Сенатын танхимын гишүүд ажилдаа эргэн орлоо
Коронавирусний цар тахлын улмаас 5 долоо хоногийн хугацаагаар ажлын байраа орхин явсан Сенатын танхимын гишүүд халдвар тархахаас болгоомжилсон хэвээр байгаа хэдий ч даваа гаргаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа эргэн оржээ. Хуралдааныг эхлүүлж байгаа тухай Сенатын танхимын түр дарга Чак Грассли мэдэгдсэн байна.
Сенатын гишүүд амны хаалт, бээлийтэй танхимд цугларч, дор хаяж хоёр метрийн зай барих шаардлагыг биелүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна туслах ажилтнуудынхаа тоог түр хугацаагаар цомхотгож, эмчид тогтмол үзүүлж, халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахыг танхимын гишүүдэд үүрэг болгосон байна.
"Чухал салбаруудад ажилладаг хүмүүс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж, урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажилдаа явж, үүргээ биелүүлсээр байна. Даваа гаргаас эхлэн Сенатын танхим мөн үйл ажиллагаандаа эргэн орно” гэж Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннелл өмнө нь мэдэгджээ.
Өнгөрсөн 5 долоо хоногийн турш Сенатын танхим зөвхөн коронавирус тархсантай холбогдуулан авах эдийн засгийн арга хэмжээнүүдийн багцыг батлахын тулд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч, шуурхай хуралдаж байсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна.