ЧИНГИС БОНДООС 23 САЯ ДОЛЛАР ЗАЛГИСАН “ЭРЭЛ”-ИЙН ЭРДЭНЭБАТ УТААГ БУУРУУЛАХ НЭРИЙДЛЭЭР 500 САЯ ДОЛЛАРЫГ БАС ЗАЛГИХ НЬ УУ?
Монголын улс төрийн өргөөс шахагдаж, сонгогчдын ой тойноос бүдгэрч мартагдаж байсан нэгэн эрхэм стратегийн нэн тааламжтай байрлалыг эзэлж, маш эерэг дүртэйгээр эргэн ирснээр "АНХААРЛЫН ТӨВ”-д хүч түрэн орж ирлээ.
Эргэн ирэхдээ тэрбээр Улаанбаатар хотыг утаанаас нь арилгах ганц гарц шийдлийг хэрэгжүүлэгч төдийгүй гэр хорооллыг барилгажуулах их бүтээн байгуулагчийн гэгээн дүрээр залран буух нь тэр ээ!
ТЭР хэрхэн танигдсан бэ?
Энэ эрхэм бол "ЭРЭЛ”-ийн хэмээх тодотголтой, Эх орон намын дарга Бадарчийн Эрдэнэбат. Анх 2000 оны УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн дэмжлэгтэйгээр байгуулсан МАШСН буюу Эх орон намаасаа Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсоноор их улс төрд хөл тавьсан тэрбээр 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал” эвслийн туган дор төрөлх нутаг Хөвсгөлд мөн л ялалт байгуулж, улмаар "Эх орон-Ардчилал” эвслийн Засгийн газарт Түлш эрчим хүчний сайдын албыг хашаад зогсохгүй эвслийн багт Эх орон нам гурвын гурван сайдтай, УИХ-д 7 суудалтай, нэг л гишүүн "урвуулчихвал” бүлэг байгуулах хэмжээнд хүртлээ мандаж бадарч байв шүү дээ. Тэр бүү хэл өнөө цагийн Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон намын квотоор Баянхонгор аймагт сонгогдож байсан түүх бий. Улс төрийн гурав дахь хүчний байр сууринд нэгэн үе баттай заларч байсан "Эрэл” компанийн намын сүйрэл мөхлийн шалтгааныг намын дарга Бадарчийн Эрдэнэбатын Ерөнхий сайд болох гэсэн их шуналаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Энэ нь ч үнэн. Эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийн уршгаар "Эх орон-Ардчилал” эвсэл задарч, 2008 оны сонгуульд эх орон нам дангаараа өрсөлдөөд нэг ч суудал аваагүй мөчөөс тус намын доройтол эхэлж 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Эх орон гэгч намын сураг улам л алдарч, сонгогчид ч мартаж орхисон.
ТЭР хэрхэн ажилладаг вэ?
Харин 2012-2018 оныг хүртэлх чимээгүй өнгөрөөсөн он жилүүддээ "Эх орон” намын "МӨНХИЙН ДАРГА” Бадарчийн Эрдэнэбат ямар ажлыг амжуулж, юу үйлдсэн бэ?
Удаа дараалсан ялагдлын романсынхаа дараа тэрбээр том хүүдээ компаниа өвлүүлэн үлдээж өөрөө голцуу Америк, Англид аж төрж, хааяа нэг хоймор нутагт саатсан шигээ нам гүм аж төрөх болсон. Гэвч зүгээр сууж сураагүй зан нь түүнийг тийм ч удаан амраасангүй. Нэгэн цагт Монголын толгой баян явсан эр босгосон бизнесээ хүүгийнхээ үед өрсөлдөөний талбараас арчигдахыг хүсээгүй нь ойлгомжтой биз. Тиймдээ ч 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан "Хөгжлийн банк”-ны Чингис бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүйгээр 23 сая ам.долларын зээл авч дөнгөв. Их хэмжээний зээл авч бизнесээ босгож ирэх хаана ч байдаг жишиг. Гагцхүү эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь 9 сая ам.долларын зээл авахдаа ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэрнээ одоо болтол зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа. Тэрбээр өнгөрөгч оны 11 сарын 29-ний өдөр zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа, "Чингис бондоос авсан зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа” гэж мэдэгдэж, "хууль хяналтын байгууллагын шалгалт эцэслэн дууссан” гэж няцаасан ч "Чингис”, "Самурай" бондын хэрэгжилтийг хянах үүрэг бүхий Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 1 сард хийсэн шалгалтын явцдаа Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн билээ.Хөгжлийн банкинд эргэн төлөгдөөгүй дээрх зөрчил дотор "Эрэл” ХХК Байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэх төслийн хүрээнд зээлсэн 23 сая ам.долларыг эргэн төлөөгүй нь тодорхой болсон.
Улсаас ямар ч барьцаагүйгээр авсан 23 сая ам.доллар буюу 50 гаран тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх нь битгий хэл шалгалтаар ирсэн мөрдөн байцаагчийн биед халдаж танхайрснаа жишим ч үгүй булзайруулан хариулах тэрбээр "амташсан хэрээ арван гурав нахихын үлгэр”-ээр одоо харин Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор У.Хүрэлсүхийн Засгийн газраас БНСУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр зээлэх 500 сая ам.долларт хэдийнэ эзэн суухаар санаархаж эхлэв бололтой! Тиймдээ ч өнгөрөгч ням гаригт Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдыг "Эрэл” ХХК-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат”-ийн үйл ажиллагаатай танилцуулж, "100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барьж чадна”, "Эрэл компани орон сууцныхаа нэг м.кв-ийг 1.2 саяас доош үнэтэй байлгана” хэмээн уран сэцэн үгээр Хотын даргыг уярааж улмаар нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны бодлого, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулаад орхив. Гэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж өгвөл, хоёрдугаарт газрын асуудлыг шийдвэрлэж өгвөл, гуравдугаарт барилгын газрыг чөлөөтэй шийдэж өгвөл, түүнчлэн дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөс шийдвэл 500-1000 айлын орон сууцыг цогцолбор, хотхон хэлбэрээр барьж өгч болох юм гэсэн өндөр болзлыг улсад тулгав. Энэ бүх болзлыг Төр биелүүлж өгвөл нэг м.кв-ийг 1.2 саяас доош үнэтэй орон сууцаар иргэдийг хангаж утаа, агаарын бохирдлоос Улаанбаатар хотыг салгаж өгөх юм гэнэ.
ТЭР хэрхэн хөлждэг вэ?
"Вовка хусна гэсэн бол хусдаг” гэгчээр "Эрэл”-ийн Б.Эрдэнэбат их мөнгөний сураг сонсчихоод юу гэж л дэргэдүүрээ алдах билээ. Угаас түүний бизнесээ шинэ шатанд хөгжүүлэх, их хэмжээний ашиг олох арга, хөдөлгүүр хэзээд ТӨР ЗАСАГ , төрөөс санхүүжилттэй хөтөлбөр төслүүд байсаар ирсэн.
Хамгийн анх П.Очирбат ерөнхийлөгчийн санаачилсан "Алт хөтөлбөр”-ийн буяныг хамгийн их хүртэж бизнест хөлөө олсон.
Улмаар ойр дотны зөвлөгч, өмөг түшиг болсон Н.Багабанди нь Ерөнхийлөгчөөр томилогдмогцоо Алтны экспортын татварыг нэмэх хуульд хориг тавьж, энэ зуур нь Эрэл компани амжиж 2000 тонн алтыг экспортод гаргаснаар Б.Эрдэнэбат Монголын толгой баячуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэх болсон. Алтнаас олсон дээрх ашгуудаасаа тэрбээр улсад татварт зохих ёсны орлого бүрдүүлээгүй харин ч завшсан болохыг цөөнгүй улстөрчид гэрчилдэг.
Харин гурав дахь удаагийн хүч сэлбэлтээ тэр Н.Алтанхуягийн Засгийн газар, "Чингис бонд”-оос босгосон ч одоог хүртэл Улсад буцаан төлөлтөө хийгээгүй явна.
Одоо харин тэр Улаанбаатар хотыг утаанаас салгах ялгуулсан баатрын дүрээр эргэн ирж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын босгосон 500 сая ам.долларыг залгихаар хэдийнэ зориг шулууджээ.
Бизнес эрхэлж, бүтээн байгуулж байгаа нэгнээс өө сэв эрдэг, шүүмжилж гутаадаг, хардаж сэрддэг, ажил хийлгэдэггүй гэж хариу няцаалт хийх нь дамжиггүй. Гэвч өнгөрсөн намтартаа арвин их хар толботой хүн Улаанбаатар хотыг утаагүй болгож чадах уу?
Эхсурвалж.мн