“Лозанн-2020” олимпийн наадам эхэллээ
Өсвөр үеийнхний өвлийн олимпийн III наадмын нээлтийн ёслол өнгөрсөн шөнө боллоо. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд орон орны 14-18 насны тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө энэ сарын 9-22-ны хооронд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
"Лозанн-2020" цагаан олимпийн наадамд Монгол Улсаас биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нарын зургаан тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм.
Нэгдүгээр сарын 9-22-нд Швейцарийн Лозанн хотноо болох тус олимпийн наадамд 79 орны 1872 залуу тамирчин хүрэлцэн ирээд байна. Тэдгээрийн дундаас олимпийг зохион байгуулагч 112 тамирчинтай Швейцарийн баг хамгийн өнөр бүрэлдэхүүнтэй багаар тодорчээ. Удаах байрт 107 тамирчинтай ОХУ, 96 тамирчинтай АНУ-ын багууд жагсаж байгаа юм. Олимпийн анхны аварга өнөөдөр уулын цанын төрлөөр тодрох болно.
Сонирхуулахад, Залуучуудын өвлийн анхдугаар олимп анх 2012 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдаж байв. Анхдугаар олимпод 67 орны 1059 тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдсөн байдаг. Харин хоёрдугаар олимп 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдаж 71 орны 1071 тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөж байв.
Сэтгэгдэл байхгүй байна.