Улс төрийн нэг сенсааци сэдэв хаагдах шат руугаа орж байна. УИХ-аар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох Засгийн газрын саналыг зөвшилцөж, Ерөнхийлөгчид шилжүүллээ. Нэгэнт эхний санаачилгыг өөрөө гаргасан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцын томилгоог эцэслэн шийдэж, энэ өдрүүдийн сенсаацид цэг хатгах биз. Харин үүнтэй зэрэгцэн өөр нэгэн сэдэв сөхөгдөх ёстойг, сөхөх ч шаардлагатай байгааг тодотгоё. Тэр бол шүүх нь л шүүхээ хийх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, УИХ нь хууль тогтоох эрх мэдлээсээ хальж, шүүх засаглалын ажлыг хийж яваа тухай билээ.

Энэ талаар өчигдөр нийтлэлч Баабар "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын үеэр ч онцолсон. Тэрээр "Үндсэн хуулийн нийт агуулга дотор Монголын төр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах бие даасан гурван өндөрлөгөөс бүрдэх санаа бүрнээ бий. Гэвч үүнийг санаатай болон санаандгүйгээр ашиглан хууль тогтоох байгууллагын зүгээс Засгийн газрын ажилд байнга оролцон, өмнөөс нь гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсээр явсан төдийгүй сүүлийн үед шүүн таслах ажиллагааг өөртөө наалдуулжээ. "Эрдэнэтийн 49 хувийн асуудал” гэгч дээр УИХ гомдлоо шүүхэд гаргахын оронд өөрснөө шүүн тасалсан шийдвэр гаргаж буй нь үүний тод илрэл билээ” гэж онцолсон юм.

Тэгвэл түүний анхааруулж байгаачлан УИХ шүүх эрх мэдлийг булаан хэрэгжүүлсэн бас нэгэн тохиолдол Б.Хурцын томилгоотой өдөр зэрэг давхацсан. УИХ бол даваа гаригт намын бүлгүүд хуралдаж, мягмар, лхагва гаригт Байнгын хороод, пүрэв, баасан гаригт нэгдсэн чуулган хуралддаг. Энэ бүхнийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл батлан хэрэгжүүлдэг хуультай байгууллага. Гэтэл нэр бүхий гишүүд УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэгцэн "Нээлттэй сонсгол” гэж зохион байгуулсан нь шүүх эрх мэдэл рүү халдаж буй нэг хэлбэр болж буйг судлаачид хэлж байна. Юу гэхээр,  Өргөдлийн байнгын хороо Нийтийн сонсгол явуулах боломжгүй гэж үзсэн атал хуульд байхгүй "Нээлттэй сонсгол” гэдгийг нэр бүхий гишүүд зохион байгуулж, нэг ёсондоо Төрийн ордонд шүүх ажиллагаа зохион байгууллаа. Албан ёсоор тэнд ялын дүгнэлт уншигдаагүй ч албан бусаар нийгэмд ямархуу мэдээлэл хүрэв гэдгийг бодох ёстой. Нийгэмд л дуулианы эзэн Б.Хурцын асуудал гэж харагдаж байгаа боловч цаашид хэн нэгэн УИХ-ын гишүүний санаачилгаар хэн нэгэн жирийн иргэнийг "Нээлттэй сонсгол” нэрээр шүүдэг болчихвол юу болох вэ. Энэ удаагийн "Нээлттэй сонсгол”-оос Б.Хурц гэдэг нэрийг авч хаяад, өөр хэн нэгнийг орлуулаад бодоод үз дээ.

 Нийгэмд л дуулианы эзэн Б.Хурцын асуудал гэж харагдаж байгаа боловч цаашид хэн нэгэн УИХ-ын гишүүний санаачилгаар хэн нэгэн жирийн иргэнийг "Нээлттэй сонсгол” нэрээр шүүдэг болчихвол юу болох вэ. Энэ удаагийн "Нээлттэй сонсгол”-оос Б.Хурц гэдэг нэрийг авч хаяад, өөр хэн нэгнийг орлуулаад бодоод үз дээ.

УИХ-ын баталсан Нийтийн сонсголын тухай хууль байсаар атал "Нээлттэй сонсгол” гэдгийг хоёр, гуравхан гишүүн ярьж байгаад хийдэг, хамгийн гол нь тэрүүгээрээ хэн нэгнийг нийгэмд "ялладаг” болчихвол Үндсэн хуулийн суурь зарчим ч алдагдана. Үнэхээр тэр хүн буруутай бол шүүхэд өг, шүүх нь харин гэм буруутай эсэхийг нь шударгаар тогтоох ёстой шүү дээ. Энэ бол цагаан морин жилийн хувьсгалаар бидний сонгож авсан зам.