Мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгуулсан НАЙМАН ГИШҮҮН хэн бэ
УИХ-ын нэр бүхий найман гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлийн мөнгөө өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн ББСБ-д байршуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Иргэдийн шударга бусын өмнө туйлдах хэм хэмжээ оргилдоо хүрч байна. Иргэд юунд бухимдаж, нийгэм яагаад нэг л ороо бусгай болоод байгаагийн учир шалтгаан нь төрийг хэрсэн авлига, албан тушаалтнуудад олддог давуу эрх хэрээс хэтэрсэн учраас тэр. УИХ-ын гишүүн болов уу үгүй юү ЖДҮХ санг "хувьчилж” авсан гишүүдээс өнөөгийн улс төр ямар хэмжээнд хүрсэн нь шууд харагдана. Хэтэрхий уваайгүй тэд хуулийг ч мөн халаасласан нь олон үйлдэлт хэргүүдээс нь харагддаг. Сонгогчдынхоо овоо хараанд нэр ус, хийсэн хэрэг, нуусан булхай, авсан зээлийнхээ хэмжээтэйгээ багтчихаад байгаа тэдэнд ирэх сонгуулиар итгэл өвөрлүүлэх хүн олдохгүй л болов уу. Иргэдийг итгэлээ алдахад нь нэмэр болох нэгэн ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч баасан гарагт Төрийн ордноос хүргэсэн юм.
Иргэдийн хэдийнэ мэддэг болсон, ЖДҮ-чин гэгдэх гишүүдийн наймыг нь АТГ-аас мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад буруутайг нь тогтоогоод прокурорт хэргийг нь шилжүүлчихсэн байгаа юм байна. Гэтэл мөнгө угаасан гэдэг нь нэгэнт нотлогдчихсон нэр бүхий найман гишүүний хавтаст хэрэг прокурор дээр "түгжигдсэн” байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгвэл эдгээр найман гишүүн хэн бэ гэх таавар өрнөж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Одоо прокурор ажлаа хийх л үлдлээ. Мөнгө угаасан гишүүдээ хэдий болтол хамгаалах вэ. Прокурор эцсийн дүнг тавих ч АТГ-аас шалгаад буруутайг нь тогтоосон. Эдгээр найман гишүүний нэрийг албан ёсоор зарлахгүй байна” гэв. Хамгийн олуулаа хуйвалдах байдлаар тусгай сангийн мөнгийг цөлмөсөн гишүүд ийнхүү энэ парламентын шүдний өвчин, нүдний хог боллоо. ЖДҮХ сангийн зээл гэгчийг иргэнд өгөхгүйгээр эрх мэдэл, албан тушаал, давуу эрхээр лүндэн буулгаж хамаарал бүхий компани, хувийн аж ахуй, ББСБ зэрэг рүү татан авсан нь баримтаар тодорхой болчихсон дараах гишүүдээс наймыг нь таах таавар нэгэнт эхэлжээ. Мэдээж "Мөнгө угаасан” гэж байгаа учраас барьцаалан зээлдүүлэх байгууллагатай, хувийн банктай гишүүд байх нь гарцаагүй. Монгол Улсад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг буюу бидний нэрлэж заншснаар Банк бус санхүүгийн 540 байгууллага байгаа гэдэг тоог Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан байдаг. ББСБ-уудын үйл ажилагааг Санхүүгийн зохицуулах хороо үндсэн чиг үүргийн хүрээнд хянадаг. Хэрэв банк, санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан гэж тооцвол, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Тэрбээр ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр авсан. Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий "Капитал премиум” ББСБ-ын сарын хүү нь гурван хувь, жилийн хүү нь 30 юм. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр ЖДҮХС-гаас хоёр жил дараалан, нийт 1.950.000.000 төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй авсан байдаг. Тэрбээр "Газар капитал”, "Газар партнерс” ББСБ-тай. Ж.Энхбаяр гишүүний хамаарал бүхий ББСБ-ын зээлийн хүү нь сарын 2.5-3 хувь, жилийн 30-26 хувь юм. Гуравдугаарт, Зам, Тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар. Түүний ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ хоёр тэрбум. "Тэнүүн Капитал” ББСБ-ыг тэрбээр 100 хувь эзэмшдэг. Иргэдэд сарын 2.6-3 хувь, жилийн 31.2-36 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг. Түүний дараа УИХ-ын гишүүн Л.Энхболд багтана. ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ 950 сая төгрөг. "Ирээдүй инвест” ББСБ-аараа дамжуулж сарын 3-3.5 хувь, жилийн 36-42 хувийн хүүтэй мөнгө зээлдэг.
Хамгийн олуулаа хуйвалдах байдлаар тусгай сангийн мөнгийг цөлмөсөн гишүүд ийнхүү энэ парламентын шүдний өвчин, нүдний хог боллоо
Гэтэл энэ бол Солонгост боолын хөдөлмөр эрхэлж буй 100 мянга гаруй залуусын эх орондоо, гэр бүлтэйгээ ажил хөдөлмөр эрхлэн элэг бүтэн амьдрах алдагдсан боломжийн өртөг байв. Энэ бол өдгөө төсөвт ч суугаагүй хавдрын эмнэлгийг хангалттай тоног төхөөрөмж, орны багтаажтайгаар барьчих хэмжээний мөнгө байв. Энэ бол Монгол Улсыг эдийн засгийн асар өргөн боломж дунд хөгжүүлэх гарц байв. Гэтэл харамсалтай нь, гишүүд халаасандаа бүхнийг багтаахаар улайран шунасны баталгаа болох тусгай сан болов. Тэгэхээр өнгөрөгч баасан гарагт О.Баасанхүү гишүүний мэдээлсэн Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, Аж ахуйн нэгж байгааг АТГ хэрхэн нотолсон, АТГ-ын шилжүүлчихээд байгаа мэдээллийг прокурор хэрхэн задлахыг харах л үлдээд байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл байхгүй байна.