ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СУГАЛАА СУГАЛУУЛЖ, АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙСАН ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ЗАЯАБАЛ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ҮҮ, АЧИГДАХ УУ

0
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СУГАЛАА СУГАЛУУЛЖ, АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙСАН ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ЗАЯАБАЛ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ҮҮ, АЧИГДАХ УУ

 Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабалыг хэд хэдэн ноцтой үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа байлаа. Тодруулбал, Б.Заяабалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө шамшигдуулсан, Татварын ерөнхий газрыг хувийн аж ахуй нэгж шигээ ашиглаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байна хэмээн иргэд гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн байдаг. Иргэдийн гомдлын мөрөөр АТГ-ын мөрдөгчид шалгалтын ажиллагаа явуулж, Б.Заяабалыг шалгаж байсан юм. Жил орчмын өмнө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан Б.Заяабалын хэрэг хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Харин оны өмнөхөн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал үүрэгт ажлаасаа өөрийн хүслээр чөлөөлөгджээ. Тэр сонгуульд өрсөлдөхөөр суудлаасаа буув уу, АТГ-т шалгагдаж байсан хэрэг нь ноцтой байдалд шилжиж, ачигдах дээрээ тулав уу гэдэг нь анхаарлын төвд байна.

ТЕГ-ЫН Б.ЗАЯАБАЛ КОВИДЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, БАРИЛГА БАРЬЖ, ӨНДӨР ҮНЭЭР МАШИН АВЧЭЭ

         ТЕГ-ын дарга асан Б.Заяабалыг шалгаж байсан нэгдүгээр үндэслэл нь түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ковидын хууль болон Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг ноцтойгоор хэд хэдэн удаа зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байга. Учир нь, ковидын халдвар тархаж, 2020 онд улс даяар хэмнэлтийн горимд шилжсэн байх үед Б.Заяабал Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүйтэй хамтран төсвийн хөрөнгийг баруун солгоогүй цацсан гэдэг.

          ТЕГ-ын дарга асан Б.Заяабал 2020 онд 17 тэрбум төгрөгөөр зургаан оффисын барилга бариулжээ. Угтаа бол тухайн үед хөрөнгө оруулалтыг царцааж, хэмнэлтийн горимд шилжиж, төрийн байгууллагыг шинээр барилга, байгууламж барихыг хориглочихсон байлаа. Үүгээр ч зогсохгүй тэрбээр ТЕГ-т 850 сая төгрөгөөр шинээр автомашин авч, тансаглажээ. Мөн барилгын урсгал зардал гэхэд л 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэнэ. Мөн тэрбээр хууль тогтоомж зөрчиж, төсөвт тусгаагүй хөрөнгөөр буюу 293 сая төгрөгөөр ТЕГ-ын ажилтнуудад дүрэмт хувцас оёулсан гэнэ. Уг ажлаа өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байж болзошгүй аж.

Б.Заяабалын хууль зөрчиж, төсвийн мөнгийг зарцуулах уг хэргийг хэнд түүнд олгосон гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгасан байх. Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас хэрхсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдэгдээгүй байгаа гэсэн үг.

ТЕГ-ын дарга Б.Заяабал төсвийн хөрөнгөөр сугалаа явуулж, шагналд нь хурдан удмын даага, үнэтэй хөөрөг бэлэглэжээ



         Хоёрдугаарт, Б.Заяабалыг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зугаалж цэнгэсэн гэх үндэслэлээр шалгаж байсан. Тодруулбал, Татварын албаны бүх албан хаагчийг цуглуулж, хоёр өдөр төсвийн мөнгөөр өндөр зэрэглэлийн амралтын газарт сургалт явуулах нэрийдлээр тансагласан байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр Татварын албаныхан 2022 оны гуравдугаар сард "Тайж ресорт” гэх амралтын газарт цуглаж, сургалт нэрийн дор архидан согтуурсан. Хамгийн ноцтой нь, энэ үеэрээ Татварын албаны зарим даргыг өндөр үнэтэй бэлэн мөнгөөр шагнаж, урамшуулсан. Мөн сугалаа явуулж, хэд хэдэн хүнийг азтай албан хаагч болгосон гэнэ. Азтантай сугалаанд Баянгол дүүргийн хэлтсийн дарга А хурдан удмын даага хожсон. Мөн нэгэн албан хаагч хөөрөг хожсон талаар Татварын албан хаагчид жиг жуг гэцгээж байлаа. Татвар төлөгчдийн мөнгийг зугаалж цэнгэх, азтан шалгаруулах сугалаа болгосон Б.Заяабалд иргэд гомдож, уг үндэслэлээр өргөдөл гаргаж, хуулийнхан шалгаж байсан юм.

 

ТЕГ-ЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ НАР УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮЙЛДСЭН АКТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, АЖ АХУЙН НЭГЖЭЭС ХАХУУЛЬ АВДАГ БАЙСАН УУ



           Мөн түүнийг хахууль авдаг байж болзошгүй хэмээн шалгасан. Тодруулбал, ТЕГ-ын Маргаан таслах зөвлөл болон улсын байцаагчид татварын өрөө нуун далдалдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Татварын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч, акт үйлддэг. Гэтэл улсын байцаагчдын ногдуулсан шийтгэл, үйлдсэн хэд хэдэн актыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байж болзошгүй аж. Акт хүчингүй болгосон шийдвэрийнхээ хариуд аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан эсэхийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байсан билээ.

Мөн тэрбээр Маргаан таслах зөвлөлийн дарга, улсын байцаагчтай үгсэн тохиролцож, зориудаар өндөр үнэтэй акт үйлдүүлж, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал илэрч, шалгаж байлаа.

 

Б.ЗАЯАБАЛ ГЭЖ ХЭН БЭ

      ТЕГ-ын дарга Б.Заяабалыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүн гэдэг гэнэ. Тэрбээр Ч.Хүрэлбаатар гишүүний сонгуулийн ажлын менежерээр олон жил ажиллаж, албан тушаал авсан байж болзошгүй гэх. Мөн тэрбээр Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болох үед ТЕГ-ын дарга болж тушаал дэвшжээ. Б.Заяабал нь МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Жорж Майсоны их сургуулийг төгссөн.

Ажлын туршлага

1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах,

2002-2005 онд Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан,

2008-2009 онд Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга,

2009-2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга,

2010-2012 онд Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга

2012-2015 онд Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх

2015-2019 онд Татварын ерөнхий газрын дэд дарга

2020-2023 онд Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.

ХОМ: ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ЗАЯАБАЛ БУСДААС 600 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ, 395 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

       Тэгвэл Б.Заяабалын хөрөнгө орлогын мэдээллийг хүргэе. Тэрбээр таван жилийн өмнө буюу 2017 онд ТЕГ-ын дэд дарга байхдаа 10 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ТЕГ-ын дарга болоод буюу 2021 онд жилийн нийт орлого нь 10 дахин нэмэгдэж, 116 сая төгрөг болжээ. Мөн тэрбээр 2017 онд 520 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай байсан бол 2021 онд 395 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай болжээ. Тэрбээр дэд дарга байхдаа 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Land Rover V1 автомашинтай байсан бол 2021 онд автомашингүй гэж мэдүүлсэн байна. Дөрвөн сая төгрөгийн үнэд хүрэх 40 хоньтой. Харин гадаадын банканд 3.5 сая төгрөгийн хадгаламжтай бол 600 сая төгрөгийн авлага, 23 саяын зээлтэй гэнэ. Мөн тэрбээр "Ай Си Трэйд" компанид 1000, Эрдэнэс Таван Толгой компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

            Ямартай ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж, татвар төлөгчдийн мөнгөөр "тансаглаж” явсан Б.Заяабал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. МАН-ынхан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдээ нэр дэвшүүлэхгүй, сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж байгаа. Гэхдээ Б.Заяабал ямар тохироотой Татварын ерөнхий газрын дарга гэх "том” албан тушаалаасаа хэл амгүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь сонирхол татаж байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн дугаар тойрогт нэр дэвшигч Б.Заяабал гээд гараад ирж мэдэхээр байгаа бололтой байна. Эсвэл даргын суудлаасаа хорих анги руу ачигдахаар болсон уу.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.