"Зууны мэдээ” сонины "Бизнес, хөгжил” булангийн зочноор "Агро нэгтгэл трейд” компанийн захирал Л.Нямсүрэнг урьж ярилцлаа.
-Гадаад руу мах экспортолдог цөөн компани бий. Тэдний нэг нь танайх. Хэдэн улс руу мах экспортолж байна вэ?
-Ихэнх компани БНХАУ, ОХУ руу мах экспортолдог. Бид ч гэсэн энэ жишгээр БНХАУ руу түлхүү экспорт хийдэг байсан. COVID-19 цар тахлаас болж махны экспорт зогссон. Манай улс хоёр хөршийн дунд байрладаг. Өөр улс руу мах экспортлох гэхээр хол зам туулах болдог. Тиймээс өөр бусад улс руу экспорт хийх нь ховор. Цар тахлаас үүдэж хоёр хөрш мах худалдаж авахаа больсон. Тиймээс бид Узбекстан, Казахстан, Иран, Кувейт, Катар руу мах экспортолж эхэлсэн. Одоо БНХАУ, ОХУ болон дээрх таван улс руу мах нийлүүлж байна.
-Та ямар мэргэжилтэй вэ. Махны салбартай холбогдох болсон шалтгаан бий байх?
-Би 2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд эхнэртэйгээ хамт банкнаас зээл авч Улиастайд хүнсний дэлгүүр ажиллуулсан. Махны салбарт орох болсон шалтгаан аавтай минь холбоотой. Аав маань Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн. Мах импекс, мах маркет зэрэг махны үйлдвэрт насаараа ажилласан. Тиймээс аавыгаа дагаж махны салбарын хүмүүстэй танилцаж, сайн муу бүх зүйлийг нь мэдэж авсан.
Эдийн засагч хүний хувьд жижиг дэлгүүр ажиллуулахаас илүү ашигтай ажиллаж болох юм байна гэж тооцоолоод энэ салбар руу орж билээ. Ингээд 2009 оноос "Хүчит шонхор” зах болон дотоодын нөөцийн мах бэлтгэдэг, экспортод гаргадаг компаниудад мал, махыг нь бэлтгэж өгдөг болсон. 2011 оноос Улиастай дахь жижиг дэлгүүрээ махны цех болгон ажиллуулсан. 2014 онд Хөвсгөл аймагт махны үйлдвэр ашиглалтад оруулсан. Харин Эмээлтэд байгаа үйлдвэрээ 2018 онд ашиглалтад оруулсан. Энэ мэтээр салбарынхаа бүх ажлыг хийж үзлээ дээ.
-Үйлдвэр байгуулах амар биш. Хүн хүч, хөрөнгө мөнгө их шаарддаг. Анхны үйлдвэр байгуулах мөнгөө яаж босгож байв?
-Аав ээж маань бэлэн мөнгө гаргаад өгөх боломжгүй. Тиймээс өөрөө л энэ бүхнийг зохицуулдаг байсан. Аливаа зүйлийг эхлэх нь хамгийн хэцүү. Эхний 7-8 жил туршлагагүй, хөрөнгө мөнгөний асуудал үргэлж тулгардаг байсан. Өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байж л давж туулсан даа. Жишээлбэл, анх танилцахдаа эхнэр бид хоёр сард 18 мянган төгрөгийн хүнс хэрэглэдэг байсан. Харин хэмнэсэн мөнгөөрөө банкны зээлээ төлж, үлдсэнээр нь дэлгүүр болон үйлдвэрээ сайжруулахад зарцуулдаг байсан.
-Социализмын үеэс хойш монголчууд үйлдвэрт мах бэлтгэхээ больсон. Үүнээс үүдэж гадны улсууд манайхаас мах авах сонирхолгүй болсон. Танай үйлдвэр бусад үйлдвэрээс ямар давуу талтай вэ?
-Монголын хүн амын 50 хувь нь хөдөө аж ахуйтай холбоотойгоор амьдралаа залгуулдаг гэсэн тооцоо бий. Яг мах, арьс ширээ борлуулж амьдралаа залгуулдаг малчид хагас сая орчим байдаг. Малын тоо жил бүр өсөж байна. Үүнээс үүдэж байгаль экологийн доройтол их гарч байна. Дотоодын махны хэрэгцээ хангагдаад цаана нь борлогдохгүй их хэмжээний мал байна шүү дээ.
Тэгвэл малыг гадагшаа экспортод гаргаж малчдын орлогыг нэмэгдүүлэх, эх орондоо ам.доллар оруулж ирэх зорилготой анх үйлдвэрээ нээж байсан. Манай давуу тал нь стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, өнгөрсөн хавар Эмээлтийн 30 гаруй үйлдвэрт шалгалт хийхэд хоёр үйлдвэр шаардлага хангаж байсан. Түүний нэг нь манай үйлдвэр. Малд бүх төрлийн үзлэг шинжилгээг хийж, зориулалтын дагуу хадгалж экспорт болон дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг.
-Мах экспортлоход тулгамддаг асуудлууд юу байна. Түүнийг хэрхэн шийдэж байна?
-Экспортод мах гаргахад тулгардаг асуудал нь малын өвчин. Үүнийг бид засаг, төртэйгөө хамтарч байж шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд хийх ажил бол малаа эрүүлжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр экспортод гаргахад саадгүй болно. Бидний хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, лабораторийг нэвтрүүлсэн. Энэ нь шийдэл болж байна.
-Танайх сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа гэсэн. Хүмүүс нөөцийн махнаас илүү хөдөөнөөс авсан мах амттай, найдвартай гэдэг. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Энэ жил нөөцийн мах бэлтгэхэд 15 тэрбум төгрөгийн зээл авч 2200 тонн мах нөөцөлж, борлуулалтад гаргаад байна. Бид хөдөөнөөс авсан мах амттай гэдэг ч нянгийн байдал, бохирдолд шинжилгээ хийдэггүй. Харин үйлдвэрт бол үйлдвэрийн малын эмч эрүүл мэндийн бүрэн үзлэг хийдэг. Тиймээс үйлдвэрийн аргаар төхөөрсөн мах хамгийн эрүүл гэж хэлж болно. Мөн сүүлд сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйлдвэрийн аргаар төхөөрсөн малын мах хэрэглэнэ гэдэг хууль гарсан. Энэ бас нэг дэвшилттэй шийдэл гэж харж байгаа.
-Хэдэн ажилтантай вэ?
-Анх эхнэртэйгээ хоёулхнаа эхэлж байсан бол одоо байнгын 40 гаруй ажилтантай болжээ. Ид ажлын үе буюу намар 150 гаруй хүнийг ажиллуулдаг. Улсдаа татвар төлж, олон хүнийг ажилтай, орлоготой байлгах юмсан гэсэн хүсэлтэй л ажиллаж байна.
-Танай салбарт татварын хөнгөлөлт байдаг байх. Ямар хөнгөлөлт эдэлж байна?
-Үйлдвэрийн аргаар төхөөрсөн маханд НӨАТ болон экспортын татвараас хөнгөлүүлж байна. Mахны экспортын бизнес ирээдүйтэй сайхан харагдаж байна.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвал: "Зууны мэдээ” сонин
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.