М.Аюурзэд: Хань минь миний хамгийн шилдэг дэмжигч

0

М.Аюурзэд: Хань минь миний хамгийн шилдэг дэмжигч

 

Төгс төгөлдөр бие бялдар, эрүүл зөв амьдралын хэвшлийг бий болгох нь хувь хүнээс асар их тэвчээр, цаг зав, тэсвэр хатуужил, басхүү зардал мөнгө шаардагддагийг түүнтэй ярилцаж суусан цөөхөн хоромд би мэдэрлээ. Уншигч таныг тамирчин залуу М.Аюурзэдтэй танилцуулъя.  
 
"Монголын Мистер-2023” Улсын аварга шалгаруулах 32 дахь удаагийн тэмцээний классик бодибилдинг ангилалд аваргалсанд тань баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
 
-Баярлалаа. Намайг Мягмаржавын Аюурзэд гэдэг. Би 1995 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрж өссөн. 2013 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төвийг буудагч мэргэжлээр төгссөн. Одоо Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тамирчин.
 
Та бодибилдингийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
 
-Анх сонсогч болж ирээд 2012 онд фитнесийн заалаар орж үзсэн. Тухайн үед гоё, эрүүл чийрэг биетэй цэргийн ах нарыг хараад тийм биетэй болохыг хүссэн. Гэсэн ч тэр үедээ фитнес бодибилдингээр хараахан хичээллэж чадаагүй. Сүүлд 2016 оноос өнөөг хүртэл тасралтгүй хичээллэж байна.
 
Анх бодибилдингээр хичээллэж эхэлсэн үеэ одоогийнхтой харьцуулбал?
 
-Анх их л шантарч байлаа. Харин одоо өөртөө итгэлтэй, тэвчээр хатуужилтай болсон. Аливаа зүйлийг эхэлсэн бол заавал дуусгаж чадах сэтгэлийн тэнхээтэй болсон. Спортоор дамжуулан бий болсон энэ чадвар маань ажил амьдралд минь ч маш эерэг, зөвөөр нөлөөлж байгаа.                                                             
 
Энэ спортын хамгийн сайхан болоод хэцүү нь юу вэ?
 
-Өөрийн бие бялдар, эрүүл мэнддээ хичээнгүйлэн анхаарч, тэр хэрээрээ өөрчлөгдөж байгаа маань гэр бүл, эргэн тойрныхонд минь нөлөөлж, тэд эрүүл байх, зөв хооллох, амьдралын зөв хэв маягтай болох зэргээр өөрчлөгдөж байгаа нь энэ спортын хамгийн сайхан нөлөөлөл гэж бодож байна. Хэцүү нь гэвэл маш их тэвчээр шаарддаг,  бас шантрах үе зөндөө гардаг.
 
Энэ спортод амжилт гаргах үндэс нь чухам юу байсан бол?
 
-Тууштай байдал, тэвчээр, өөрийгөө хэзээ ч хуурахгүй гэсэн зарчим.
 
Гадаадын улс орнуудад бол бодибилдингийн тамирчин байх нь бүтэн цагийн ажил байдаг. Таны хувьд ажил алба болон спортоо хэрхэн зохицуулж хослуулдаг вэ?
 
-Миний хувьд оролцсон тэмцээн бүрийнхээ бэлтгэлийн зэрэгцээ давхар ажлаа хийсэн. Долоо хоногийн таван өдөр ажиллаад давхар тэмцээнд бэлдэж бэлтгэл хийхэд ядрах үе бишгүй л гардаг. Гэхдээ хамт олныхоо халуун дулаан энерги, дэмжлэг, эерэг орчинд дотроосоо цэнэглэгдэж эрч хүч авдаг. Намайг Улсын аварга болоод ирэхэд ангийн удирдлага, хамт олон минь маш их бахархалтайгаар хүлээн авч, халуун баяр хүргэсэн. Тамирчин хүний хувьд сэтгэл зүйн бэлтгэл чухал болов уу.       
 
Тэмцээний өмнө та сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
 
-Өөрийнхөө төлөө шүү, би үүнийг заавал чадах ёстой, анги хамт олон минь харж, хүлээж байгаа гэж өөртөө ахин дахин хэлж өөрийгөө зоригжуулдаг.
 
Бодибилдингийн тамирчин хүнд зөв хооллолт, хоолны дэглэм чухал байх. Та хооллолтоо хэрхэн яаж зохицуулдаг вэ?
 
-Бэлтгэлийн үед маш нарийн хоолны дэглэм барих шаардлагатай болдог. Бага багаар гурван цагийн зайтай өдөрт 4-6 удаа хооллодог.
 
Аливаа амжилт бүрийн цаана үргэлж түшиж, дэмжиж байдаг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон байдаг. Танайхан ер нь таныг хэрхэн дэмждэг вэ?
 
-Миний хайрт хань бол миний хамгийн шилдэг дэмжигч. Мөн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн удирдлага, хамт олон маань маш сайн ойлгож, бололцоотой бүхий л талаар дэмждэг.
 
Ярилцлагынхаа төгсгөлд бодибилдингээр хичээллэх сонирхолтой залууст хандаж юу зөвлөх вэ? 
 
-Энэ спортоор хичээллээд заавал мэргэжлийн тамирчин болох албагүй. Гагцхүү олон цагаар утас, зурагт үзэж сууснаас спортоор хичээллэж, эрүүл, зөв амьдралын хэв маягтай болох хэрэгтэй.
 
Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт хүсье.
 
-Баярлалаа. Танд болон танай редакцын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
 
Ахмад Г.ИТГЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.