С.Жамьянсүрэн: Г.Алтан гоо сайхны хагалгаа хийлгээд инээгээд байгаа ч юм шиг, уйлах гээд байгаа ч юм шиг царайтай болсон
БИ АПУ-ГИЙН 41 ХУВИЙГ ЖЕНКО БАТТУЛГАД ЗАРСАН
-Монголд хувьцааны том луйвар газар авсан тухай Ерөнхийлөгч
хүртэл санаа тавьж байна. Та бол хувьцаагаа алдсан хохирогч нарын нэг.
Одоогоос 13 жилийн тэртээ АПУ компанийг хувьчлагдахад та 41 хувийг нь
эзэмшдэг байсан. Энэ хувьцааны тухай яриагаар яриагаа эхлэх үү? Та 41
хувийг нь яаж авсан юм бэ?
-Тухайн үед компанийн тухай хуулинд хувьцааны 5 хувийг худалдаж авсан
хүнийг л зарладаг байлаа. Би тэр үед "Зэргэд” брокерын пүүсээр дамжуулан
Архи пивоны комбинат нэртэй байсан одоогийн энэ АПУ-ын хувцьааг
цуглуулж эхэлсэн. Гэхдээ яг 4,999 хувийг нь аваад л зогсчихдог байсан.
Тиймээс зарладаггүй байсан юм. Өөрийнхөө, эхнэрийнхээ, хүүхдүүдийнхээ
нэр дээр энэ үйлдвэрийн 4,999 хувийн хувьцааг авсаар байгаад нийтдээ 41
хувийг нь нь цуглуулсан. Энэ үед АПУ-гийн 51 хувь нь Монгол улсын
төрийн мэдэлд байсан. Би тухайн үед 41 хувийг нь авчихаад үлдсэн долоон
хувийг нь авах гэтэл эзэд нь олдоогүй. Таванбогд нэртэй брокерын пүүс
дээр долоон хувь нь бүртгэлтэй байгаад байдаг. Гэтэл энэ долоон хувийг
худалдаж авсан Баян-Өлгий аймгийн казакууд олддоггүй. Тэд Казакстан
гараад явчихсан, эзэн нь байхгүй учраас авах боломжгүй болсон. Тэгээд л
41 хувийг нийтдээ 900 гаруй сая төгрөг зарцуулж худалдаж авсан. Тэр
үеийн 900 гаруй сая төгрөг гэдэг одоогийнхтой харьцуулашгүй их мөнгө
байсан юм шүү. Нэг доллар 580 орчим төгрөгийн ханштай байх үед л би энэ
үйлдвэрийн хувьцааг авч байсан.
-Гэхдээ та АПУ-гийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан шүү дээ?
-Би 1998 оны 3 сарын 21-ны өдөр захирлаар тавигдсан. Энэ үед Архи пивоны
комбинат маань улсад дөрвөн тэрбум төгрөгийн өртэй, 7,2 тэрбумын татвар
төлдөг компани худалдаж авсан. Яг нэг жилийн дараа би энэ үйлдвэрийн
бүх өрийг дарсан, ашигтай ажиллаж чаддаг болгосон. 2000 он гэдэг маань
МУ-д өмч хувьчлал хүчтэй өрнөж байсан цаг шүү дээ. Тухайн үед Монгол
улсыг авч явж байсан 10 том үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг Их хурлаас
гаргасан юм. Их хувьчлал нэртэй энэ хувьчлалын салхийг АПУ хагалсан юм.
Тухайн үед дампуурсан том үйлдвэрүүдийг хувьчилдаг байлаа. Харин АПУ
эсрэгээрээ байсан юм шүү.
-Та ч гэсэн АПУ-гийн хувьчлалд оролцож байсныг санаж байна?
-Г.Батхүү хувьчлалд орохдоо Громовын Чингэс хаан банкнаас мөнгө зээлж
орсон. Надад бол тэгж мөнгө зээлэх газар байсангүй. Дуудлага худалдаа
боллоо. Би 4 тэрбум 500 сая төгрөг хүргээд л хаясан. Миний дараа
Х.Баттулга орхисон.
-Одоогийн сайд Х.Баттулга тэр хувьчлалд орсон юм уу?
-Оролгүй яахав. Бид доор дуудлага худалдаанд суугаад байдаг. Х.Баттулга
биднийг дээрээс хараад сууж байсан. Гараа дохихоор л дуудлага худалдаанд
орж байгаа залуучууд нь мөнгөө нэмээд л… Г.Батхүүгийн тал 4,7 тэрбум
гэсэн тоо хэлсэн чинь л Женко Баттулга боль гэсэн дохио өгсөн. Женкогийн
гар яаж хөдлөж байгааг би хараад л сууж байсан. Ингээд л Г.Батхүүгийн
"Туул интернешнль” компани авлаа гэсэн. Тухайн үед би Г.Батхүү 51 хувийг
авлаа. Надад 41 хувь нь байгаа юм чинь болж л таараа гэж их маадгар
бодож байсан. Гэтэл байдал биш болж эхэлсэн. Би 41 хувийг барьж
байгаагын хувьд хувцаа эзэмшигчийн хурал зарласан. Нөгөө тал бас л хурал
хийсэн. Хоёр ТУЗ байгуулагдсан. Г.Батхүүгийн талынхан том хамгаалалт
авч АПУ-г гаднаас нь бүсэлсэн. Би ч бас хамгаалалт авсан. Гэхдээ би
дотор талаас нь бүсэлсэн. Ингээд л мөргөлдөөн үүссэн дээ. Тухайн үед би
"Манайх 41 хувийг эзэмшдэг учраас дөрвөн хүнийг ТУЗ-д оруулна. Танайх 51
хувьтай юм чинь танайх 5 хүнээ оруул” гэтэл Туул интернейшнлийнхэн
"Үгүй. Бид худалдаад авчихсан. Галт тэрэг хөдөлчихсөн” гээд зүтгэж
эхэлсэн. Хамгийн инээдтэй нь Төрийн мэдэлд байсан 51 хувийг зарсан
Төрийн өмчийн хороо мөнгөө аваад л зугатсан. Нөгөө хувьчилж авсан
нөхдүүд нь 51 хувийг нь биш бүгдийг нь авсан гээд зүтгэж эхэлсэн.
Тэгэхээр энэ хэрэгт Төрийн өмчийн хороо буруутай байгаа биз. Нэг
ёсондоо Төрийн өмчийн хороо таг чиг сууснаараа энэ дээрмийн чанартай
хэрэгт холбогдсон хэрэг. Бүтэн таван сар тэмцэлдсэн. Бие биенээ шүүхэд
өгсөн. Сүүлдээ бүүр зодолдсон.
-Та тэр зодоонд орсон уу?
-Хамгаалагч нар л хоорондоо зодолдсон. Тэр үед Туул интернейшнлийн
захирал гэж Хан бройн захирал болсон Отгонбаатар, "Шар айраг хамтлаг”-ын
Ганхүү хоёр тухайн үед гэнэт гарч ирсэн юм. Их хөгийн юм болдсон ш дээ.
Нэг өдөр Ганхүү захирлын өрөөг лацадчихсан, далжигнаад л их олон юм
ярьдаг юм байна. Манай хуулийн зөвлөх Мөнхтуяа гэдэг хүүхнийг их
муухайгаар доромжиллоо. Нөгөө Мөнхтуяа нь уурлаад Ганхүүг алгадчихсан
чинь өнөөх чинь эр хүн байж үсрээд л уначихдаг юм байна. Тэр муу Ганхүү
нүдээ онийлгочихоод түргэн дуудаад, акт тогтоолгоно гээд хачин юм
болсон. Тэр үеийн бичлэгүүд надад бий л дээ. Тэгээд л миний 41 хувь цаас
болох дээрээ тулсан. Тиймээс Чингэс хаан банкны эзэн Громов гэгчтэй
уулзсан даа.
Г.БАТХҮҮ БОЛ , ГРОМОВЫН МӨНГӨӨР Л АПУ-Г АВСАН ЮМ
-Громов та хоёрын уулзалт их сүртэй болсон гэж сонсож байсан. Тухайн үед түүний талаар янз бүрээр л бичиж байсан үе шүү дээ?
-Сергэй Громов гэгч ямар нөхөр бэ гэдгийг мэдэхийн тулд Оросын хэвлэл уншиж эхэлсэн дээ. Би уншсан зүйлээ ярьж байгаа юм шүү. Тэрийг заавал оруулаарай. Оросын хэвлэлд бичснээр 1980-аад оны сүүлд "Хар ах дүү нар” гэсэн мафийн бүлэглэл байсан юм байна. Тэр мафийнхан Братскийн хөнгөн цагааны үйлдвэрийн хувьцааг цуглуулсан. Гэхдээ тэдэнд хувьцаагаа зарж, гэрээгээ хийж, мөнгөө аваад явсан хүмүүс буудуулаад нас барчихдаг. Мөнгө нь байдаггүй. Хувьцааны эзэн үхдэг. Имй маягаар 42 хүн буудуулж үхсэн гэж би сонингоос уншиж байсан юм. Энэ хар ах дүү нар Братскийн хөнгөн цагааны үйлдвэрийг аваад Борис Громовыг захирлаар тавьсан юм байна. Энэ Чингэс хаан банкны захирал Сергей Громовын аав Братскийн хөнгөн цагааны үйлдвэрийн захирал болсныхоо дараа Братскийн хөнгөн цагааны үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн Английн Металл бирж дээр зарагдаж эхэлсэн. Борис Громов хүү Сергей Громовыгоо Английн Металл бирж дээр диллерээр аваачиж суулгасан. Дараа нь Сергей Громов Хонгконгд Чечений Хрон Хомхоев гэгч хүнээр даргалуулсан компани байгуулсан. Тэр үед Хонконг Английн мэдэлд байсан. Дараа нь 1999 онд Хонконг Хятадын мэдэлд очсны дараа Громов мөнгөө угаах газар хайж, Монголыг сонгосон гэж Оросын хэвлэлд бичсэн байсан. Үүнийг уншсан байсан. Тиймээс уулзалтыг зохион байгуулахын тулд бөөн л юм болсон доо. "Монро-Импекс”-ийн талийгаач захирал Уламбаярын байранд уулзахаар боллоо. Бөөн харуул хамгаалалт, бүслэлт болдог юм байна. Үүдэн дээрээ буунуудаа хураалгаад, метал илрүүлэгчээр шалгуулаад л орсон доо.
-Та бас буутай явсан уу?
-Тэгэлгүй яахав. Би 42 сумаар сумладаг "Валтер” буунд арван сумтай магазинтай нь энгэрийнхээ халаасанд хийчихээд очсон. Буугаа хураалгаад л уулзсан даа. Бид Сергей Громов, манай экс эхнэр Алтан бид гурав уулзсан. Тэр үед Громов "Ээ. Би 20 гаруй сая доллароо зээлүүлээд авч чадахгүй болж байгаа шүү” гэж хэлж байсан. Тэр үед 13 сая ам долларыг нь Г.Батхүү зээлж авсан байсан. Мань эрийн ярианаас л би "Мань эр 30 гаруй сая ам доллартай л орж ирсэн нөхөр юм байна даа” гэж бодож байсан. Энэ уулзалт болсны дараа сонинд "Азийн хөгжлийн банкныхан Монголд мөнгө угаадаг банк орж ирсэн байна. Танайд зээл олгохгүй” гэсэн. Тэр үед Чингэс хаан банкинд банк бус санхүүгийн байгууллагын гэрчилгээ олгосон. Энэ бол банк биш санхүүгийн байгууллага гэдэг тайлбарыг гаргаж өгсөн. Азийн хөгжлийн банкныхны хэл ам дарагдсны дараа буцаагаад банк болгосон гэдэг зүйл гарсан гэж сонсож байсан. Үүнээс үүдээд л би Монголд хар мөнгө яваад байна. Энэ хар мөнгийг банкны нэрээр угаагаад байна даа гэж харддаг болсон.
-Та яагаад Г.Батхүүтэй биш Громовтой уулзаад байсан юм бэ?
-Эх үүсвэр нь Громов шүү дээ. Г.Батхүү дунд нь сууж байгаа хүн. Тэр юу юм бэ? Г.Батхүү бол зүгээр л түүний зээлдэгч шүү дээ. АПУ-гийн хувьчлалд орсон "Туул интернейшнл” бол зүгээр л зохиомол компани байсан юм.
-Энэ хувьчлалын маргаантай асуудлыг шийдэх гэж та УДШ, ҮХЦ хүртэл заргалдсан гэсэн?
-Яваагүй биш явсан. Хохироод л үлдсэн дээ. 2002 оны 11 сар хүртэл явсан шүү дээ. ҮХЦ-д өргөдөл өгсөн. Гэвч дийлээгүй л юм даа.
-Та тэр үед мөнгөтэй л байсан шүү дээ?
-Гэхдээ би хүнд хахууль өгдөг хүн байгаагүй шүү. Хахууль өгөөд зохицуулбал болох л байсан байлгүй.
-Та тэгээд өнөөх 41 хувиа яасан бэ?
-Тэд ширхэг хувьцааг 75 центээр авах санал тавьсан. Гэтэл би нэгийг нь гурван ам доллароор авсан байсан шүү дээ. Тэгээд ямар ч аргагүй болоод зарсан даа. "Энэ хүмүүстэй бол хэл амаа олоцохгүй юм байна. Тэд англиар яриад би монголоор яриад ойлголцож чадахгүй юм байна” гэж бодож эхэлсэн. Өөрөөрхэлбэл тэд мафийн хэлээр яриад би өнөөхийг нь ойлгохоо байгаад л эхэлсэн дээ. Тиймээс тэдний хэлийг нь ойлгодог хүнд зарсан.
-Нууц биш бол хэнд зарсан юм бэ?
-"Женко” Баттулгад…Талх чихрийн б корпус, хэдэн доллар аваад л зарсан даа. Женко чинь тэдэнтэйгээ адилхан хэлээр ярьдаг хүн шүү дээ.
-Женко Баттулга энэ хувиа яасан юм бол?
-Женко чинь Мах импекс дотор спиртын үйлдвэртэй байсан юм. Энэ үйлдвэрийн спирт Спирт бал бурмын спиртнээс чанарын хувьд муу ч гэсэн үнийн хувьд бага, сайн технологи хэрэгжүүлж чадвал боломжийн спирт байсан. Тиймээс л Женко Баттулгад зарсан хэрэг. Харин энэ хувцаагаа Х.Баттулга яасныг ёстой мэдэхгүй. Тэр цагаас хойш л би АПУ-г сонирхохоо байсан. Сергей Громовоос авсан мөнгөө Г.Батхүү төлөхгүй байна гэдэг яриа л сонсож байсан.
-Та САПУ нэртэй архины үйлдвэр байгуулж, "Хайр” гэдэг архи үйлдвэрлэж байсан нь энэ наймаатай холбоотой юу?
-Мэдээж .Х.Баттулга тэр үед Талх чихрийн байрны гадаа очоод "За яг ингээд л хуваачихья” гээд байшингаа хуваагаад өгч байсан. Х.Баттулгаас авсан байрандаа САПУ-г байгуулсан. Энэ үйлдвэр гарч ирээд архи жүүсний орлогоороо Спирт бал бурам, АПУ хоёрын орлогыг дарж байсан. Анх үйлдвэр нээхэд нэг л хэцүү асуудал байсан. Тэр нь ус. Талх чихэр, Сүүний үйлдвэр хоёр 150 кубын ганц л резварттай. Хавар болохоор усгүй болох аюултай байсан. Сүүний үйлдвэрийнхэн хашаанаасаа худаг ухаад олтигтой ус олж чадаагүй. Талх чихэр ч адилхан. Гэтэл Архи пиво, спиртын үйлдвэр бол их ус шаарддаг үйлдвэр. Би өөрийнхөө хашаанд худаг ухуулсан. Муу хүний заяа завагт гэгчээр 103 метр ухаад маш сайн чанарын ус гаргаж авсан. Япон эзэнтэй худаг ус гаргадаг компаниар ухуулсан. Одоо ч тэр худаг бий. Харамсалтай нь тэр худгийг эд нар ашиглаж чадаагүй. Чадах ч үгүй. Яагаад гэхээр яаж ашиглах санаа нь миний толгойд байгаад байгаа юм.
-Таны энэ том үйлдвэр одоо юу болоод дууссан бэ?
-Мэдэхгүй дээ. Саяхан нэг хүнээс л АПУ-гийн Батсайханд манай экс эхнэр зарсан гэж сонссон. Миний тэр тоног төхөөрөмжийг Арвай нэртэй архины үйлдвэр рүү л зөөж байгаа гэж сонссон.
-Та чинь өөрөө их олон зохиогчийн эрх эзэмшиж, их олон бүтээгдэхүүн гаргаж байсан. Энэ технологи яасан бэ?
-Бүгд хүчингүй болсон. Намайг мэдээгүй байхад миний 27 зохиогчийн эрхийг АПУ, Алтжин хоёр руу шилжүүлсэн байсан.
-Төрийн буруугаас болж хохирсон хүмүүсийн нэг нь Та.
-Манай хууль чинь их олон салаа утгатай. УИХ-д хэдэн бизнесменүүд сууж байгаад өөртөө ашигтайгаар л хуулийг гаргаж чаддаг юм байна гэдгийг л сайн ойлгосон доо. Үүнээс гадна буурай орны сул хуулийг ашиглаж, дундаас нь ашиг олж чаддаг гадаадын хуульчид ч ороод ирсэн. Тэд мөнгөтэй баячуудтай нийлэхээрээ дийлддэггүй юм байна гэдгийг л сайн ойлгосон доо.
ХҮҮТЭЙГЭЭ ЖИЛДЭЭ НЭГ Л УУЛЗДАГ
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та Ботаникийн хүрээлэнгийн ботаник цэцэрлэгийн секторын эрхлэгчээр ажиллаж байгаа. Танай хүрээлэнтэй холбоотой газрын маргаан юу болсон бэ?
-2003 оны Засгийн газрын тогтоолоор энэ газрыг Засгийн газар мэдэх ёстой. Гэтэл хот дур мэдээд 22 га газрыг нь авч байшин барилга барих шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын шийдвэр гарсан. Бид үүнийг эсэргүүцээд л явж байна. Өмгөөлөгч авсан. Хуулийнхан НИТХ хууль зөрчиж шийдвэр гаргасан байна гэдгийг хэлээд байдаг. Гэтэл өмгөөлөгчийнхөө зардлыг төлж чадаагүй сууж л байна. Төсвийн байгууллага гэдэг хэцүү дээ.
-Та яаж явж байгаад ийм хэл амтай ажилд орчихсон юм бэ?
-Би чинь угаасаа ургамлын генетикч, ой аж ахуйн инженер хүн. Манай захирал санал тавиад энд ажиллаж эхэлсэн. Нэг талаараа хамт олонтой байх, нөгөө талаараа амьдрал ахуйд ч нэмэртэй юм гэж энэ ажлыг авсан. Би чинь тэтгэвэр гэж их жоохоон юм авдаг юм ш дээ.
-Яагаад?
-Манай экс маань намайг 200,000 төгрөгийн цалин авч байсан гээд бүх нийгмийн даатгалын дэвтрийг бөглөөд өгчихсөн байсан. Долоон жилийн өмнө 60 хүрээд тэтгэвэр тогтоолгох гээд очсон чинь Нийгмийн даатгалынхан ч гайхсан. Сард 87 мянган төгрөгийн л тэтгэвэр оногдох юм байна гэсэн. Гэтэл Нийгмийн даатгалын охин "Та хоёр жил сайн дураараа нийгмийн даатгал төлбөл арай дээгүүр тогтоож болно” гэсэн. Жил гаруй өөрөө нийгмийн даатгалаа төлсөн. Сүүлдээ ч аргаүйдэж эхэлсэн. Ямар ч орлогогүй хүн чинь яаж нийгмийн даатгал төлөх вэ дээ. Тэгээд л тэтгэвэрээ тогтоолгосон доо. Одоо нэг 246,000 мянган төгрөг авдаг. Энэ мөнгийг байрандаа өгөх үү, өмсөх үү, идэх үү… Хэцүү биз дээ. Аргаа бараад ойр зуурын юмнуудаа ч зарж эхэлсэн байсан. Дээрээс нь мөнгө жаахан цацаад сурчихсан хүн чинь хэцүү л юм билээ.
-Та арав гаруй жилийн өмнө "Аль ч улсын банкинд тавихад авах баталгаатай алтан цаг байна” гэж ярьж байсан. Энэ цагаа яасан бэ?
-Зараад идчихсэн. 25,000 ам долларын үнэтэй цаг байсан. Үнэхээр цаг нь тулахаар банк авахгүй юм билээ. Аргаа бараад таньдаг нэг нөхөрт 12 сая төгрөгөөр зарсан. Сард нэг сая төгрөгийг нь хэрэглээд байвал нэг жил идэх юм дээ гэж бодож л зарсан хэрэг шүү дээ.
-Таны хувьд хөрөнгө мөнгө гэхээр зүйлгүй үлдсэн. Хотын төв дэхь ганц байшинтай л үлдсэн. Энэ байраа яасан бэ?
-Манай хажуу талын бүх айлууд байраа зараад нүүж эхэлсэн. Тэр байрнуудыг буулгаад том, том байшингууд барьж эхэлж байна. Би "Аман хуур”-ын авгай шиг ганцаараа нүүхгүй гээд суугаад байхад хэцүү шүү дээ. Тиймээс байшингаа зарж, хоёр өрөө нэг, гурван өрөө нэг байр болгоё л гэж бодож байна даа. Байшингаа зарчихаад хүүгийндээ хэвтэж байгаад ирэх л санаа байна. Хэрвээ байшингаа хоёр байраар зарчихвал нэгэнд нь өөрөө хэвтээд, нэгийг нь түрээсэлж, тэтгэврийн хэд дээрээ нэмэрлээд амьдраад байж болох байх гэж бодож байгаа шүү.
-Та ер нь Алтан захиралтай уулзсан уу?
-Жил гарангийн өмнө уулзсан шүү. Жилд нэг удаа би хүүтэйгээ уулздаг юм. Хүүтэйгээ уулзья гэж ярьсан чинь Тэрэлжид лагерт хүрээд ир гэсэн. Тэгж л уулзсан.
-Та хоёрыг салахад их бага байсан?
-Тиймээ. Найман настай л байсан даа. Хүү маань Англид л сураад байгаа шүү дээ. Ирэх жил дунд сургуулиа төгснө.
-Уучлаарай. Саваагүй гэмээр асуулт асууя. Г.Алтан хатагтайг танаас салсныхаа дараа гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, их л гоё болсон гэж яриад байсан?
-Ер нь жаахан онцгүй болчихсон байна лээ. Царай зүс, нүд ам нь их л өөр болсон байна лээ. Гоо сайхны хагалгаанаасаа л болсон байх. Надтай амьдарч байхад нь би гоо сайхны хагалгаа хийлгэхийг нь зөвшөөрдөггүй байсан. Хийлгэсэн л юм гэсэн. Гэхдээ л их онцгүй л харагдаж байна билээ. Г.Алтан одоо бол залуу хүн биш шүү дээ. Надаас арав дүү гэдэг чинь 57 настай. Энэ насанд хэндээ гоё харагдах гэж ийм зүйл хийдэг байнаа гэж бодож л байсан. Инээгээд байгаа ч юм уу, уйлах гээд ч байгаа юм уу их л сонин харагдаж байна лээ.
-Алтан захирал та хоёр салаад найман жил өнгөрч байна. Энэ их дуулиантай гэр бүл салалт та хоёрын хэн хэнд нь сайн сайхан зүйл авчираагүй байхаа гэж боддог юм?
-Миний хувьд л лав сайн зүйл авчираагүй. Манай хүнд сайн сайхан байсан эсэхийг би мэдэхгүй юм даа. Би тэрийг сонирохдоггүй. Нэгэнт л салсан бол салсан. Эргэж нийлээд л улцагнаж, нялганаад байхыг би хүсдэггүй. Би өөрөө Завханы хүн. Завхан хүн гэдэг чинь өөрөө өөрийгөө хаана ч аваад явчихдаг юм байна гэж боддог.
-Та үнэхээр тэвчээртэй хүн юм аа?
-Надад эхний үед үнэхээр хэцүү л байсан. Боож үхэх юу ч биш санагдах үе ч байсан. Гэхдээ эндээс нэг л зүйлийг ухаарсан. Хүн байгаа зүйлээ л хангалттай сайхан байна гэж бодчихвол тэгээд л болоо. Тэрбум төгрөгтэй байгаад түүнийгээ бага байна гэж бодоод л байвал юу ч болохгүй. Юу ч бүтэхгүй. Харин зуун төгрөгтэй байсан ч түүнийгээ хангалттай сайхан байна гээд бодвол хангалттай л сайхан байна. Одоо бол миний хувьд сайхан л байна. Мэргэжлийнхээ ажлыг хийж, цөөхөн ч гэсэн тогтмол хэдэн төгрөгийн орлоготой болж л байна. Санаа зовох зүйл алга. Хэрвээ болохгүй байнаа л гэж бодоод байх юм бол надад болох юм нэг ч олдохгүй шүү дээ.
-Та том бизнес хийж байсан хүн. Дахиад бизнес хийе гэж бодоогүй гэж үү?
-Бодлоо гээд яах юм бэ? Надад барьцаанд тавих хөрөнгө мөнгө алга. Туслах хүн алга. Тиймээс өөрөө, өөрийнхөө чадахаар л амьдрах хэрэгтэй биз дээ.
-Гэхдээ таныг мөнгөтэй, чадалтай явахад ойр дотно байсан тэр олон найз нөхдүүдээс чинь нэг ч эргэж хараагүй гэж үү?
-Өө. Сайн, сайхан явахад асар олон найз нөхөдтэй байсан. Бүг д туслаач дэмжээч гэсэн хүмүүс байсан. Дараа нь танихгүй хүн шиг л алга болдог юм билээ.Надаас мөнгө зээлж босож ирсэн олон хүн бий. Тэр хүмүүстэй уулзья гээд очихоор уулздаггүй юм. Би нэг л удаа очдог юм. Энэ "Жаст”-ын Батхүү байна. Энэ залуу Жамп, MCS-ээс хөөгдчихөөд манайхаар гүйж байж л хөл дээрээ боссон хүн. Нэг удаа уулзья гээд очиход нарийн бичгийн дарга нь "Таныг дараа ярьж байгаад ир” гэж байна гээд уулзаагүй. Би дахиж очоогүй. Намайг АПУ-гийн захирал байхад миний орлогчоор ажиллаж байсан Эрдэнбилэг байна. Энэ хүн МИАТ-ын захирал болсныхоо дараа намайг бүр таних ч үгйү, хажуугаар өнгөрөхдөө мэнд ч мэддэггүй зөрөөд л явдаг байсан. Уг нь би энэ хүмүүсээс мөнгө гуйх гэж очоогүй. Бизнесийнхээ санааг л танилцуулья гэж боддог байсан. Сүүлдээ ч больсон. Тэртээ тэргүй хүний мөн чанар гэдэг зүйл чинь энэ л юм байна гэж ойлгосон.
-Таныг Оросын буриад эхнэр авсан гэж сонсож байсан?
-Байсаан байсан. Гурван жил амьдарсан. Хөөрхий минь хэл сурахгүй юм. Хэл мэдэхгүй хүн чинь торонд хашигдсан шувуу шиг гэрт ганцаараа суугаад байх хэцүү шүү дээ. Орост цэргийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр ажилладаг, дэд хурандаа хүн байсан. Эмэгтэй хүн чинь их хэцүү юм билээ. Гурван жил надтай хамт амьдрахдаа хүүхэд гарах байх гэж горьдсон байх. Гэвч хүүхэд гаргаагүй. Бид хоёр, хятад, солонгост эмчилүүлсэн. Гэвч хүүхэд гаргах ямар ч боломжгүй гэдэг хариу сонсоод сэтгэлээр ч их унасан.Үүнийхээ дараа л "Нутагтаа очье” гэж хэлсэн. Би ч хорьж цагдаагүй. Одоо Эрхүүд эхо-ны эмчээр ажиллаж байгаа