ЭХНЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АМИНД ХҮРЭЭД, ӨӨРИЙГӨӨ ЕГҮҮТГЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА

0

hereg

-АМИА АЛДСАН ХҮҮХДҮҮД 4, 6, 11 НАСТАЙ БАЙЖЭЭ-

Эрдэнэт хүний алтан амийг харгис хэрцгий аргаар хөнөөжээ гэх аймшигт мэдээлэл дунд бид амьдарсаар байна. Архидалт, ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшин, нийгмийн байдалтай холбоотой гарч буй жигшүүрт хэргүүдийн тоо улам бүр нэмэгдсээр. Бид мэдээлэх үүргийнхээ хүрээнд дахин нэг аймшигт хэргийн талаар та бүхэнд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Өнгөрсөн ням гаригт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан маш харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ талаархи дуудлага мэдээлэл өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнийн үүрийн 05:00 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг хэргийн газар очиход нэгэн айлын гэрийн эзэн ханилсан ханиа, мах цусны тасархай болон төрсөн гурван үрээ зэрлэгээр хөнөөгөөд, эцэст нь өөрийнхөө аминд хүрсэн байдалтай нөхцөл байдал тэднийг угтжээ.

Хэрэг явдлыг тодруулбал тус тоотод эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан 39 настай Х гэгч өөрийн гэр бүлийнхнээ онц хэрцгийгээр хөнөөгөөд, сүүлд нь амиа егүүтгэсэн байдалтай олдсон нь энэ аж.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг явдал гарах үед тус айлын 16 настай том охин энэ аймшигт аллагын газраас амь тэмцэн зугтаж чадсан байна. Улмаар энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээлсэн бололтой.

Төрсөн эцгийнхээ гарт харгислуулж амиа алдсан гурван бяцхан хүүхдүүдийн хувьд дөрвөн настай эрэгтэй П, зургаан настай охин Н, 11 настай охин Н нар байсан аж. Эхнэр нь 39 настай Н гэх эмэгтэй байсан бөгөөд архидалттай холбоотойгоор гэр бүлийн маргаан үүссэнээс үүдэлтэй ийм эмгэнэлт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.

hereg

-ТАЛИЙГЧ ЭМЭГТЭЙ ТҮК-Д АЖИЛЛАДАГ БАЙЖЭЭ-

Бид хэрэг явдал болсон газар буюу Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Нарангийн энгэрийн хогийн цэг орчимд байх айлыг зорилоо. Биднийг очиход тухайн айлын гэрийн үүд болон хашааны зайг цагдаагийнхан гэмт хэргийн газрыг битүүмжилдэг туузаараа битүүмжилсэн байв.

Ойр орчимд байх айлуудаас ийм хэрэг гарсныг мэдсэн эсэхийг асуухад "Өчигдөр үүрээр цагдаагийн машин дуугараад яваад байсан. Ийм хэрэг болжээ. Үнэхээр харамсалтай хэрэг гарчээ. Тодорхой зүйл мэдсэнгүй. Энэ айлд ямар хүмүүс амьдардаг байсныг ч сайн мэдэхгүй” гэх мэтчилэн хариулж, тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Харин тус айлын яг хажуугийн хашаанд хамаатных нь айл байдаг гэдгийг дуулаад уулзахаар очсон ч бидэнтэй уулзахаас татгалзсан юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, нөхрийнхөө гарт гурван хүүхдийн хамт амиа алдсан эмэгтэй алуурчин этгээдтэй нэг хүүхэдтэй байхдаа гэр бүл болж, хамт амьдарч эхэлсэн. Дагавар хүүхэд нь гэмт хэргийн үед зугтаж гарсан 16 настай охин гэх мэдээлэл байна. Мөн талийгч эмэгтэй Нийслэлийн тохижилт үйлчилгээний компанид ажилладаг байжээ. Бид энэ аймшигт хэргийн талаар дахин мэдээлэх болно.

Б.ЦЭЛМЭГ

hereg

hereg

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.