Осол аваар, хүний амь нас...Орон нутгийн замд хурдаа тохируулаарай
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд дөрвөн осол гарч, таван хүний амь нас хохирч, зургаан хүн хөнгөн, хүнд гэмтэл авсан харамсалтай хэргүүд Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн баасан гаригт Архангайгаас Улаанбаатар руу ирж байсан "Тоёото Приус” маркийн машин Ланд крузертэй мөргөлдөж, долоон хүний амь эрсдэж, таван хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Приус маркийн машиныг эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд орон нутгийн замд хурд хэтрүүлсэн явсан гэх мэдээлэл байгаа юм. Хэдий хурд хэтрүүлсэн жолоочийн буруу ч нэг дор долоон хүний амь эрсдэж, амьдрал сүйрнэ гэдэг хамгийн харамсалтай эмгэнэлтэй байна.
Манайханы нэг тийм хэнэггүй зан байдаг. Хотоос гараад л замын бөглөрөлд байхгүй гэсэн мэт хурд хэтрүүлэн дур зоргоороо давхидаг нь үнэн. Гэтэл үнэндээ орон нутгийн замд л автын ноцтой ослууд гардаг талаар эх сурвалж хэлж байгаа юм. Ялангуяа аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед орон нутгийн замд хурд хэтрүүлэх, архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос аваар осол буурахгүй болжээ.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд H.Accent маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч дөрвөн хүн гэмтсэн байна. Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын гуравдугаар багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд K.Sorento маркийн Ө жолоочтой авто машин онхолдож зорчигч 9 настай хүүгийн амь нас хохирчээ.
Энэ сарын 05-ны өдрийн 20.00 цагийн орчим Төв аймгийн нутаг Аргалант сум Хөшөөтийн 2 дугаар багийн нутагт Архангай аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан T.Prius маркийн авто машины жолооч нь Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийг чиглэн явсан T.Landcruicer маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөн онхолдож замын зорчих хэсгээс гарч шатаж T.Prius маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн, 3 хүүхдийн амь нас хохирч, T.Landcruicer маркийн авто машинд зорчиж явсан 3 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол хэрэг гарсан. Энэ мэтээр эрдэнэт хүний амь нас автын ослоор эрсдээд байгаа нь эмгэнэлтэй. Хайртай гэр бүл, найз нөхөд, аав ээжтэйгээ аялж зугаалж амарч явж байгаа осолдож амиа алдах нь хайран бас харамсалтай байлгүй яах вэ дээ. Сайхан аялж зугаалжэ амарч байгаад ирнэ гэж гэрээсээ гарсан хүн эргэж ирэхгүй байна гэдэг дэндүү эмгэнэлтэй.
Тиймээс жолооч нар аа мөн, жолоо барьж яваа мэргэжлийн бус хүмүүсээ өөрийнхөө амь болоод хайртай гэр бүл, ах дүүсийнхээ төлөө эрсдэлгүй зам, алхмыг сонгоорой. Машиндаа олон хүний амь тээж яваа гэдгээ битгий мартаарай. Мөн орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулъя аа. Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй шүү.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.