Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал АУ-ы доктор дэд профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.


-Сэтгэл гутралын өвчин манайд тохиолдох нь элбэг болжээ. Шалтгаан нөхцөл нь юу юм бол?

-Сэтгэл гутрал бол зонхилон тохиолдох сэтгэцийн зургаан эмгэгийн нэг. Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амьдралын хугацаанд сэтгэл гутралаар өвчилдөг гэж үздэг. Даамжирвал хөдөлмөрийн чадвар алдагдахад хүргэх эрсдэлтэй өвчин. Сэтгэцийн эмгэг нь 2005 онд дэлхий нийтийн өвчлөлийн 10 хувийг эзэлж байсан бол 2020 гэхэд 15 хувь болж нэмэгдэнэ гэж тооцоолсон байдаг. Нийгэм хөгжихөд сэтгэцийн эмгэг дагаад өсдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баруун бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэцийн эмгэг хүн амын 27 хувийг эзэлж байхад хөгжиж буй орнуудад 15 хувьтай байдаг. Хөгжилтэй оронд сэтгэл гутралын эмгэг өндөр байдаг нь энэ үзүүлэлтээс харагдаж байна. Манайд сэтгэцийн эмгэгийн тархалт бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 4-6 дахин бага байсан. Одоо нийгэм хөгжөөд сэтгэцийн эмгэг өссөн байна. 2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаа хийсэн л дээ. Үүнийг 1982-1994 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин өсөөд, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байгаа юм. Сэтгэл гутралыг хүмүүс тэр бүр анзаардаггүй эмгэг. Тухайн хүнд ямар нэгэн зүйлд дур сонирхолгүй болох, үйлдэл хөдөлгөөн удаашрах, хоолонд дургүй болох, бэлгийн дур буурах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Шалтгаангүйгээр сэтгэлээр унах, гутрах зэрэг нь энэ эмгэгийн нөлөөлөл. Ажлын идэвхгүй болчихдог. Ийм эмгэг гол төлөв эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог.

-Сэтгэл гутрал даамжирвал юунд хүрэх вэ?

-Сэтгэл гутралтай удаан явж хүндэрвэл амиа хорлох эрсдэл өндөр байдаг.

-Сая Улсын прокурорын ерөнхий газраас гаргасан судалгаанаас харахад амиа хорлолтын 85 хувийг эрчүүд эзэлж байгаа гэдгийг онцолсон байсан. Энэ юутай холбоотой вэ. Монгол эрчүүд ийм сэтгэлийн хатгүй болчихсон хэрэг үү?

-Би сэтгэл гутралаар гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг гэж хэлсэн. Харин сэтгэл гутралд автаж амиа хорлосон тохиолдлуудыг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4-5 дахин илүү байсан. Олон улсын судалгаанаас харахад ч эрэгтэйчүүд гол төлөв амиа хорлосон байдаг.

-Манай эрэгтэйчүүдийн амиа хорлож байгаа шалтгаанууд нь юу байдаг вэ. Бид түүхээ эргээд харвал дайн тулаан, хэлмэгдүүлэлт гээд хагацал зовлон бишгүй үзсэн сэтгэлийн хаттай улс шүү дээ. Одоо багахан л асуудал тулгарахад өөрийгөө дүүжилчих гээд байдаг болж?

-Дэлхий нийтэд 35 хүртэлх насны эрчүүдийн нас баралтын нэг, хоёрдугаар шалтгаан нь амиа хорлох байдаг. Ийм насны хүмүүс өвчнөөр нас барахгүй шүү дээ. Амиа хорлож байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэх гээд байдаг. Судалгаанаас харахад 0.5 хувь нь л сэтгэцийн эмгэгтэй, 99.5 хувь нь эрүүл хүмүүс байна лээ. Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарч хийсэн судалгаанаас харахад сүүлийн таван жилийн хугацаанд нийт 2055 хүн амиа хорлосон байна. Үүнээс үзэхэд 47 хувь нь баталгаат түвшингээс доош амьдралтай гэж гарсан байгаа юм. Дани улсын туршлагаас ч харахад амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд хийж байгаа эхний алхам нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх байсан. Үүнээс сэргийлэхэд хүүхдийн төлөвшилт чухал байдаг. Амиа хорлож буй хүмүүсийн зан үйлийг судлахад дуу муутай, хүнтэй сэтгэлээ нээж ярьдаггүй, дотогшоо хүмүүс их байдаг. Дээрээс нь гэр бүлийн маргаантай, архидалттай, дарамттай орчинд өссөн хүүхэд амиа хорлох тохиолдол их. Ийм орчинд өссөн хүүхэд сэтгэл зүйн дархлаа муутай иргэн болж төлөвшдөг. Тулгарсан асуудлыг шийдэхдээ амиа хорлох гаргалгааг сонгох жишээ олон бий. Гэр бүлийн салалт, хойт эцэг эхийн хандлага амиа хорлоход хүргэдэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндрөөс үсэрч амиа хорложээ, хүнд дурлаад өөрийгөө боомилжээ гэх зэрэг мэдээг дэлгэрэнгүй нэвтрүүлж байгаа нь өсвөр насныханд сөрөг сэдэл төрүүлээд байна. Хүн амиа хорлох шийдвэрийг хоромхон хугацаанд л гаргаж эрс шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ ажлыг Хууль зүй дотоод хэргийн яам, НХХЯ, ЦЕГ, ГБХЗХГ зэрэг байгууллагууд хамтарч хийх ёстой. Манайд амиа хорлолтыг бүртгэх мэдээлэх тогтолцоо алга. Бүртгэх, мэдээлэх тогтолцоо бий болгох ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байгаа. Энэ ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралдаж Засгийн газрын тогтоол, журам гаргаж амиа хорлох оролдлогыг бүртгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар болсон. Үүнд НХХЯ, БСШУСЯ-ын оролцоо чухал. Хамтарч энэ ажлыг хэрэгжүүлэхээр зөвлөж байгаа.

-Хүүхдээ сэтгэлийн дархлаатай иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, ярилцаж байх нь тулгарсан бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн хаттай иргэнийг бэлтгэж байгаа хэрэг. Хувь хүний сэтгэлийн дархлаа чухал. Манайхан хичээлдээ сайн, англи хэлтэй төгс хүүхдийг бодоод байдаг. Үнэндээ зөв төлөвшилтэй, зөв харилцдаг, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг, өөртөө тулгарсан асуудлыг хялбар зөв аргаар шийдвэрлэх ухаанд суралцуулах хэрэгтэй. Ийм иргэн нийгэмд илүү үнэ цэнэтэй. Мэдээж сурч боловсроход нь тодорхой хэмжээнд анхааралгүй л яахав. Хэтэрхий их ачаалал өгөх нь мэдрэлийн ядаргаанд оруулчихдаг. Ийм хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болж төлөвшинө. Хүүхдэдээ цаг гаргаж, үгийг нь анхааралтай сонсч, өөрөөр нь сайн яриулж байх хэрэгтэй. Улмаар тохирсон асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлж байх нь өөртөө итгэлтэй болгоход тустай. Аливаа асуудал гарахад амиа хорлох биш, асуудлыг оновчтой шийдэх чадвартай иргэнийг бэлтгэнэ гэсэн үг. Ийм хүн хувь хүний нөлөөнд автдаггүй, хорт зуршилд "үгүй” гэж хэлж чаддаг ухамсартай болно. Ийм хүн сэтгэл гутралаас өөрийгөө сэргийлэх дархлаатай байдаг.

-Манайхан хүүхдэдээ "хүний дор орж болохгүй” гэж хүмүүжүүлээд байх шиг. Энэ талаар та юу гэж зөвлөх вэ?

-Сэтгэцийн эмч нарын санааг зовоож буй асуудал энэ. "Чи заавал тэрнээс илүү байх ёстой” гэж төгс төгөлдрийн үзэлтэй болгож хүмүүжүүлж байна. Хүн болгон хүнээс илүү байх албагүй. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Өөр нэг асуудал нь хар амиа бодсон үзлийг хүүхдэдээ суулгаад байна. Хүнд тусалдаггүй, заавал илүү гарах гэсэн сэтгэхүйтэй байвал тухайн хүн насан туршдаа аз жаргалгүй, ганцаардаж амьдарна гэсэн үг. Атаархах, хүнд муу санах, үзэн ядах зэрэг нь сөрөг бодол л доо. Ийм үйлдэл хөдөлгөөн хийх нь яваандаа зуршил болж зан үйл болон төлөвшдөг. Эргээд хувь хүнд сөргөөр нөлөөлдөг байхгүй юу. Сэтгэл гутралд автахад хүргэнэ.

-Хотжилт гэдэг хувь хүнээс асар их хурд шаарддаг. Богино хугацаанд их ажил амжуулах ёстой. Энэ нь сэтгэл гутрал автахад нөлөөлөх үү?

-Нөлөөлж болно. Хувь хүнээс их ачаалал шаардана гэсэн үг шүү дээ. Замын түгжрэл, хүмүүсийн таагүй харилцаа, гэр бүлийн таагүй харилцаа, ажлын ядаргаа зэрэг нь стресс болдог. Гоё хоол хийе гээд хийхэд стресс болохгүй. Энэ хоолыг яаж хийнэ дээ гэж дургүйцэх сэтгэл нь стресс болж байгаа юм. Юманд өгч байгаа хариу урвал стресс болдог. Энэ нь хүнийг сэтгэл гутралд оруулах шалтгаан болдог.

-Сэтгэл гутралыг хувь хүн хэрхэн даван туулах вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр хүмүүс эмч, эмнэлгээс хайгаад байдаг. Гэтэл манайх 135 сэтгэцийн эмчтэй 3.2 сая хүнтэй учир нэг эмчид 20 гаруй мянган хүн ногдож байгаа юм. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ахуй амьдралын дэглэм маш чухал. Жишээ нь нойр, хоол, ажил, амралтын дэглэм. Мөн цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалт хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлаа яаралтай, зөв замаар шийдвэрлээд сурчихвал сэтгэл гутралын эмгэгт өртөхгүй.