Л.ЧИНБАТ АА, БӨХИЙН ӨРГӨӨНӨӨС САВРАА ТАТ
Бөхийн өргөөнд шуналын шулам шигдэж, хэрүүлийн бузар тусаад удаж буй. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үүд хаалгаа барьсан уг өргөө өнөөдрийг хүртэл нээгдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулсангүй. Томоохон заалны барилдаанууд нь энэ тэндэхийн спорт цогцолборт түрээс төлж, болж байна.
Бөхчүүд нь ч бөх сонирхогч ард түмэн ч Бөхийн өргөөг нээгдэхийг хүлээсээр хүлээлтийн байдалтай өдий хүрэв. Яагаад хэвийн ном журмаар нь үйл ажиллагааг нь явуулчихаж болдоггүй юм бэ. Ард түмний хөрөнгөөр баригдсан уг өргөөг тэргүүн нь гэсэн нэрийн дор ганц хүн өмчлөж, эзэмших гэсэн далд санаа яваад байгааг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй дургүйцэж байгаа юм.
Уг нь оны өмнөхөн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёр уулзалт хийн зөвшилцөл ойлголцолд хүрч, Бөхийн өргөөг нээхээр тохиролцсон. Улсын томоохон цолтой бөхчүүд ч энэ тохироог хүлээн зөвшөөрч, барилдаанаа өргөөндөө явуулахаар боллоо гэж баярласан.
Дүүргийн цагдаагийн газраас ч дахин үймээн самуун дэгдээхгүй гэсэн гарын үсгийг хоёр талын холбооноос зурж авчирсны дараа зөвшөөрлийг нь олгоно гэж мэдэгдсэн юм.
Гэтэл Л.Чинбатын холбооныхон дээрх зөвшилцөл, тохироог хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянаа аваргын гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж "Ганц Баянаа аварга манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс шүүхээрээ энэ асуудлаа эцэслэж шийдвэрлэнэ" гээд шилээ татаж, хэдэрлэв. Дархан аваргаа ч холбооноосоо хяхан хавчиж гаргаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болов. Аваргын үгэнд ч ордоггүй юм байна.
Уг нь Х.Баянмөнх аварга "Бөхчүүд бид хоорондоо ойлголцож, Бөхийн өргөөгөө нээж, сайхан барилдаануудаа хэвийн явуулъя. Бид ойлголцохгүй, бөхчүүдээ нэг зүг чигт оруулахгүй бол хоорондоо нутаг усаараа талцаж, хагаралдаад байна. Монгол бөхчүүд ийм байж болохгүй ээ. Эв найртай байж хүчтэй болно" хэмээн ярьсныг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ дэмжиж хүлээн авсан.
Ингэж дархан аваргууд болон улсын цолтой бөхчүүд хоорондоо эвлэрч сайдсан байхад ганц Л.Чинбат гэж хүн дахин хагаралдуулж, асуудлыг гацаанд оруулах ямар хэрэгтэй юм бэ. Өөрт нь ямар ашигтай юм бэ. Л.Чинбатаа та, зүлэг ногоон дэвжээ болон заалны барилдаанд ганц удаа гарч дэвээ шаваа хийж барилдаж үзээгүй байж, энэ асуудалд ямар дур зоргоороо хөндлөнгөөс оролцож, бусдыг турхирч, өргөөг булаацалдахын цаана ямар зорилго нуугдаж байгаа юм бэ.
Ард түмэнд болон бөхчүүдэд өргөөг нь зүгээр өгчихөөч. Заалны барилдаанаа өргөөндөө явуулмаар байна. Цагаан сарын барилдаанаа Бөхийн өргөөндөө үзэхийг хүсч байна.
Бүр болохгүй бол ард түмний өмчөөр баригдсан энэ өргөөг төр мэдэлдээ авбал таарна. Хоёр тэргүүнтэй болж, ашиг хонжоо харж, хоорондоо алалцаж хэмлэлдэж, хэрэлдэж уралдаж, шүүхийн шийдвэрээр хэн нэгнээ айлган сүрдүүлж, ичээж зовоох юм бол төр мэдэлдээ авах нь зөв юм шүү.
Дахиад хэлэхэд, Бөхийн өргөөний асуудалд Л.Чинбатаа та илүүдээд байна. Тиймээс шуналаа хязгаарлаж, савраа татахыг хүсье.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл байхгүй байна.