Улсын аварга Ч.Санжаадамба: Хөлийн цэцийн шийдвэр миний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийлээ
Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын тавын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжадыг амлаж барилдсан ч өвдөг шороодсон.
Хоёр бөх тун ойролцоо унасан ч хөлийн цэцүүд аймгийн арслан Г.Ганжадыг давсан гэж тооцсон юм. Ийнхүү Г.Ганжад улсын начин болж, улмаар зургаагийн даваанд улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодлоо.
Харин Ч.Санжаадамба аваргын хувьд тун харамсалтай барилдаан болсон бөгөөд хөлийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, наадмын ногоон дэвжээндээ эсэргүүцэл үзүүлсэн ч амжилт олсонгүй. Телевизийн удаашруулсан бичлэгээр Г.Ганжадын тохой аваргаас түрүүлж хүрсэн нь тодорхой харагдсан ч бөхийн цэц шийдвэр гаргахдаа бичлэг ухрааж үзэх дүрэм байдаггүй юм байна. Ч.Санжаадамба аварга хэдийгээр давсан гэдгээ илэрхийлж, есөн хөлт цагаан тугаа тав дахиа тойрсон боловч зургаагийн даваа эхэлснээр аргагүйн эрхэнд дэвжээг чөлөөлсөн юм. Ингээд дээлээ өмсөн эргэхдээ тун гомдолтой байгаагаа илэрхийлж, хэвлэлд яриа өглөө. Тэрбээр "Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс дахин барилдуулах шийдвэр гарах болов уу гэж хүлээцтэй хандсан. Тийм учраас унасан бөхтэй хамт дэвж гүйсэнгүй. Ингээд удаашруулсан бичлэгээс харахад би яах аргагүй давсан байна. Гэтэл бөхийн цэц буруу шийдвэр гаргалаа. Миний бүтэн жилийн хөдөлмөрт ингэж хайнга шийдвэрээр хандсанд бухимдаж байна" гэсэн юм.