Д.Сумъяабазар: Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчинтой болох хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
2040, 2050 онд Улаанбаатар ямар хот байх ёстой вэ гэдэг хөгжлийн зургийг харж, тэр ирээдүйн хотын төлөө ажиллах амбицтай байна.
Туул гол, Богд ууланд газар олгочихсон байна, асуудлыг шийдээч гэдэг. Гэтэл хот эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй. Туул гол, Богд уулаа хамгаалж чаддаггүй. Төсөв, санхүүгийн асар хүнд нөхцөлд 2001 оноос хойш Хотын дарга нар ажиллаж ирсэн юм байна лээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж найруулах зүй ёсны зайлшгүй шаардлага тулгарсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-нд батлагдсан. Үүний дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан, үүнийг дагаж Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль орсон юм. Нэгжийн хуулиар орон нутагт томоохон өөрчлөлт орохоор болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тус хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ хууль эдийн засгийн бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бодитоор бий болгох, засаг захиргааны реформ хийх бололцоог нээж өгсөн. Ийм гурван суурь, тулгуур зарчмыг нэгжийн хуульд тусгасан учраас дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Үе үеийн Хотын дарга нар хотоо сайхан болгох, өөрийн гэсэн хийж, бүтээсэн ажлуудтай байхыг хүсдэг, түүндээ хүрэхийн төлөө зорьдог. Гэтэл дээр хэлсэнчлэн эрх зүйн хувьд чадамжгүй байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллаж, УИХ-ын дарга дэмжиж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулж, нийслэлийг хөгжлийн бодлого, санхүү, мөнгө, гадаадын зээл, тусламжаар нь дэмжих гэх мэт зорилгоор боловсруулсан. Улсын хүн амын тал нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Тиймээс ч Засгийн газрын оролцоо сайн байх ёстой.
Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий. Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Нэгжийн хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд ч олон улсын түвшинд бонд гаргах гэх мэт асуудал тусгагдаж, Ажлын хэсэг дээр хэлэлцэгдээд явж байгаа.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна. Дэд төвүүд дээр суурилсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Улаанбаатар хот дагуул хоттой болох зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд мөн оруулж байгаа. Дагуул хот Улаанбаатар хотын хөгжлийн нэг гол цэг байна. Дагуул хотоо дагасан хөгжлийн ямар концепц гаргах уу, ямар хуулийн зохицуулалт байх вэ гэхээр Дагуул хот гэсэн дангаараа хууль байж болно. Дэлхийн том төслүүд бол хууль байдаг юм билээ. Жишээ нь, Газрын тосны үйлдвэрийг дэмжих тухай хууль гэж гарсан шиг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах хүрээнд Дагуул хотыг дэмжих тухай хууль гэж байж болно. Дээр дурдсан ажлуудыг эхлүүлсэн, хийсэн Хотын дарга байхыг хүсэж байна.
Би эмээ дээрээ өссөн, ээж, аав дээрээ ирж, очдог хүүхэд байсан. Хүмүүжил маань зөв байсан байх гэж боддог. Нэг ажлын ард гарахын төлөө хичээдэг, зүтгэдэг зантай.
Орчин үеийн шийдэл бүхий Улаанбаатар хотыг босгохын төлөө, суурийг нь зөв тавихын төлөө, засаг, захиргааны нэгжид бугласан идээ, буглааг шахаж, хүний нөөцийн бодлогоо орчин цагт нийцүүлэн төлөвлөж, шударга, чадварлаг, хүчтэй залуучуудаар багаа бүрдүүлэх ёстой. Хотын гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргамаар байна. Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчныг бий болгоод, чадамжтай хүний нөөцтэй болох хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөцөд шинэчлэл хийнэ. Шилдэг, чадварлаг залуучуудыг авч ажиллуулахын төлөө ажиллана. Томоохон төслүүдийг эхлүүлнэ. 2040, 2050 онд Улаанбаатар ямар хот байх ёстой вэ гэдэг хөгжлийн зургийг харж, тэр ирээдүйн хотын төлөө ажиллах амбицтай байна.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа үүнийг дагалдах хуулиудаар зааж өгнө. Тэгж байж дэд төв, дагуул хот руугаа хотоо тэлэх зэрэг үе шаттай ажлууд хийнэ.
Мэдээж надад улс төрийн капитал байгаа. 2008 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш анхан шатны нэгжээс эхэлж ажилласан. Дүүргийн намын үүр, хороо, хэсэг дээр хүртэл ажиллаж байлаа. Залуучуудыг хороо, хэсэг дээр дөрвөн жил ажиллуулж, бодит амьдралыг мэдүүлмээр байгаа юм. Ялангуяа гадаадад төгсөж ирсэн, боловсролтой, зөв амбицтай явж байгаа залуучуудыг анхан шатанд нэг, хоёр жил ажиллуулаад, бодит амьдралыг мэдрүүлэх хэрэгтэй санагддаг. Дараа нь Монгол Улсынхаа чиглэл, чиглэлийн салбарт ажиллавал илүү зөв гэж боддог. Хүнтэй харьцах харьцаанаас эхлээд, хүн сонсох гэдэг их чухал. Би буруу зүйлд зарчмын хатуу байр суурьтай ханддаг. Буруу зүйлийг зөв болгож, ард нь гарахын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг. Алдаа, оноотой байсан ч сүүлд нь алдаагаа дүгнүүлэхийг хүсдэг. Замын голоос ухрахыг хүсдэггүй чанар байдаг. Үүнтэй л холбоотой болов уу.
Иргэдийн бизнес, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийг барих зохицуулалт хийхээр бэлдэж байгаа. Нэг ёсондоо төрийн дарамт эрс багасна гэсэн үг.
Давхар засаглалын бүтцээ бэлдэх, эрүүл мэндийн салбараа дэмжих гээд ажил их байна. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засаг, хотын иргэд рүүгээ чиглэсэн зөв бүтцийг төлөвлөж байгаа. Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох эхний алхмаа тавьж байна. Энэ хууль бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрх ашгийн үүднээс гарч байгаа. Хууль батлагдсанаар хотод тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн парк шинэчлэл, зам засвар, үйлчилгээ гээд олон асуудал шийдэгдэнэ. Мөн хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр эрүүл, аюулгүй байх гэсэн шаардлагыг тавиад, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгох ёстой. Иргэдийн бизнес, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийг барих зохицуулалт хийхээр бэлдэж байгаа. Нэг ёсондоо төрийн дарамт эрс багасна гэсэн үг. Хоёрдугаарт, санхүүгийн чадамжийг бий болгоно. Ажлын байр олноор бий болно. Ирэх жилүүдэд том бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Дэд бүтцийн ажил хийгдэнэ. Манай хотод цоо шинэ эерэг нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл байхгүй байна.