Ерөнхий прокурор асны хэрэг хэний сэйфэнд байгаа бол...
Аварга тулыг бариад, эргүүлэн усанд тавьдаг нь загасчдын хобби бас хорхойгоо дарж буй байдал. Гэтэл манай хууль, шүүхийнхэн яг загасчид шиг болоо юу гэлтэй байдаг болж. "Томхон тул” барилаа, хорилоо, саатууллаа. Энэ нь тэгээд сүртэй гэж жигтэйхэн. Харамсалтай нь хуулийн хугацаа эсвэл шүүхээс, өмгөөлөгчийн хүэсэлтээр батлан даалтаар гарсан гээд... За ер нь тэгсхийгээд эрх чөлөөтэй, салхи татуулан давхина даа, нөгөө "тулууд” нь.
Товчхондоо нэг нь их хэмжээний авлига өгсөн гэдэг. Нөгөө нь аваагүй гэдэг. Ингэж байсаар 2019 оны хоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Ингээд л энэ хэргийн сураг алдарч эхэлсэн.
Гуравдугаар сард Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлд хэрэг дуусах шатандаа орж байгаа хэмээн тайлбарласан. Түүнээс хойш дахиад гурван сарын хугацаа өнгөрсөн ч өндөр албан тушаалтан их хэмжээний авлигын хэргийн сэжигтэн болсон "түүх” хумхын тоос болсон мэт таг. Хэрвээ хэрэг нэг тийш шийдэгдсэн бол Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав буруугүй бол нэр төрөө сэргээлгэх гэж нэлээд асуудал тарих нь тодорхой. Түүгээр ч зогсохгүй "Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд бусдыг гүтгэсэн ялд унана. Дээрх таамаглалуудыг хичнээн дэвшүүлээд ч цаг хугацааны хувьд бүтэн зургаан сар өнгөрчихсөн болохоор хэн нэгний сэйфэнд хэвтэж байж таарах нь. Гэхдээ дараагийн барьц нь юуны төлөө, хэний өгөөш байх бол...
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.