Зовлон ихтэй нийслэлийн зоос ихтэй дарга нар буюу НИТХ

0

Зовлон ихтэй нийслэлийн зоос ихтэй дарга нар буюу НИТХ

Ж.БАТБАЯСГАЛАНГААР УДИРДУУЛСАН  45 ТӨЛӨӨЛӨГЧ ЖИЛД 11.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ, 38.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 110 ОРОН СУУЦТАЙ, 11.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ- 

 Нийслэлийн иргэдийн зовлон даанч их юм. Нимгэрэх байтугай нэмэгдээд л байх юм. Урагшилж хөгждөг байтал ухарч доройтсоор л байна, Улаанбаатар. Толгойны өвчин болсон том хэдэн жишээгээ дурдъя. Хоёр жилийн өмнөх сонгуулиар Ардын намынхан "Утааг ялав” гэж Улаанбаатарчуудыг мөн ч их "хошгируулсан” даа. Ялангуяа одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан шахмал түлш тэвэрсэн зурагтай, "Утааг ялав, түгжээг тайлна” гэх сүржин уриатай сонгуульдаж явсан. Харамсалтай нь, хоёр жилийн дараа хорт хөх утаа дахин хөшиглөж, тэр ч үнэнд гүйцэгдлээ. Утаанаас үүдэлтэй уушгины өвчлөл гаарч, эмнэлгээр хатгалгаатай хүүхдүүд, ханиаж бөгшүүлсэн хөгшид дүүрч байна. Улаанбаатарчууд уушгины өвчлөлөөр дэлхийд "цойлох” нь.  Нийслэлчүүд автозам дээр "амьдардаг” боллоо. Нисэх, Яармагт амьдардаг иргэдэд бол ярих ч юм биш. Түгжрэл туйлдаа хүрч, "тэг зогсолт” хэвийн үзэгдэл болов. 30 хоногийн цалин нь гурван тор хүнс хүрэхгүй, цаг нартай уралдан ядалцаж яваа ард түмэнд түгжрэл шиг том зовлон алга. Уг нь түгжрэл бууруулах нэрээр энэ жил 440 тэрбум төгрөг зарцуулсан. Атал автозамын түгжрэл нэмэгдсэн үү гэхээр буурсангүй. Ирэх жил дахиад тэр дайны мөнгө зарцуулна гэх. Утаа улстөрчдийн мөнгө идэх арга байсан шиг түгжрэлийн төсөв ч тийм замаар л зарцуулагдаж байгаа бололтой юм. 
     Ядахад яр гэгч болж, дарга нар маань давс, бодисоо ч цацаж чадахаа болилоо. Халтиргаанаас болж түгжирч яваад мөргөлддөг болов. Хараал урсгасан жолооч нар хаа сайгүй, "Өвлийн дугуйтай байгаад ч нэмэр алга” гэж хотын удирдлагуудаа харааж байна. Уулзвар зохицуулдаг цагдаа уут давс, хог ачдаг ТҮК-ийнхан хүрз давс цацахаар яаж ч халтиргаа арилах билээ. Түгжрэл бууруулах нэрээр салхинд хийсгэж, салаан завсраараа урсгасан өчнөөн тэрбум төгрөгөөрөө давс цацдаг техникүүдээ ядаж нэмчихсэн бол гэж амтай болгон нь, амины машинтай болгон нь халаглаж байна.  "Мөсний баяр”-аа мөдхөн Хөвсгөл биш хотдоо хийдэг болох янзтай. Хөөрхий хэдэн авто засварын газрууд ашигтай ажиллаж, эсрэгээрээ даатгалынхан дампуурах нь. 
     Амьдралын чанар, ажилгүйдэл, ядуурлын тухай яриад ч хэрэггүй биз. Хэдэн төрийн бус байгууллагууд хотын захын хорооллын хүүхдүүдэд бэлэг тарааж, бяцхан зүрхэнд нь баяр түгээхийн сацуу уламжлал ёсоор улстөрчдийг "ичээгээд” эхэлж. Хөхөө өвлийн хүйтэнд хөл нүцгэн гүйж яваа хүү тэнд байна, харанхуй гэрт халуурч хэвтээ ой хүрээгүй охин тэнд байна. Нийслэлд амьдарч байгаа нэртэй л боловч нийгмээс бүрэн "таслагдчихсан” байна, тэд. 

Зовлон ихтэй нийслэлийн зоос ихтэй дарга нар буюу НИТХ

 

      Тэгвэл нийслэлийн удирдлагууд ер нь юу хийж байна вэ. Ялангуяа, Орон нутгийн сонгуулиар орц хонгил, булан тохой, гудамж талбай болгонд өөрийнхөө зургийг нааж, "Нийслэлийн иргэн таныг аз жаргалтай, аятай тухтай, агаар нь хоргүй, зам нь түгжрэлгүй, хот шиг хотод амьдруулна” гэж амлаж сонгогдсон Нийслэлийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ер нь юу хийж суудаг хүмүүс вэ. Нийслэлийн иргэд утаанд угаартаж, түгжрэлд "тарчилж”, халтиргаа гулгаанд хөрөнгөө сүйтгэж, хотын захын харанхуй хороололд хоосон ходоодтой амьдарцгааж байхад тэд юу хийж байна вэ. Уг нь Улаанбаатарыг улс гэвэл жишвэл Нийслэлийн иргэдийн хурал бол Засгийн газар нь. Ж.Батбаясгалан бол Улаанбаатарын Ерөнхий сайд гэсэн үг. Нийслэлийн нэг ширхэг асуудал бүхэн НИТХ-тай уяатай, уялдаатай байх ёстой. 
 
Иймд бид НИТХ-ын төлөөлөгчдөд сонирхолтой судалгаа хийж үзлээ. НИТХ-ын 45 төлөөлөгч буюу ЕБС-ийн нэг ангитай тоогоороо дүйх тэдний хөрөнгийг нэгтгэвэл асар том тоо гарч ирдэг ажээ.
 
     Тухайлбал, Ж.Батбаясгалангаар удирдуулсан НИТХ-ын 45 төлөөлөгчийн жилийн нийт орлого, орон сууцных нь тоо болон үнэ, дотоодын банкан дахь хадгаламжийг нь нэгтгэж үзлээ. НИТХ-ын 45 төлөөлөгч жилд нийт 11.3 тэрбум төгрөгийн орлоготой ажээ. Төлөөлөгч нар дунд жилд 90 сая төгрөгийн орлоготой хүн ядуудаа ордог аж. Харин тэдний эзэмшдэг орон сууцыг нь нэгтгэвэл нийт 110 орон сууц буюу 38.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. НИТХ-ын төлөөлөгч нар ихэвчлэн 2-3 орон сууцтай байх бөгөөд төлөөлөгч Д.Энхбаяр 10 орон сууц эзэмшдэг гэдгээрээ тэргүүлж байна. Харин 2020 онд төлөөлөгч Б.Одсүрэн 9.1 тэрбум төгрөгийн 25 орон сууц эзэмшдэгээрээ тэргүүлж байсан юм. Одоо түүний орон сууц 9 болж, Д.Энхбаярын араас хоёрт бичигдэж байна. Харин НИТХ-ын төлөөлөгчдийн хадгаламжийг нь нэгтгэвэл 11.3 тэрбум төгрөг болж байна. Төлөөлөгч нар дунд бизнесгүй гэх мөртөө 2.0 тэрбумын хадгаламжтай хүн ч байна. 
      НИТХ-ын төлөөлөгч нарын жилийн орлого, орон сууц, хадгаламжийг нь ингэж нэгтгэж харуулсан шалтгаан нь тун энгийн. Өөрөөр бол, 10 орон сууцтай төлөөлөгч ард түмний дунд амьдрал яриад явахыг нь харсангүй, 6.0 тэрбумын хадгаламжтай төлөөлөгч захын гэр хороололд оччихсон явсныг нь олж үзсэнгүй. Хэлэх гэсэн санаа нь, НИТХ-д иргэдийн төлөөлөл биш хөрөнгөтнүүд, томчуудын тавиулууд цуглачихсан учраас эндээс нийгэм рүү, нийслэл рүү чиглэсэн шийдэл, шийдвэр аль аль нь гарахгүй байгаа юм байна. Жишээ нь, нэг хэсэг нь барилгаар дагнасан бизнесменүүд байна. Энэ онд Хөвсгөлд 640 хүүхдийн сургуулийн барилгын 10 тэрбумын тендер авсан "Их эрин констракшн” ХХК төлөөлөгч П.Ганзоригийн гэр бүлийнх, сүүлийн гурван жил Сонгинохайрхан, Хэнтийн сургууль, цэцэрлэгийн тендерийг авч байгаа "Хүрэл ордон” ХХК М.Говьсайханых гэх мэтээр цааш хөвөрнө. Нөгөө хэсэг нь томчуудын тавиулууд байна. Хотын дарга Д.Сумъяабазараас 10 гаруй жил холдоогүй Н.Баярчимэг, УИХ-ын гишүүн Н.Учралаас салаагүй Д.Ихбаяр гээд цааш хөвөрнө. Хатуухан хэлэхэд, НИТХ жилдээ нэг удаа хэрүүл, хэлцэлтэйгээр хөөсрөлтэй төсөв баталсан болоод, улирал болгонд өөрсдийгөө урамшуулж, төсөл тендерээр түрийвчээ зузаалж, төрийн ордонд түшээ болохоо хүлээж суудаг нөхөд болцгоосон байна.

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.