ХҮҮХДЭДЭЭ БАХАРХАН ДУУРАЙХ ААВ, ЭЭЖ НЬ БАЙЯ!
Манай улс хүүхдийн эсрэг сэтгэл санаа, бие махбодын шийтгэлийг бүх орчинд хориглож чадсан Зүүн Өмнөд Азийн анхны орон болсоноос хойш гурван жил өнгөрчээ. Гэвч сурган хүмүүжүүлэх нэрийдлээр хүүхдэдээ гар хүрэх явдал Монголын нийгэмд зөвшөөрөгдсөн хэвээр байгааг саяханы тоо баримтууд, сэтгэл шимшрүүлсэн хэргүүд нотолж байна. 2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхэд бие махбодын шийтгэл, хүчирхийлэлд өртлөө гэсэн 783 дуудлага ирж байсан бол 2019 он гарсаар 401 дуудлага иржээ. Энэ тоо бол зөвхөн гурван сарын хугацаанд ирсэн дуудлага. Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүүхдийн хүчирхийлэл нийт дуудлагын 79.8 хувийг эзэлдэг байна. 2016 онд хийгдсэн "Хүүхдийн эрхийн мэдлэг хандлага хэрэглээ” судалгаанд оролцсон хүүхдүүд хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6%), хойд ээж, аав (38.6%), үе тэнгийнхэн (38.4%), багш (15%), эцэг эх, асран хамгаалагч (12.4%) нарыг нэрлэжээ.
Хүүхэд зодуулж шийтгүүлсэнээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахиж зодуулах вий гэсэн аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй хүн болж өөрчлөгддөг. Эсвэл аливааг хүчээр шийдэх хандлагатай, түрэмгий догшин болж хувирдаг. Цаашлаад сурах чадвар нь муудах, өсвөр насандаа архи тамхи, мансууруулдаг бодис донтох хандлагатай болдог гэдгийг сэтгэл зүйчид олон тооны судалгаагаар нотолсон байна. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хамгийн оновчтой арга нь түүнээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг хийж, хүүхдийг зодож шийтгэх, хүчирхийлэхийн хор уршгийг нийгэмд таниулах явдал юм. Тиймээс Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 2006 оноос хойш "Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдөр”-ийг жил бүр санаачлан тэмдэглэж байна.
Энэ онд Хүүхдийг Ивээх Сангаас "Хүүхдэдээ Бахархан Дуурайх Аав, Ээж нь Байя!” уриан дор эцэг эхчүүд, олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн хүүхэд хамгаалал, хөгжил, эрүүл мэндийн сэдвүүдээр 2019оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 13-15 цагийн хооронд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хамтрагч байгууллагуудын хамт үнэ төлбөргүй үзүүлнэ.
Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ гэж Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, 5.4 дүгээр зүйлд заасан байдаг. Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүүхдийг хэт дураар нь байлгах, хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлэх, эсвэл түүнд хэмжээ хязгаар тогтоохгүй, шаардлага тавьдаггүй байлгана гэж ойлгож болохгүй. Харин хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байгаагаа тунгаан бодож урамшуулан дэмжих, хүүхдийнхээ бусад хүүхдээс ялгарах онцлог ялгааг ойлгож харилцах, хүүхдэдээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж, аливааг тайлбарлан таниулах арга юм. Хүүхэд таныг харж суралцдаг, сонсож хүмүүждэг, ажиглан дуурайдаг учраас хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг өдөр тутам хэрэглэхийг Хүүхдийг Ивээх Сан уриалж байна.
Хүүхдийг Ивээх Сан нь анх 1919 онд Их Британи улсад байгуулагдсан ба дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, зуун жилийн түүхтэй хүүхдийн эрхийн бие даасан байгууллага юм. 1994 онд Монгол улсад хөтөлбөрөө нээснээс хойш Монголын хүүхдүүд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн сайн сайхан, аюулгүй байдал, боловсролын төлөө анхаарал тавин ажиллаж, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хориглоход нөлөөлж, хүүхдийн эрхийг ханган хамгаалахад тууштай хувь нэмэр оруулж байна.
Зөвлөгөө өгөх сэдвүүдийн талаар товч мэдээлэл
"ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫГ УРИАЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Зорилго:
·Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд ойлгуулах, хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчлан таниулах
·Хүүхдийг Ивээх Сангийн 100 жилийн ой, Монгол дахь салбарын 25 жилийн ойн нээлт
Хаана: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
Зохион байгуулагч: Хүүхдийг Ивээх Сан
Хамтрагч нар: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төв, ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургууль
Хэзээ: 2019 оны 4 сарын 30-ны Мягмар гараг
Хугацаа: 13.00-15.00 хооронд
Хөтлөгч: Н.Хөхөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
ЦАГ |
ЕСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА |
13.00-13.10 |
Нээлтийн үйл ажиллагаа: Хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл үг хэлэх - Фрэдрик Кристофер, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь захирлын үүрэг гүйцэтгэгч - Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл - М.Нямдорж, МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төвийн дарга, Нийгмийн ажил аргазүйн тэнхимийн ахлах багш |
13.10-13.20 |
Урлагийн тоглолт, Флаш моб МУБИС-ийн сайн дурын үйл ажиллагааны төв |
13.20-15.20 |
Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа: Хүүхдийн чиглэлээр ажилладаг, гэр бүл, хүүхэдтэй ажилладаг 21 зөвлөх хүүхдийн нас насны онцлог, хүүхэдтэйгээ харилцахад тулгарч буй асуудал, сайн аав, сайн ээж байх зөвлөгөө, бэлгийн бойжилт, тусгай хэрэгцээтэй хүүхдээ дэмжих тухай, мөн ухаалаг утас дэлгэцнээс хүүхдээ холдуулах, хүүхдээ номонд дурлуулах, гэрийн даалгавраа хийхэд нь туслах, санхүүгийн мэдлэг боловсролтой зэрэг бодит амьдралд үргэлж тулгардаг нэн чухал 21 сэдвээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгнө. Хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт арга хэмжээ Нийгэмшүүлэх циркийн сургалтын сургалтын аргазүй, техникүүдийг хүүхэд болон насанд хүрэгчдэд заах сургалт |
15.20-15.30 |
Хаалтын үйл ажиллагаа Флаш моб, МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төв Б.Дарьханд, Хүүхдийг Ивээх Сан |
Холбоо барих: А.Дэлгэрмаа, Хүүхдийг Ивээх Сан 88919395; 11-329365 (өргөтгөл 13);
Сэтгэгдэл байхгүй байна.