Автобусаар үйлчлүүлэгчид хүн чанараа гээжээ
Ууртай, харилцааны соёлгүй, үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харилцдаг кондуктор хэмээх ажлын байр устаж, хүнээс ч ухаалаг, нягт нарийн тооцоо хийдэг цахим карт нийтийн тээвэрт нэвтрээд хэд хонолоо. Дэлхийн жишигт нийцсэн, дэвшил болж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн хэд хоногт энэ шинэчлэлийг дагаад хүний мөс, мөн чанартай холбоотой доголдол гарсан нь ажиглагдаж байна. Тодруулбал, цахим карттай иргэд бууж, суух бүртээ картаа уншуулж үйлчилгээ авсных нь хөлс данснаас нь цахим тооцоолуураар тооцогдон хийгдэж байгаа.
Харин карт аваагүй иргэд тусгай хайрцагт нэг удаагийн төлбөр болох 500 төгрөгийг хийсний дараа үйлчилгээ авна. Энэ байдлыг далимдуулсан иргэд ч 500 төгрөг төлөх байтал улаан цагаан 100 төгрөг шургуулсан болоод зорчих болж. Бүр мөнгө төлөлгүй дайран орж хэдэн буудлын дараа хээвнэг бууж одох тохиолдол ч ихэсчээ. Картгүй иргэд бүгдээрээ л ийм араншин гаргаж байгаа бололтой юм. Үнэндээ ахмад настнуудад л цахим үнэмлэхийг тараасан учраас нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын 80 орчим хувь нь мөн чанараа ийн харуулж байгаа бололтой. Харин тасалбар тасалдаг байхад мөнгөө өгөөгүй хүнийг өшигчиж, нүдсээр автобуснаас хөөж буулгадаг байсан кондукторууд үүнийг ёстой л хараагүй мэт өнгөрүүлэх болсон гэлцэнэ. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй болж, халаасанд нь мөнгө орохоо байсан учраас тэр. Үйлчлүүлэгчид хийгээд кондукторуудын мөн чанар ийм байна. Асуудалд анхаарахгүй удвал салбар санхүүгийн алдагдал хүлээж нийтийн тээврийн үйлчилгээ доголдож ч мэдэх. Өнгөрсөн өдрүүдэд Лондонгийн метро буюу нийтийн тээвэрт доголдол гарч тус хотын дөрвөн сая иргэн өнөөдөр ч ажилдаа ирж, буцаж чадахгүй байгаа нь асуудал хүндэрвэл нөхцөл байдал хэрхдэгийн жишээ биз.
Л.МӨНХТӨР