Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн өнөөдрийн байдал, авах арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Үүнтэй холбоотойгоор хуралдаанаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
· Цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан барилга, танхимтай, орчин, хүний нөөц бүрдүүлэлтийг хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхлэх боломжтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судалж, сургалт эрхлэх зөвшөөрлийг шуурхай олгох,
· Яам, үйлдвэр, албан газар, аймаг орон нутагт тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулах чиглэлээр өмчийн хэлбэр үл харгалзан иргэн, хуулийн этгээдийн санаачилгыг хууль, тогтоомжийн хүрээнд бүхий л талаар дэмжих,
· Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах, харьяалах нутаг, дэвсгэрийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн барилга, засварын ажил, хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг улсын төсвийн төсөлд тусгуулах, гадаадын зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авахыг БСШУС-ын сайдад даалгалаа. Мөн иргэн, хуулийн этгээдээс цэцэрлэгийн зориулалттай баригдсан барилгыг хууль, тогтоомжийн хүрээнд худалдан авах судалгаа хийж, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Байгууллагын дэргэд цэцэрлэг, цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах ажлыг өргөжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дулааны III ба IV станц, Гэрлэх ёслолын ордон зэрэг байгууллага өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар засвар, тохижилтын ажил хийж байна. Эдгээрт нийт 225 хүүхэд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэг байгуулах асуудлаар яамдаас санал авахад таван яам цэцэрлэг байгуулах боломжтой гэсэн бөгөөд шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.