“Монголиан контемпорари” тоглолтоор ёс заншил, түүхийг орчин үеийн урлагтай хослуулан харуулах болно

0

Бүжигчин, бүжиг дэглээч МУСТА Ё.Дамчаабадгар "Монголиан контемпорари” тоглолтоо энэ сарын 29-нд хийх гэж байна. Цагдаагийн "Сүлд" чуулганы ерөнхий бүжиг дэглээч, СУИС-ийн орчин үеийн бүжгийн багш тэрбээр "Мөнгөн мод" наадмын хоёр удаагийн шагналт уран бүтээлч билээ. Ингээд бүжиг дэглээч Ё.Дамчаабадгартай ярилцсанаа танд хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Монголиан контемпорари” тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлох зүйл нь юу вэ?

                -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. "Монголиан контемпорари” тоглолт маань анх 2023 онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч хойшлогдож, энэ сард тоглогдохоор болсон. Дөрөвдүгээр сарын 29-нд Дэлхийн бүжгийн өдөр тохиодогтой холбогдуулан цагдаагийн "Сүлд” чуулга болон "DDance Lab” компанийн зүгээс энэхүү тоглолтоо толилуулж байгаа. "Монголиан контемпорари" бүжгийн урсгалыг бий болгож, үзэгчид, мэргэжлийн бүжигчдэд хүлээн зөвшөөрүүлэх, хөгжүүлэхийг зорьж байна. Олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний бүтээлүүдийг гаргана. Ази тивийн улсуудын сонирхолтой ёс заншил, өвөрмөц хувцас, хөгжим, хөг эгшгүүдийг "Монголиан контемпорари" урсгалдаа шингээж өгсөн нь энэ урсгалын сонирхох шалтгаан юм.

-Үндэсний бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулахдаа юунд хамгийн их анхаарсан бэ?

                - "Монголиан контемпорари” бүжгийн тогтолт нь залуусыг робот шиг биш, аливаа зүйлд заавал өөрийнхөө болон хэн нэгний зөв болгох гэж хичээдэг бус, хөгжүүлдэг, илүү сайжруулдаг сэтгэхгүйтэй байгаасай гэж хүсэж хийж байгаа. "Сүлд” чуулга 2019 онд "Халил” контемпорари бүжгийн тоглолтын хийж байсан туршлагатай. Байгаа түүх, суурийг илүү сайн хөгжүүлдэг байгаасай гэсэн санааг тоглолтоороо хөндөхийг хүссэн. Контемпорари урлаг бол сэтгэхүйд нөлөөлсөн урлаг.

-Цагдаагийн алба хаагч бүжиг дэглээч, бүжигчин болсон түүх нь юу юм бэ. Тус хоёр мэргэжил хүнээс өөр бие бялдрын хөгжил шаарддаг шүү дээ?

         -БНСУ-д сургуулиа төгсөөд, амралтаараа эх орондоо ирсэн. Тэр үед багш маань "Сүлд” чуулганд очиж, ажиллах санал тавьсан. Одоо чуулгандаа найман жил ажиллаж байна. "Сүлд” чуулганы хамгийн гол зорилго бол соён гэгээрүүлэх. Намайг анх чуулгад орж байхад дарга маань байсан Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн хурандаа "Урлагийн хүмүүс та нар буу үүрээгүй дайчид шүү. Улсын соёлыг устгахгүйгээр тухайн улсын мөхөөх боломжгүй”гэсэн юм. Энэ үгийг сонсоод урлагтаа илүү үнэнч байж, хөгжүүлэх нь миний үүрэг гэж бодох болсон.


-Дэглэсэн бүжиг, бүжгэн жүжгүүдээсээ дурдахгүй юу. Таны дэглэсэн бүжиг үзэгчдийн өмнө тавигдаж байгааг харах ямар санагддаг вэ ?

                -Бүжиг дэглэнэ гэдэг урт хугацааны ажил. Нэг хөдөлгөөн нэмэхдээ хүртэл утга санаа, зарим тохиолдолд түүхийг нь судалдаг. "DDance Lab” компанийн сурагч бүжигчдэдээ зориулж 18 бүжиг дэглэж өгсөн байна. Одоо харахад яг тэдний нас, сэтгэхүйд тохирсон бүжиг дэгдэлсэн байсан. Бүжгийн тэмцээний үеэр зарим багш нар хэт их техник, ур чадвар харуулах гэж хичээгээд хүүхэд ядрах бүжиг дэглэсэн байдаг. Хэтэрхий хүнд бүжиг дэглэж өгөөд байвал бүжигчин нь цааш үргэлжлүүлэхгүй, шантрах эрсдэлтэй шүү дээ. "Уран хас” контемпорари балетын хувцас, хөгжим, дэглэлтийг өөрийнхөө бодож төсөөлж байснаараа хийсэн. Тэр утгаараа миний хамгийн хайртай дэглэлт. Сургуульд байхдаа зөвхөн нэг төрлийн бүжгээр хичээллэж, дэглэж байгаагүй. Багш нарынхаа зөвлөдөг байсны дагуу аль болох олон төрлийг бүжгийн туршиж, суралцсан.

-Таны "Хур бороо” бүжгийн талаар асуумаар байна. Нэрээсээ л эхлээд сонирхолтой байна л даа. Бүжгээрээ юу илэрхийлэхийг хүссэн юм бэ?

                -"Хур бороо” бүжгийг 2023 онд дэглэсэн. Надад Монголын аман зохиол, ёс заншлыг харуулсан хэд хэдэн бүтээл бий. Нутаг нутгийн бороо оруулах, үерлэх үед хийх дом байдаг шүү дээ. Тэр дундаас ган гачигтай үед хурганы арьс элдэж, сэгсрэх дом хийдэг гэдгийг уншаад, сэдэвлэж дэглэсэн.

-Та "Мөнгөн мод” наадмын шилдгээр хоёр удаа шалгарч байсан шүү дээ. Ямар бүтээлүүдээрээ хүртэж байсан юм бэ. Анхны болон хоёр дахь удаагаа шагнал хүртэж байсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцахгүй юу?

                -Хоёр удаа "Мөнгөн мод” хүртсэн цөөн хүмүүсийн нэг. 2019 онд "Шилдэг бүжигчин” болсон. Тухайн үед олон улсын зургаан тэмцээнд амжилт гаргаснаараа хүртсэн. 2022 онд "Шилдэг бүжиг дэглээч”-ээр шалгарсан. Тухайн үед багш нартайгаа нэг төрөлд нэр дэвшиж, өрсөлдсөн учраас илүү хичээж, цааш үргэлжлүүлэх ёстой л гэж бодсон.

-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байсан бэ. Ямар мэдрэмж авч байсан бэ. Хамгийн дурсамжтай тайз нь ямар уран бүтээлийн тайз байсан бэ?

                -Би Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч МУГЖ Ц.Алтанцэцэг багшийн шавь. Багшийнхаа заасан бүжиг, дэглэлтүүдээр нь анх тайзан дээр гарч байлаа. 2013 онд "тэнгэрийн хүүхдүүдийн  бүжиг” нэртэй цуврал бүжгэн жүжиг хийгдсэн. Тус цувралын эхлэл болох "Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн гол дүр бүжиглэсэн. Бүжгэн жүжгийн гол дүрээр тайзан дээр гарсан анхны тохиолдол минь байсан учраас хамгийн дурсамжтай нь байдаг. Мэдрэмж, сэтгэл зүй шаардсан дүрд анх удаа ажиллаан учраас их дурсамж, сурсан зүйлтэй үлдсэн.

-Урлаг хүнийг тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болгодог гэж ярьдаг. Өөрөөр яаж нөлөөлдөг бол?

                - Урлаг, спорт хүнийг тэсвэр тэвчээр хатуужилтай болгодог. Тэр дундаа урлаг хүнийг илүү энэрэнгүй, зөв хүн болгож, хүмүүжүүлдэг юм шиг санагддаг.

-Бүжиглэх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?             

                -Дүрдээ илүү их орж, илэрхийлэхийг хүсдэг. Дэглэлттэй бүжиг бол өөрт оноогдсон дүрдээ сайн орж, илэрхийлэхийг хүсдэг. Би дүрд ажиллахаас илүүтэйгээр дүрийг бүтээдэг хүн.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Монголиан контемпорари төсөл маягаар цааш үргэлжлэх бодолтой байгаа. Жил бүр өөр урсгал, сэдвээр тоглолт хийнэ. Илүү баяжуулж хүнд хүргэнэ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.