Гэр нь гяланцаг гадаа нь паланцаг
Монголчууд бидний сэтгэхүй бусад улсынхаас огт өөр. Сайнаараа ч, муугаараа ч тэр. Чухамдаа бол хүн төрөлхтөний дундаас монголчуудынхыг судлах нь илүү сонирхолтой, өвөрмөц бас гаж гэж болно. Өөрсдийгөө тогос шиг гоёчихоод хогон дундуур алхаж явдаг, гэрээ гял цал байлгачихаад орц, гудамжаа гахай, нохойны хороо шиг байхыг огт тоодоггүй монгол араншин байна. Хот нь хогтой, амьдарч буй орчин нь бохир байгааг халаглан үглэж, төр засаг гэдэг тэнэг юмыг үргэлжийн мөнхөд муулж, хараан зүхэх боловч өөрсдөө хуруугаа ч хөдөлгөхгүй байх нь орчин цагийн хотын хүний төлөвшил болж орхижээ.
Нэг үеэ бодвол бид юм үзэж, нүд "тайлах”-ын хэрээр соёлжиж байгаа нь үнэн. Гэвч дээр өгүүлсэнчлэн зөвхөн довоо харж амьдардаг зан ойрын 10 жилдээ арилахгүй бололтой. Зундаа боломжийн цэвэрхэн байсан хот амарч зугаалагсад, оюутан залуус цуглахтай зэрэгцэн хогондоо дарагдаад байна. Дээрээс нь түүхий самрын цөмсөн яс хогон дээр хог болон хаа сайгүй. Ингэхэд бид гар нийлж ажиллахад үнэхээр төвөгтэй хүмүүс юм. Хүүхдийн тоглоомын талбайг нь булаалаа, нар үзэх эрхийг нь хаалаа гэх гомдол өдөр алгасахгүй. Нэг байрны 100 өрхийн 80 нь нийлсэн байхад асуудлыг дор нь шийдэх боломжтой байдаг юм билээ. Харамсалтай нь 100 айл нь нэг нэгээрээ бархирсаар байгаад л эрх мэдэлтнүүдэд дээрэлхүүлж нараа хаалгах жишээний. Энэ бол дэлхийд байхгүй монгол араншин болой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл байхгүй байна.