Д.Мөнхжаргал: Үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

0

Нийслэлчүүдийн "үйлдвэрлэдэг” үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг өмнө нь ярьсаар ирсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл энэ жилээс үнсийг ангилж ялгах, боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж эхэлсэн нь тодорхой хүлээлтүүдийг бий болгоод байгаа билээ.

Энэ талаар Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж Швейцарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж эхлээд байна.

-Иргэдийн тулгамдсан асуудлын нэг болох үнсийг ялгаж, боловсруулдаг болж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдийн хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний үнсийг ялгах, ангилж боловсруулах туршилтын төслийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орж, дэмжигдсэн энэ төсөл нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн СХД, ЧД-ийн 4 хороонд туршилтаар хэрэгжиж байна. 

Агаарын бохирдлын 4-5 орчим хувийг үнс хог, хаягдал, замын тоосжилт бий болгодог. Ялангуяа хаврын улиралд үнс салхинд хийсч хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж агаар, хөрсний бохирдлыг үүсгэдгийг та бүхэн мэдэж байгаа. 

Үнсийг ангилан ялгах туршилтын төсөл эхлэхээс өмнө бид судалгааны байгууллагатай хамтран сайжруулсан шахмал түлшний химийн, физикийн, цацраг идэвхт элементийн, уусгалтын гэх мэт нарийн шинжилгээг хийлгэсэн.

Үнснийхээ дээжийг ч гэсэн 4 янзаар зөвхөн төслийн зуухны, уламжлалт зуухны, нам даралтын зуухны, холимог гэсэн байдлаар бэлтгэж шинжлүүлсэн.

Судалгааны үр дүнгээс үзэхэд шахмал түлшний үнсний хүнд, хортой элементүүдийн агууламж Европын орнууд болон Энэтхэгийн үнсэнд агуулагдах дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна, мөн Монгол улсад хэрэглэгддэг барилгын материалын цацраг идэвхт элементийн MNS 5072:2001, MNS 6469:2014 стандартын дагуу сайжруулсан шахмал түлшний үнсийг иргэний болон үйлдвэрлэлийн барилга, зам талбайд шууд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. /Цацраг идэвхжлийн хэмжээ 167-191 Бк/кг/

Хүнцэл, хар тугалга, цайр никель, хром зэрэг хүнд хорт металлуудын агууламж босго түвшнээс бага байгаа учраас аюултай хог хаягдалд орохгүй, ус болон хүчлийн уусмалд хандлагдаагүй тул газрын хөрсөнд дарж булшлахад байгаль орчинд хортой шүүрэл үүсэхгүй гэсэн учраас газрын нөхөн сэргээлтэнд ч ашиглах боломжтой байгаа.

Бас нэг чухал дүгнэлт бол цацраг идэвхт элементийн шинжилгээ. Хэрэв үнсэнд цацраг идэвхт элементийн хэмжээ их гарсан тохиолдолд үйлдвэрт болон ямар нэгэн барилгын материалд ашиглах боломжгүй.

Сайжруулсан түлшний үнсний цацраг идэвхт элементийн хэмжээ барилгын материалын MNS стандартад заасан хэмжээнээс хэтрэхгүй байгаа учраас барилга, зам талбайд шууд ашиглаж болно гэсэн үг. 

-Одоогийн байдлаар ямар туршилтууд хийгдсэн бэ?

- Хоёр ч туршилтыг хийсэн байгаа. Нэгдүгээрт, цахилгаан станцын үнсэн сан дээр ландфилл хийгээд дээрээс нь ногоон байгууламж байгуулах. Мөн газрын хайрга, элсний карьер болон байгалийн нөхөн сэргээлтэд хэрхэн яаж ашиглаж болох вэ гэсэн туршилт амжилттай болсон. Цахилгаан станцын үнсэн сан дээр нөхөн сэргээлт хийгдэж маш сайхан ногоон байгууламж бий болж чадсан. 

Мөн барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоотой хамтраад барилгын материал үйлдвэрлэх туршилтыг хийсэн. Үүнд эко замын хавтанг зэргийг үйлдвэрлэсэн.

Нөгөө талаас үнс гэдэг маань өөрөө байгалийн эрдэс буюу барилгын чухал материал. Энэ нь гадны улс оронд маш үнэтэйд тооцогддог. Үнсийг боловсруулж, цементтэй ижил хэлбэрээр ашиглаж болно гэсэн үг. Ингэснээр эдийн засгийн хувьд эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх юм. 

-Үнсээ тушаагаад урамшуулалд нь шахмал түлш авах тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?

- Үнсийг боловсруулах ажил нь маш том бөгөөд анх удаа хийгдэж байгаа ажил. Анх удаа ахуйн хэрэглээний хог хаягдлаас үнсээ ялган ангилах гэж байна.

Нөгөө талаас монгол сэтгэлгээгээр үнс бол ариун дагшин зүйл гэж үздэг. Бидний өвөг дээдэс үнсээ ахуйн хог хаягдалтайгаа хольдоггүй байсан. Тиймээс энэ уламжлалаа сэргээж үнсээ ангилан ялгаж, савлах, дадал хэвшил болгох нь зүйтэй. 

Энэ жилдээ багтаан 220 мянган айл өрхөөс үнсийг ялган ангилж авах ажлыг бүрэн хэрэгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. 

Үнсийг ангилахын тулд маш олон туршилт хийнэ. Мөн судалгаа болон санхүүгийн тооцооллыг гаргах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр 220 мянган айлын үнсийг ялган ангилж, тээвэрлэнэ гэдгээр асуудалд хандаж болохгүй юм. Эхний ээлжийн төслийн нэгдүгээр үе шат шинжлэх ухааны үндэслэлтэй лабораторийн шинжилгээ хийлгэнэ.

Цуглуулсан үнсээ хэрхэн яаж хэрэглээнд нэвтрүүлэх, дахин боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх гэхчилэн эхний хэсгийн ажил амжилттай болж байна. Харин хоёр дахь хэсгийн ажил нь дүүргийн ТҮК-ийн ажилчдыг чадавхжуулах, сургах. Мөн иргэдэд мэдээлэл өгч, сургалт явуулах юм. 

Нөгөө талаар бүх талын санхүүгийн тооцоо судалгаа хийнэ. 220 мянган айлын үнсийг цуглуулж, ачихад хэр хэмжээний зардал бий болох, хэр хэмжээний машин техник ашиглагдах, хэдий хэмжээний урамшуулалд хэдэн төгрөгийн санхүүжилт бий болох, хэдэн шуудай үнс тутамд нэг бонус сайжруулсан түлш олгох вэ гэсэн тооцооллыг гаргах шаардлагатай байна.

Энэ бүх тооцооллыг гаргахын тулд Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад хоёр дүүргийн дөрвөн хороонд туршилт явуулж байгаа юм. 

-Нийт хичнээн өрх туршилтын төсөлд хамрагдах вэ?

-Дөрвөн хорооны 7684 хашаа буюу 11800 гаруй айл өрхийг хамруулна. Бид 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хороо, дүүргийн ажилтнууд, иргэдэд хэд хэдэн удаагийн сургалт явуулсан.

Энэ жил цэвэр агаартай хотын төлөө хүн бүр хүчин зүтгэсэн шиг эрүүл ая тухтай, аюулгүй орчныг бий болгоход иргэн бүрийн оролцоо маш чухал.

Бидний төлөвлөснөөр ТҮК-ийн 20 орчим машин үнс ачина. Нэг удаа явахдаа хоёр машин зэрэгцэж явах юм. Ахуйн хог хаягдлыг нэг машинд, нөгөө машин нь үнсээ ачина. Гэхдээ иргэд тогтсон цагийн хуваариар, графикийн дагуу GPS төхөөрөмж бүхий ажлын зураг авалт хийнэ. 

Сайжруулсан түлшний хэрэглээ болон гарч буй үнсний хэмжээг бас бодит байдал дээр тооцоолж гаргаснаар дараа дараагийн шийдвэрүүдээ гаргах боломжтой.

Бидний тооцоолж буйгаар галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15 хүртэл туршилтын төслөө хэрэгжүүлж тооцоо, дүгнэлтээ гаргаад ирэх есдүгээр сарын 15-наас 202 мянган айл өрхүүддээ үнс цуглуулж авах, тээвэрлэх ажил хийгдэнэ.

-Үнс ачихад тогтсон цагийн хуваарь гэж байгаа юу?

- Хогны менежментийн асуудлыг цогцоор нь харж байна. Хог хаягдлын менежмент нэлээд алдагдалтай ажилладаг. Нийслэлээс багагүй хөрөнгө мөнгө гардаг ажлын нэг. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь сайжруулах хэрэгтэй байна. Хуваарийн дагуу үнс, хог хаягдлыг авдаг болох ажлыг хийнэ. 

Иргэдийн зүгээс хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдлаа, тогтсон цагтаа ирж авахгүй байна гэх мэтчилэн гомдол санал ирүүлдэг. Энэ нь биднийг нэгдсэн удирдлагын системтэй болох шаардлагатай байна гэдгийг  харуулж байна.

Тиймээс тухайн дүүргийн, гудамжны хогийг ачсан эсэхийг бид ухаалаг системээр хянах шаардлагатай байгаа. 

-Иргэдээс цуглуулсан үнсээр эко хавтан, явган хүний зам талбай үйлдвэрлэх төсөлд нийт хэдий хэр хөрөнгө шаардлагатай байна вэ?

-Дөрвөн хороонд хэрэгжиж буй туршилтын төслийн санхүүжилт Щвейцарийн Хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна. Гэр хорооллын бүх хороонд хэрэгжих санхүүжилтийн тооцоо туршилтын төслийн явцад нарийвчилсан байдлаар гарах учраас одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй байна.

Үнсээ тушаах ажил эхний нэг, хоёр жилдээ урамшуулал, мотивацитайгаар явах болов уу. Гадаадын улс орнуудад үнс бол мөнгө. Тиймээс цаашлаад үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниуд зах зээлийн зарчмаараа үнсээ эдийн засгийн эргэлтэнд оруулаад явна.

Үнс бол барилгын чухал материал. Үнсийг барилгын материалд ашиглаж, бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэснээр импортыг багасгаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой. Үнсээ ашиглаж эхэлснээр хог хаягдалд зарцуулах татаас хөрөнгийг багасгаж болно. Түүнээс илүүтэйгээр эрүүл мэнд, нийгмийн үр өгөөж талаас нь энэ төслийг харж байна.

-Нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөхөөс гадна агаар, хөрсний  бохирдлыг бууруулахад тодорхой үр дүн өгнө гэж та харж байгаа юу?

-Гэр хороололд үүсч буй агаарын бохирдлын 53,6 хувийг үнс эзэлж байдаг.  Хавар "саарал” шуурга шуурч, тоосжилт, газрын хөрсийг бохирдуулдаг. Үнсээ ангилж ялгаснаар гэр хорооллын дунд үүссэн 300 гаруй ил задгай хогийн цэгийг ч байхгүй болгоно. Нөгөө талаас хүний эрүүл мэндэд хамгийн ноцтой хохирол учруулж буй элемент нь стандартаас доогуур түвшинд байгаа SO2 хүхэр биш юм.

Хамгийн гол нь PM2.5, PM10 гэдэг нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор хүний ам, хамраар орж, уушиг, улаан хоолой болон бусад төрлийн хорт хавдар, өвчлөлүүдийг үүсэх гол хүчин зүйл нь болж байна. Хэрэв бид үнсээ ангилж ялгаад боловсруулж эхэлбэл галлагааны бус улиралд агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

-Төсөлд хамрагдсан айл өрхүүдээс судалгаа авсан болов уу. Уг төслийг иргэд хэрхэн хүлээн авч байна?

-Судалгааны ажлууд хийсэн. Иргэдийн зүгээс эерэг хүлээн авч дэмжиж байна. Утааг 50 хувь бууруулахад иргэдийн оролцоо их байлаа. Зөвхөн таван шуудай үнсээ ангилан ялгаж, урамшуулал авахаасаа илүүтэй Улаанбаатар хотоо амьдрахад таатай, аюулгүй, цэвэр, хоггүй хот болгох эх оронч сэтгэлгээ ахмад, залуу, үеийнхний дунд их байгаа учраас үнсний төслийг иргэдийн ихэнх нь дэмжиж байна.

Нийслэлийн хэмжээнд Нарангийн энгэр, Морингийн даваа, Улаанчулуут гэсэн гурван том хогийн цэг байдаг. Эдгээр хогийн цэгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн байгаа. Тиймээс хогийн цэгийн ачааллыг багасгах, нөгөө талаар үнсээ ялгачихвал дараагийн хог хаягдлыг боловсруулж байгаа хэмжээ нь нэмэгдэх юм.

Одоогийн байдлаар хог хаягдлыг хоёрдогч түүхий эд байдлаар нь 5,5 хувьтай боловсруулалт хийгдэж байна. 

Мөн ахуйн хог хаягдлын 29 хувийг шил эзэлдэг болүнс 60-70 хувийг эзэлдэг гэсэн  судалгаа бий. Энэ нь 300 мянга орчим тонн үнс гэсэн үг. 

Т.Дашмаа

Эх сурвалж: Zuv.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.