АИХ-ЫН ДЕПУТАТ Б.САНДУЙЖАВ: ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖИЛД МАН ГАРШИЖ, АН ИЧИНГҮЙРЧ, ХҮН ЦАЙРЧИХСАН БАЙНА

0

Ардын их хурлын депутат, Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Сандуйжавтай ҮХӨ-ийн асуудлаар ярилцлаа.


-Эрх баригчид ҮХӨ оруулахаар УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллууллаа, хэдхэн жилийн өмнө суурь хуульд мөн өөрчлөлт оруулсан шүү дээ. Та ахмад хуульч, улс төр, нийгмийн зүтгэлтний хувьд энэ асуудлыг ямар байдлаар дүгнэж сууна?

-Үндсэн хууль мөрдөгдөх хугацаатай харьцуулбал өөрчлөлт хийсэн тэр цаасны бэх хатаагүйтэй адил. Учир нь Үндсэн хууль гэдэг тонгочуулж байдаг зүйл огтхон ч биш. Удаан хугацаанд мөрдөгддөг улс орны сахих, даган мөрдөх баримт бичиг. Зүйрлэж хэлбэл нэг чигийн олон эгнээтэй хурдны зам гэмээр. Намуудын мөрийн хөтөлбөрийг үндэслэн сонгогчид аль эгнээгээр хурдан явахыг ард түмэн сонгох учиртай. Гэтэл албан тушаал, амин хувийн эрх ашиг, шуналаа дарж ядсан хэсэг бүлэг хүмүүс янз бүрийн бүр инээдтэй гэмээр шалтаг гарган замаас эргэж буцахаар улайран дайрч байх шиг. Эрх баригчид өөрсдөө оройлон дагуулж байгаа нь бүр харамсалтай.

-Та хэдийн баталсан 1992 оны шинэ Үндсэн хууль тийм муу хууль уу. Өмнөх өөрчлөлтүүдийн үр дүн ямар байгаа бол?

-Ер нь 1992 оны Үндсэн хуульд улс орны хөгжилд тушаа, садаа болсон зүйл, заалт байхгүй.

Герман, Швейцарийн эрдэмтэд, экспертүүд манай шинэ ҮХ-ийг магтаж байсныг сонсож л байлаа. Харин үе үеийн эрх баригчид алдаа дутагдал, завхралаа хаацайлах шалтгаа Үндсэн хууль руу чихдэг. Түүнд нь гэнэн ард түмэн итгэдэг байхгүй юу даа. Бид чинь бүдэрсэн чулуугаа буруутгадаг ард түмний үр сад болохоор тэр биз. Дөрөв шахам жилийн өмнө оруулсан өөрчлөлтийг хэлье л дээ. Товчхондоо чааваас даа гэмээр. Тиймээс ямар үр дүн өгснийг хэлэхэд бэрх. Шүүхийн өөрчлөлт шинэчлэлийн үр дүн түмний нүдэн дээр ил тод хуучнаараа байгааг хэлэхэд хангалттай. Салбарын хуулиар зохицуулах олон асуудал шавсан даа...

-Уучлаарай таны яриаг тасалчихлаа. Үндсэн хуулийг зайлшгүй дахин өөрчлөх шаардлагын талаар УИХ-ын гишүүд, сайд нарын хэлж ярьж байгааг та сонссон байх. Тэд үнэхээр зөв яриад байна уу, тархи угаалт гэдгээ хийгээд байна уу?

-Шуудхан хэлье, энэ бол минийхээр тархи угаалт. Үнэмшилтэй нотолгоо тэнд бараг байхгүй дээ. Хэн юу гэж ярьсныг шаардлагатай бол би нэртэй, устай нь хэлж чадна.Тэдний хэлж ярьсан зүйлүүдэд хариулт өгье л дөө. АИХ-аас 1990 онд байгуулсан 53 хүний бүрэлдэхүүнтэй УБХ маш сайн ажиллаж олон сайн хууль баталсан. Одоо ч мөрдөгдсөөр байгаа. Хүн ам цөөн байсан уу, байсан. Өссөн нь бас үнэн. Бид тэр үед УИХ-ын гишүүдийн тоог хүн ам өснө, үржинэ гэсэн үндэслэлээр 53 биш 76 гэж тогтоосон юм шүү. Тэр үетэй харьцуулахад Монголын зам тээвэр, цахим технологийн хөгжил дэлхийтэй зэрэгцсэн тул гишүүдийн эргэх холбоо буюу ард түмэнтэй харилцах боломж мянга дахин хялбар болсныг огт бодолцохгүй байна.

-Гишүүдийн тоог нэмэхээр зардал нэмэхгүй гэж эрх баригчид ярьж байгаа. Таны хувьд зардал нэмэгдэнэ гэж үзээд байна уу?

-Зардал нэмэгдэхгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Намын жагсаалтаар орж ирэх гэж хүсээд байгаа 76 нь цалингүй, туслахгүй, хангамжгүй, томилолтоор явахгүй. Тэр байтугай суух өрөө тасалгаагүй, компьютергүй ажиллах хэрэг үү. Үүнд нь тэгээд цэцэрлэгийн хүүхэд ч үнэмшихгүй шүү дээ. Бид цөөхүүлээ учраас авлигад өртөөд байна. 152 болчихвол авлига авахаа болино. Харин бидэн дунд авлигачид бий, гэхдээ би биш гэж ярьцгаадаг. Тийм байж болно. Тэгвэл бусад авлигачдаа нэрлэмээр дээ. Эс бөгөөс хам хэрэгтэн, бүгдээрээ авлига авдаг гэсэн логик гарна биз дээ. Бид ачаалал ихтэй 2-3 байнгын хороонд ажиллаж, сайд нар УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэж, их ядарч байна гэцгээх юм. Уучлаарай ноёд оо, бид та нарыг албадаж томилоогүй, өөрсдөө нэр дэвшиж, гуйж гувшин байж сонгогдоод, тангараг өргөцгөөсөн. Дан дээлтнүүдийг халж сайн дураараа давхар дээл өмссөн сайд нар биз дээ. Ялархаад байвал больчихож болно. Ачааллыг даагаад та нараас хэдэн хувь илүү ажиллах чадавхтай залуус Монголоор дүүрэн гэдгийг мартав.

-Таны депутат байх үетэй өнөөгийн нийгмийг харьцуулахад хүн ам бодитой өссөн шүү дээ. Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбаруудыг үүнд хийж байна. Яагаад тоог нэмж болохгүй гэж...?

-Куб язгуур, 108 эрхиний тоо ч гэх шиг янз бүрээр толгой эргүүлж гишүүдийн тоог нэмэх гэсэн явуургүй нотолгоо их ярьцгааж байна. Ардчилал хөгжсөн том гүрэн Энэтхэг, АНУ, авсаархан Швейцарийн хүн амаас язгуур гаргаад үзээрэй. Гишүүд цөөдөөд хуулийн чанар муудаад байгаа гэнэ. Үндсэн хуульд 19-үүлээ хууль батлах заалт байхгүй. Өөрсдөө баталсан дэг нь тэр. Дээр би 53 хүнтэй УБХ хэрхэн сайн ажилласныг дурдсан. Дараа, дараагийн 76-чууд сайн ажиллаж байсан боловч сүүл рүүгээ УИХ-ын чанар үлэмж муудсаар ийм байдалд хүргэсэн эдгээр нөхөд ичих ёстой. Тэдний тоо цөөдөөгүй, харин бүгдэд эх оронч үзэл, сэтгэл, зүтгэл, эрмэлзэл, ур чадвар дутаж, олон хүний шунал хэтэрсэн. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчөөд ичихдээ 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж байна гэж бултаж байна. Ийм хууль журам хаана ч байхгүй, хэдхэн хүн гашуунаар хэлбэл тойрон хүрээлэгчдээ цуглуулан, ярьсан болж санал авсныгаа бүх ард түмний санал асуулгыг төлөөлүүлж болохгүй ээ.

-Одоо тэгээд яах бол, эхний хэлэлцүүлэг хийчихлээ, өөрчлөлт ногоон гэрлээр явчих юм биш үү?

-Намуудын хуйвалдаан учраас тэгнэ байх. Ийм хуйвалдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарчим, заалт байхгүй. Гэвч өмнө нь ийм зүйлд гаршсан туршлага бий. АН бага зэрэг ичингүйрч ХҮН цайрчихав. Одоогийн 76 дахин сонгогдох магадлал нэг дахин өсч байхад эрх баригчид төдийгүй бусад нь баярлалдаж үүнд нэгдэх нь зүйн хэрэг. УИХ ямар шуурхай болсныг харж байгаа биз. Хэзээ ингэж байлаа даа. Тавхай нь гялалзана гэдэг шиг. Улс орны эдийн засагт хэрэгтэй, хөгжилд тустай асуудалд яаж хандаж ирснийг бид мэднэ дээ. Өнөөдөр ард түмний амьдрал тэдний хэлдгээр улных болж, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарууд сэхээний орон дээрх өвчтөн лугаа боллоо. Эрүүл мэндийн салбар сувилагчгүй, боловсрол багшгүй, эрчим хүч нөөц эх үүсвэргүй болсон гээд тоочвол сонины зай хүрэхгүй байх. ҮХ-ийг өөрчилснөөр 152 хүн, тэднийг дагасан хэдэн зуун хүний амьдрал сайжрах л байх. Эд эргээд улс орныг өөд нь татахыг миний нас үзэх болов уу. Одоо 152 хүнийг яаж тэжээнэ гэж халаглаж байгаа мянга мянган хүнийг буруутгах аргагүй. Учир нь 30 гаруй жилийн түүх ингэж хашраасан.

-Нөгөөтэйгүүр Сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулъя өөрчилье өө гээд байгаа шүү дээ?

-Сонгогчдын санал гээгдэхгүй гэх үндэслэлээр хувь тэнцүүлэх хэлбэрийг Сонгуулийн хуульд тусгахыг дэмжиж байгаа. Харин би дээр дурдсан няцаалтууддаа үнэнч байж гишүүдийн тоог нэмэхийг эрс эсэргүүцнэ. Өөрчлөлт хийж сонгууль явуулсны дараа үүсэх хүндрэл бэрхшээлийг ярьцгаахгүй байна. Тухайлбал өнөө үед аль нэг нам 50+1 хувийн санал авах магадлал "0” гэж үзэж болно. Эвслийн Засгийн газар байгуулахаас эхлээд УИХ-ын хуралдааныг гацаах зэрэг наад захын бэрхшээл үүсч байсан түүх манайд бий. Ардчилал хөгжсөн Израил улс сүүлийн хоёр жилд парламентын сонгуулийг 5-6 удаа хийж, арай гэж байгуулсан Засгийн газар нь тогтворгүй, хэрүүл маргаан, жагсаал цуглаан дагуулж, хөрш Палестинтай дайны байдалд очлоо. Ийм жишээ, зовлон тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн түшээд шунал, тачаалаа хойш тавьж, эх оронч зүрх сэтгэлээр ёстой чөмгөө дундартал зүтгээд улс орноо бага боловч өөд нь татаад ирвэл УИХ-ыг өргөтгөх асуудалд ард түмэн, сонгогчид санал нэгдэнэ. Одоо бол цаг нь биш, дэндүү ёс зүйгүй, увайгүй үйлдэл гэж бодож байна.

Тэгээд ч улсын төсөв, банк, хөгжлийн бүх санг цөлмөчихсөн одоогийн УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйн эрхгүй, улс төрийн чадамж бүр байхгүй. Хулгай, цөлмөлтөд холбогдоогүй нэг ч гишүүн алга байгааг харж байгаа биз дээ. Ийм хүмүүсээр өөрчлүүлсэн эцэг хуулиа дээдлэх сүжиг лав хүрэхгүй. Харин засаг захиргааны нэгж, удирдлагын зохион байгуулалтын талаар иргэд, төрийн байгууллагуудаас тавьж байгаа саналыг үндэслэн яваандаа ҮХ-д нэмэлт оруулж бололгүй яахав.

-Та Ардчилсан үндсэн хуулийг батлалцсан үндсэн хууль тогтоогч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтны хувьд улс орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Мэдээж өөдрөгөөр, гэхдээ анхаармаар зүйл мөн ч олон, санаа зовохоос цаашгүй гэх үү. Төрийн бүх шатанд болон бизнест ёс зүй дутагдаж байгаагаас жирийн иргэд их бухимдаж улмаар зэрлэгших шинжтэй болж байгааг өдөр тутам харж болно. Манай банкныхан ажлаа зохих ёсоор хийдэг байгаасай. Хөгжилтэй орнуудын банк зээл олгосон бол маргаашаас нь эхлэн байнга дагаж хянаж, зөвлөж, үүссэн асуудлыг хамт шийдвэрлэж явдгийг анзаарсан. Харин ажиглаад байхад манайхан зээл өглөө, хувиа аваад таг чиг. Нэг мэдэхэд бөөн асуудал үүссэн байдаг бололтой. Төр бүх салбарын ажлыг заах, хутгалдах биш, хууль эрх зүй, стандартыг боловсронгуй болгоод мөрдүүлэхийг шаардах үүрэгтэй баймаар. Хэрэв хот төлөвлөлтийн стандартаа мөрдүүлсэн бол өнөөдрийн түгжрэл, утаа, сургууль, эмнэлгийн хомсдол тартагтаа тулахгүй, аалзны тор шиг гэр хороололтой болохгүй байжээ. Ийм гэр хорооллыг үе үеийн УИХ-ын гишүүд бий болгосныг эсэргүүцэхгүй болов уу. Хийж бүтээж байгаа олон зүйлийг үгүйсгээгүй шүү. Хөрөнгө мөнгө их шаардахгүйгээр утаа, шороо тоосыг багасгах, хотоо ногооруулах арга захаас аван зөндөө. Хотод амьдрах гэж байгаа бол гудамж, хашаандаа мод, цэцэг тарих, зүлэгжүүлэх, зэрлэгийг зулгаалгах ажлыг иргэний үүрэг болгоод өгчих л дөө. Хийснийг урамшуул алдаршуул, хийгээгүйд хариуцлага тооцох аргаа олцгооно биз. Аливаа гажуудал, хууль бус юмыг мэдсээр байж өнгөрсөн хойно нь бүгд тойрч зогсоод гайхаж, чанга дуугаар шүүмжилж сүр бадруулахаа болих юмсан.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.