монголбанкны нэг жилд худалдан авсан алтны 18 орчим хувийг дан ганц Заамар сумаас олборлосон гэсэн үг. Ингээд ч зогсохгүй тус аймгийн Сэргэлэн сумын зургаан компани гэхэд 100 кг алт олборлосон байх жишээтэй. Энэ мэтчилэн, Төв аймгийн Жаргалант, Баян гэх мэт нийт таван суманд алтны компаниуд олборлолт явуулж, 100 тэрбум төгрөгийн татвар, төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ бол энгийн нэг жишээ. Үүний цаана Төв аймагт ашиглалтын 250 орчим, хайгуулын 96 тусгай зөвшөөрөл бий гээд та бод доо. Энэ хэрээр уул уурхайн үйлдвэрлэл, олборлолтоос үүдсэн давуу гэхээсээ илүүтэйгээр сөрөг тал нь уул уурхайтай сумдад давамгай байгаа юм. Орон нутагт олборлолт явуулж, иргэдийн амьдрал ахуй, байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлчихээд, олсон орлогынхоо ихэнхийг улсадтушаачихдаг ийм жишиг байна. Улсын хэмжээнд Төв аймгийн дараа тусгай зөвшөөрлийнхөө тоогоор Дорноговь /358/, Өмнөговь /270/, Сэлэнгэ /213/, цаашлаад Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймаг бүтд 100 хол давсан дүн гарч байгаа юм. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 3118 хайгуулын болоод ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүний 1303 нь ашиглалтынх, 1815 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ЫН ажлын албаныхан өнгөрсөн онд есөн аймгийн есөн сумын иргэдэд мэдээлэл өгч, ажиллаад ирсэн. Ингэхдээ Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай, Баянхонгорын Галуут, Хэнтийн Норовлин, Дорнодын Баяндун, Дундговийн Баянжаргалант, Дорноговийн Даланжаргалан, Дархан- Уулын Шарын гол, Орхоны Эрдэнэтэд уулзалт зохион байгуулсан. Уул уурхайтай сумдад очиж, мэдээлэл өгөх төдий өнгөц ажиллаагүй уул уурхайнкомпаниуд, төр, иргэний нийгмийн төлөөлөл болоол иргэдийн хамтарсан гурвалсан уулзалтыг сум бүрт зохион байгуулсан. Энэхүү есөн удаагийн уулзалтад 650 орчим иргэн оролцож, уул уурхайн компаниуд хэдий хэмжээний татвар төлсөн, үүнийг нь орон нутгийн удирдлагууд юунд зарцуулсан зэргээ нарийвчлан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Уулзалтын үеэр гурван талт хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын лавлах ном”-ыг иргэдэд хүргүүлсэн. Туславлах номонд тухайн аймаг, суманд хэчнээн тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг, тэд төсөвт хэдий хэмжээний татвар төлсөн гэх мэт мэдээллийг багтаасан нь иргэдэд үнэхээр хэрэгтэй гарын авлага болж буйг онцолсон. Иргэд "Уул уурхайн үйлдвэрлэл явагдсанаар манай сум хөгжих үү, хаагдсаны дараа юу үлдэх вэ” гэсэн асуултад албаны эх сурвалжуудаас судалгаатай, бодитой мэдээлэл авахыг хүсч байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм.
Иргэд уул уурхайн салбарын мэдээллийг авахыг хүсдэг ч мэдээлэл хаалттай байдаг нь энэ үеэр авсан судалгаагаар нотлогдсон. Тодруулбал, иргэд уул уурхайн талаарх мэдээллээ 35 хувь телевиз, 28 хувь багийн хурал, уулзалт, 16 хувь танил хөршөөсөө авч байгаа бөгөөд мэдээллийн 70 орчим хувь нь сөрөг утга, агуулгатай байгааг судалгаанд онцолжээ. Тиймээс орон нутгийн иргэд гурван талын оролцоотой ОҮИТБС-ын өдөрлөг эсхүл, нээлттэй хаалганы өдөрлөг, уулзалтыг тогтмол хийж байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Өөр нэг ажиглагдсан зүйл нь, аль болох нээлттэй, мэдээллээ ил тод өгч байгаа газарт иргэд ам сайтай байдаг бөгөөд компаниудын үйл ажиллагааг нь эсэргүүцэх биш, суманд сургууль, цэцэрлэг барьж өгсөн, байгаль орчноо хамгаалдаг хэмээн хүлээн авч байгаа юм. Харин эзэн нь хаана хэдий хэмжээний татвар төлсөн нь тодорхойгүй хаалттай компаниудад иргэд таагүй хандаж байгаа нь уулзалтын үеэр анзаарагдсан. Дээрх уулзалтын үеэр Татварын ерөнхий газар, Төлсөн авснаа нийтэл эсвэл, Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын байгаль орчны зөвлөл гэх мэт төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд зарим сумын үйл ажиллагаанд оролцож мэдээлэл өгсөн юм. Харин тухайн аймаг, сумын санхүү хариуцсан мэдээлэл өгөх ёстой хүмүүс, цаашлаад уурхайнхан хойш сууж байсан тохиолдол багагүй байсан нь харамсалтай. Уул уурхайн ажил урт хугацаанд явах болохоор аль болох тухайн орон нутгийнхаа иргэдэдмэдээллээ нээлттэй өгч, аль болох хамтарч ажиллавал хаана хаанаа хэрэгтэй.
Нөгөө талаас уул уурхайн компаниудын төлж байгаа татварын яг хэдэн хувь тухайн аймаг, суманд хуваарилагдсан, үүнээсээ юу юуг санхүүжүүлсэн гэдгийг иргэдэд энгийн ойлгомжтойгоор мэдээлэл хүргэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгааг ОҮИТБС-ын ажлын албаныхан онцолж байна. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувийг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах, зарцуулах процесс тодорхойгүй байгааг иргэд хэлсэн билээ. Уул уурхайн үйлдвэрлэлтэй сумдад давуу тал үүсгэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан.
Энэ мэтчилэн ОҮИТБС-ын ажлын албаныхан орон нутагт зохион байгуулсан уулзалтууд иргэдэд тодорхой мэдээлэл өгч, энэ хэрээр сайн үг сонссон, түүнээс их хариулт нэхсэн асуудлууд байгаа нь харагдаж байна. Дашрамд дурдахад, ОҮИТБС-ын ажлын албаныхан энэ онд ”Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын II бүсийн чуулга, уулзалт”-уудаа Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь аймгийн төвүүдэд сумдын төлөөлөл, төр, иргэний нийгэм, иргэдийг урьж оролцуулан хийх гэж байна. Өнөөдөр гэхэд л Төв аймгийн Заамар,
Баянжаргалан, Сэргэлэн, Жаргалант, Баян сумынхны төлөөлөл оролцсон уулзалт Зуунмод суманд болж байна. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Уулзалтууд зөвшилцөл, мэдээлэл солилцож, эерэг үр дүнг дагуулах нь дамжиггүй.
Б.БАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/