Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Цэдэвийн Содномдорж төрийнхөө Их баяр наадамд түрүүллээ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Цэдэвийн Содномдорж харцага
Хамгийн олон дэмжигчтэй бөхийг нэрлэвэл хамгийн түрүүнд Со харцагыг нэрлэнэ. Ямар ч бөхийн хувьд хамгийн Хатуу учраа. Олон жил үзэгч түмэн түүнийг өндөр цолонд хүрнэ гэдэгт итгэж найдлага тавьдаг.
Тэрбээр 2006 онд 20 насандаа Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол авсан ба дараа жил нь дахин түрүүлж хурц чимэг нэмсэн. Улсын наадамд 2009 онд Т.Өсөх-Ирээдүйтэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн бөх юм.
2011 онд 90 жилийн ойн барилдаанаар долоогийн даваанд Ч.Санжаадамбад маргаантай унасан байдаг. 2012 онд Ө.Бат-Оршиход, 2013 онд Б.Батмөнхөд, 2014 онд Б.Пүрэвсайханд тус тус өвдөг шороодож шөвгөрч чадаагүй. Тэрбээр 2015 оны баяр наадамд зургаа давсан ба Зааны даваанд наадмын түрүү бөх Э.Оюунболдод өвдөг шороодсон юм.
2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж ''Цогт гарамгай'' чимэг хүртсэн. Өнгөрсөн жил тэрбээр чансааг тэргүүлж, Цагаан сарын наадамд түрүүлэн өнгөтэй байсан ч долоогийн даваанд Б.Пүрэвсайханд өвдөг шороодсон билээ. Со харцагад түрүүлж үзээгүй томоохон барилдаан нь ганцхан Улсын наадам л үлдээд байсан. Үеийн бөхчүүд нь томоохон цолд хүрээд байгаа учир түүнд энэ жил цолоо ахиулах зорилго эн тэргүүнд бий. Энэ жилийн баяр наадмаар тэрбээр
Гурвын даваанд улсын харцага Т.Амартүвшинг
Дөрвийн даваанд аймгийн арслан О.Гантулгыг
Тавын даваанд улсын начин Л.Цэрэнтогтох
Зургаагийн даваанд аймгийн арслан Г.Ганжад
Долоогийн даваанд аймгийн арслан М.Бадарч
Наймын даваанд улсын харцага Н.Жаргалбаяр
Есийн даваанд улмын харцага Ө.Бат-Оршихийг тус тус даван түрүүлж үзээгүй ганц барилдаандаа түрүүлэн хотол олноо баярлууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.