Б.Сүхбаатар: Ипотекийн зээл авч чадахгүй иргэдэд зориулсан орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр байх ёстой

0

Азийн хөгжлийн банк, эдийн засгийн "Өөрчлөгч” клубээс "Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сэдэвт семинарыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатартай ярилцлаа. 

-Орлогод нийцсэн орон сууцыг барих, тэр нь "ногоон” байх талаар яриад эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газраас 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг баталсан. Улаанбаатарт эхний ээлжинд орлогод нийцсэн ногоон орон сууц хөтөлбөрийн хүрээнд 50 мянган айлын орон сууц барихаар болсон. Төсөл, хөтөлбөрийг нь эхлүүлж байна. Ирэх жил 10 мянган айлын орон сууцыг барьж эхэлнэ. Жилдээ 10 мянган айлын орон сууц бариад, эхлүүлээд яваад байвал богино хугацаанд хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой. Бага, дунд орлоготой иргэдийг яаж орон сууцанд оруулах юм. Хүртээмжийг нь хэрхэн нэмэх үү. Түрээсээс эхлээд түрээслээд өмчлөх чиглэлээр орлогод нь нийцсэн хөтөлбөрийг боловсруулж, ажиллаж байна. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг 2016, 2017 оноос ярьж эхэлсэн. Үүнийхээ эхлэл болгож "Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд түрээслээд өмчлөх ажлыг анх удаа хийсэн. Орлого багатай иргэдээ орон сууцаар хангах нэг шийдэл нь энэ байлаа. Орлогод нь нийцүүлэхийн тулд бид маш олон хэлбэрийн борлуулалтын шийдлийг гаргах ёстой. Цаашид гаргаад явна.

Нөгөө талдаа дахин төлөвлөлт хийх, хотхон, хороолол барина гэхээрээ нэг, хоёрхон орон сууц барьчихдаг. Дээд тал нь 4 орон сууц барих жишээтэй. Дахин  төлөвлөлтийн хүрээнд гээд хотын захад орон сууц бариад орхичихдог. Тэд нь сургууль, цэцэрлэг байдаггүй. Автомашины зогсоол нь хүртээмжтэй биш. Түгжрэл илүү нэмэгддэг. Гэх мэтээр асуудал нь арилж өгдөггүй. Энэ бүх асуудлыг зөв шийдэхийн тулд хороолол, хотхон хэлбэрээр явах ёстой. Энэ үүднээс эхний ээлжинд бид хамгийн багадаа 4 га-д газар чөлөөлөлт эхлүүлсэн.  Нэг бодлогоор энэ бүхнийг зангидаж яваа. Тэр 4 га талбайд сургууль, цэцэрлэг байна, хүртээмжтэй автомашины зогсоол хийнэ. Ногоон байгууламж ихээр байгуулна. Дээрээс нь, тэр хороолол, хотхонд орон сууц авч байгаа иргэдийн орлогыг хэрхэн өсгөх вэ гэдэгт ч анхаарна. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж байлаа гэж бодъё. Хүүхдийг нь цэцэрлэгт оруулаад, ажил хийх боломжоор хангаж өгвөл орлого нь яаж нэмэгдэх билээ.

Ганцхан орон сууцны асуудал яриад байгаа юм шиг хэрнээ цаанаа маш олон зүйлийг шийдэх ач холбогдолтой. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд юм. Хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийг тойрсон хэлбэрээр төлөвлөлтөө хийж байна. Хот дотроо зургаан дэд төвийг байгуулаад эхэллээ. Гэр хороололд 6 дэд төв байгуулна. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийнхөө хүрээнд бид 570 сая ам.доллар босгохоор зорьсон. 270 гаруй саяыг нь босгочихсон байна. Түүнээс гадна, Солонгосоос 500 сая ам.долларын зээл авч, түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Ногоон нуур” төслийг хэрэгжүүлнэ. Ингээд тооцохоор 50 мянган айлын орон сууц барих ажил эрчимтэй эхэлнэ.

-Инженерийн дэд бүтэц гэдэг маш чухал. Хотыг тойрсон газруудад дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа  юм бэ?

-Зургаан дэд төвөөс Баянхошуу, Сэлбийн инженерийн дэд бүтцийг бүрэн шийдээд үндсэндээ дуусч байна. Одоо орон сууцныхаа ажлыг эхлэхэд бэлэн болоод, айлуудтайгаа уулзаж эхэлсэн. Дараачийнх нь буюу Дамбадаржаа, Дэнжийн-100, Шар хад, Толгойт гээд дэд төвийн ажлуудыг эхэлнэ. Морингийн даваанд 129 га газарт инженерийн дэд бүтэц нь барилгынхаа ажилтай зэрэг эхэлнэ. Мөн Морин даваанаас авто худалдааны цогцолбор явах боломжтой болгохын тулд Туул гол дээгүүр гүүр тавихаар төлөвлөсөн.

 Нэг ёсондоо Нисэх, Морингийн даваа, Биокомбинат, Сонгино орчмын иргэд баруун тийшээ, Дархан, Эрдэнэт чиглэл рүү явахад шууд Туулынхаа гүүрийг даваад явах боломжтой болно. Үүнийгээ дагаад Авто худалдааны цогцолборыг түшиглэж, орон сууцны хороолол, хотхон барихаар төлөвлөсөн. Зураг төслийг нь боловсруулаад эхэлчихсэн. Солонгосын Сөүлийн орон сууцны корпараци бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ ажил ирэх жил эхэлнэ. Инженерийн дэд бүтцийн ажлыг нь өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Найрамдал явах замд буюу Баянголын аманд 2000 айлын орон сууц барина. Ирэх жил барилгын ажил эхэлнэ. Инженерийн дэд бүтцийн ажлыг нь хийгээд дуусчихсан. 

-Орлогод нийцсэн орон сууцанд хэнийг оруулах юм бэ. Ипотекийн зээл хэтэрхий хүнд сурталтай, банкны шалгуурыг давах хүн үлдэхгүй байна. Тэгвэл ипотекийн зээлээр орон сууцанд орж чадахгүй байгаа хүмүүст боломж олдоно гэсэн үг үү?

-Сая бид 972 айлын түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гэр хорооллын иргэдийг хамруулахаар зарласан. Гэр хороололд 230 орчим мянган өрх байгаа. Түүний 35 мянга нь энэ орон сууцанд хамрагдахаар хүсэлтээ өгсөн байна. Эхний ээлжинд бидэнд 35 мянган өрхийн мэдээллийн бааз үүсчихлээ. Юуны түрүүнд бид хүсэлтээ өгсөн энэ хүмүүс рүүгээ чиглэсэн ажил хийж, орон сууцанд оруулах нь зөв гэж харж байгаа. Агаар, хөрснийхөө бохирдлоос салах ёстой. Ингэж байж бид цаашаа алхана. Агаарын бохирдол хангалттай хэмжээнд буурсан тохиолдолд өөр хөтөлбөр хэрэгжүүлж, шинээр гэр бүл болж байгаа иргэдээ орон сууцаар хангах маягаар ч юм уу ажиллаж болно. Хамгийн гол ажил иргэдийн орлогод яаж нийцүүлэх вэ гэдэг.

Ипотекийн зээл төдийлөн хангалттай биш байна. Ипотекийн зээл авч чадахгүй байгаа иргэддээ зориулсан орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг зайлшгүй явуулах ёстой. Бид үүнийг анх удаа хийх гээд байгаа юм биш. Дэлхийн бүх хотууд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Саяхан Азийн хотуудын орон сууцны форумыг хийсэн. Тэр форумд оролцсон хотуудын төлөөлөл энэ хөтөлбөрийг яаж хэрэгжүүлж байгаа юм. Хот болгон өөр өөрийн онцлогтоо тааруулаад хөтөлбөр хэрэгжүүлэх гэж хичээж байна. Зарим хотод энгийн түрээсийг иргэд голчлон сонирхдог. Заавал өмч худалдаж авъя гэж боддоггүй, түрээслэдэг л юм байна. Гэтэл манайх эсрэгээрээ, иргэд өмчтэй болох сонирхолтой байдаг.

Тийм учраас бид орлогод нийцсэн хэлбэрээр худалдаж авах боломжийг нь шийдэж өгөхийг хичээж байна. Гэхдээ иргэдийн орлого бага байгаа учраас цаашид яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг нь давхар шийдэхийг гол зорилгоо болгох ёстой. 972 айлын орон сууц ашиглалтад орлоо. Тэнд нүүгээд очиж байгаа айлд багш мэргэжилтэй хүн байвал  тухайн орчныхоо сургууль, цэцэрлэгт ажиллах боломжийг нь хангаж өгдөг. Тэнд шинээр ажлын байрыг бий болгох талаар ажилладаг, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд санаа тавьдаг байх ёстой. Ийм л цогц хөтөлбөрийг бид хэрэгжүүлэхийг хичээж байна. Эцсийн эцэст хотууд бүх асуудлаа шийдэж чаддаг зүйл нь орон сууц гэдгийг ойлгох ёстой.

-Цаашдын зорилго чинь ийм юм байж. Эхлээд ороход тавих шаардлага гэж байгаа. Хэдэн төгрөгийн орлоготой өрх орлогод нийцсэн орон сууцанд орох боломжтой юм бол?

-Тухай өрхийн орлого 500 мянга байх босгыг бид тавьж байгаа. Хамгийн багадаа. 150 мянган төгрөгийн энгийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа өрх 500 мянган төгрөгийн орлоготой байх ёстой болж таарч байгаа юм. Цаашлаад шатлаад явна. 7-8 төрлийн хувилбарыг боловсруулж гаргана. Жишээлбэл, сая төгрөгийн өрхийн орлоготой айл байвал танд ийм ийм боломж байна. Орон сууцаа ингэж ингэж худалдаж авах боломжтой гэдгийг гаргах чиглэлээр ажиллаж байгаа. 

 Эх сурвалж: Zaluu.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.