Бидний мэддэг зүйл буюу үхэл хэмээх хөгжлийн тухай үлгэр
Эрт урьдын цагт А Б В Г, ABCD, Ха Га На Са байж гэнэ ээ
Нэг: Мөнх бусын хорвоо
Бүх юм урсаад өнгөрнө. Үүнийг бүгд мэддэг. Хэн ч, юу ч мөнх бус. Үүнийг
бас бүгд мэддэг. Гэвч мөнх амьдрах мэт бүгдийг өмчлөх гэж тачаалдана.
Ингээд өөртөө түр зуурын зовлон зохионо. Түүндээ мөнх мэт итгэнэ.
Итгэсэн тулүнэхээр зовно. Амьдралд яаж итгэнэ, тэгэж харагдана.
Саргүй тунгалаг шөнө тэнгэрийн оддыг хар. Огторгуй, гариг эрхийг мэдэр.
Одоо өөрийгөө хар. Ямар өчүүхэн болохоо ойлгоно. Гэтэл та байтугай том
эзэнт гүрнүүд хүртэл. Бачир хүүхдээс ч дор аяглана. Чи тэр чихрээ
өгөхгүй бол би өмдөндөө шээлээ.Чиг чиг. Чамтай муудсан. Хилээ хаалаа.
Цэрэг оруулна.Байлдана, зодолдоно гэх шиг. Ард нь дандаа ашиг. Нялх
хүүхдүүдээс ч дор. Хүн төрөлхтний хөгжил дэвшил тэгэхээр хаана байна.
2500 жилийн тэртээ нэг хүн "амьдрал бол зовлон, гэхдээ гарах зам мөр нь
үнэн” гэж хэлсэн. Үүнийг ойлгохын тулд энэ насанд хугацаа хэрэгтэй.
Үгүй бол ойлгох цаг нь болоогүй гэсэн үг. Мөнх бусын хорвоог мөнх мэт
санасаар. Та өөртөө зовлонг зохиосоор л байна. Үүнийг хөгжил гэх үү.
Интернэт, техникийн дэвшил, даярчлал...энэ хөгжил мөн үү. Энэ бол
хэрэглэгээ. Түүнд хязгаар гэж үгүй. Нөгөөх огторгуй шиг. Шуналд цэг
байдаггүй шиг хэрэглэгээнд хязгаар гэж байхгүй.
Манай зарим сэхээтнүүд олон өрөөнд олон янзаар амьдардаг. Гэв ч түүнд
номын өрөө байдаггүй. Зариманднь бүр номын сан ч байдаггүй. Яг мал мэт
ажил гэр(бэлчээр, хот) хоёрын хооронд өдөр нь биеэ үнэлэж, сардаа
цалингаа авна. Идэж уух, унтаж хэвтэхээр шөнийг аргацааж үр хүүхэддээ
аав ээж (бүхнийг мэдэгч) болж тоглосоор мөнх амьдрах мэт мөнгөний төлөө
(өвөл идэх тэжээл, гэхдээ өвс биш) хорвоогийн жарныг барна. Бодох зав
тэдэнд байхгүй. Өөрийгөө сэхээтэн гэж боддог хирнээ хөгжмийн нот ч
мэддэггүй, зургийн зохиомж ч ойлгодоггүй ”Master of Art”буюу манайхны
хэлдэгээрМагистр (MA) ууд хаа сайгүй бужигнана.Философиор сэтгэх нь
байтугай эх зохиол ч гачиглаж үзээгүй тарган миссүүд Философийн доктор
/Philosophy of Doctor(PhD)/эрдэмтэд хэмээн гунхалзана.
Үр хүүхэд, хань ижил, эх орон, газар нутаг, ээж аав,төрөл садан... гэх
мэт элдэвийг зохиож түүндээ хайртай дуртай, бүр амьдралын утга учир,
тэрэнгүй бол үхлээ хатлаа гэж хашгична. Үнэн мэт харагдана. Гэвч үнэндээ
бол зөвхөн өөрийгөө л бодно, зөвхөн өөрийгөө хайрлана, өөр дээд нь
үгүй. Үүнийгээ сайн нууна. Бүр өөрөөсөө ч нууна. Сүнснээсээ ч хүртэл
нууна. Тэдний шүд өвдөхөд таных өвдөхгүй. Үнэн болоод тэр.Арай томчууд
нь бүр атхаг. Тэд би биш минийх гэж зүүдлэнэ. Минийх хэмээн энэ
огторгуй, дэлхий ертөнц, эх орно, гэр бүл, үр хүүхэд, аяга тавга, бөөс
хуурсхан, үгүй ядахдаа ая дан, хэвшил бүхнийг, нүдэнд харагдахаас эхлээд
харагдахгүй эгэл бөөмсийг хүртэл өмчилсөн гэж сэтгэнэ. Бас тэгж
зүүдэлнэ.Үнэнийг нь хэлвэл. Биш ээ. Хэлэх байтугай зүгээр л цухуйлгавал.
"Ичсэн хүн, хүн ална” гэгчээр эм нь эр мэт архирч, эр нь эм мэт
гэнгинэнэ. Булчирхай ажилаад тэр. Энэ мэт хүмүүс өөр өөрсдийнхөө саванд
тааруулж амьдралын зорилгоо зохионо. Бас түүндээ итгэнэ. Гэвч энэ бүхэн
үнэн хэрэгтээхудлаа гэдгийг тэд надаас илүү мэдэж мэдэж байгаа.
Зүгээр л агаар сор. Одоо залги. Сайхан байгаа биз. Өөр чамд юу хэрэгтэй
юм бэ? Тэгээд энэ дэлхий шиг, биш ээ огторгуй шиг, бөөс хуурсханыг түр
мартан агаар сор. Амьжиж бүгдийг хайрла. Та амьд байна. Үүнийг мэдэр.
Бусад нь үзэгдэл төдий.
Хоёр:Ертөнцийн чанар
Ер тэнцүү буюу түгээмэл тогтмол хувьсагдахуун гэдэг нь ертөнцийн нандин
чанар. Хамаг юмс тэнцвэрт чанарт орших тул хоёр чанарыг агуулсан байна.
Нэг дэх чанар нь, түгээмэл тогтмол чанарын агуулгаар тэнд өөрчлөлт
байхгүй. Тэнд сайн муу, үнэн худал гэх мэт хоёр хязгаар байхгүй. Хоёр
дах чанар нь ертөнц мөнх бус буюу түгээмэл хувьсал юм. Тэнд хамаг юмс
мөнхөд өөрчлөгдөж байдаг. Энэ нь мөнхөд өөрчлөгдөж байх мөнхийн чанар
юм. Иймээс уг чанартаа бол юу ч өөрчлөгдөхгүй бөгөөд өөрчлөгдөж байгаа
тэр нь ч өөрчлөгдөх тул ер тэнцүү буюу түгээмэл тогтмол болно.
Ямагт муухай мэт сонсогдох тэр үнэнүүд бол философийн үнэн байдаг нь
даанч харамсалтай. Түүнд худал нь мөн хамтдаа шогшиж явдагт л хамаг учир
нь байгаа юм. Учир нь үнэн болоод тэр.
Гэрэл сүүдэр хоёр хамтдаа байж гэмээ нь юмс сая нүдэнд үзэгдэг шиг үнэн
худлын шүтэлцээ ч мөн адил. Иймээс үнэн үгүй бол худал үгүй, худал үгүй
бол үнэн үгүй. Харин алийг нь үнэн, алийг нь худал гэж нэрлэх нь
гагцхүү таны итгэлээс л хамаарна. Иймээс мөнхийн үнэн, мөнхий худал гэж
байдаггүйг бүгд мэднэ. Гагцхүү аль итгэлээс харна түүнчилэн өөрчлөгдөж
харагддаг. Хөгжлийг бид энэ өнцөгүүдээр бас харах хэрэгтэй байна.
Хэтэрхий хэрэглээ талыг баримталж болохгүй юм байна гэдгийг орчин цагийн
хүний мөс чанар, байгаль дэлхий харуулаад байна шүү дээ.
Өнөөдөр дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр 7 тэрбум гаран хүн амьдарч
байна. Бидний өмнө нь юун бум байтугай огторгуйн оддоос олон хүн энд
амьдарч байсан. Эд хөрөнгө, нэр алдарын төлөө мөн ч их алалдсан даа.
Өчүүхэн юман дээр тачаалдан уурлаж мөн ч завгүй байсан байх даа. Тэд
одоо хаана байна? Юу олов? Бас юу хожив? Энэ хөгжил мөн үү? Үүх түүхээ
доромжиллоо гэх л байх. Түүхч гэдэг үеийн үед улс төрийн янхан л байсан
юм шүү дээ.(захиалгаар л бичихгүй бол тэр олон жилийн хөдөлмөрийг хэн
ивээн тэтгэж бас хэвлүүлж үлдээх билээ)Гэтэл зөвхөн нэг өдрийн настай
ялаа байдаг. Өглөө сэрээд бие ялаа болж бусад олон ялаатайгаа нөхөрлөж,
тэмцэж, хайраа олж, өсөн үржиж, орой нар жаргахад 90 насалсан мэт
туршлага хуримтлуулаад дахиж хэзээ ч өглөөний нарыг харахгүйгээр алга
болдог. Гэтэл цөмийн физикт энэ нь хэдэн галав солигдсонтой тэнцэх маш
их урт хугацаа өнгөрчихсөн байх жишээтэй.
Агшин бол цаг хугацааны хязгаагүйг төлөөлөх хамгийн бага нэгжийг
тэмдгэлсэн философийн категори. Иймээс агшин гэдэг нь хягааргүй буюу
огторгуйг өөртөө багтаасан цаг хугааны тоологдох боломжгүй нэгж юм.
Агшинг мэдэрснээр огторгуй ертөнцийг бүхэлээр нь мэдэрч болох. Тэнд цаг
хугацаа, орон зай гэж үгүй. Бүх юм өөрөө агшинд багтана. Энэ бол
хөгжлийн түлхүүр юм. Ямар ч завгүйгээр өт хорхой шиг гүйлдээд газар ахих
биш дээ. Түр зогс. Агшинг мэдэр.
Гурав: Бид хаашаа явж байна вэ
Төрсөн бол үхнэ гэгчээр хүн төрөлхтөн ардчилал, эрх чөлөө, шинжлэх
ухааны ололт амьжилт, хөгжил дэвшилрүү яваад байгаа хэрэг. Булшныхаа
нүхээл ухаж явна даа үнэндээ. Үүнийгээ ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухааны
түүх азаар хэдхэн зуун жилийн настай гэдгийг бид мэднэ. Гэтэл зөвхөн
сүүлийнганц 100 жилд юу болов. Хэт хурдацтай байна. Үүнийг зогсоох арга
байхгүй. Атомын бөмбөг аль эрт тэсэрсэн.
Азаар ногоон дэлхий, байгаль орчин гэж сүүлийн үед ярих болсон нь
сайшаалтай. Бас л өөрийгөө бодсон атхаг үзэл. Гэхдээ яахав хүмүүс амьд
үлдэхийн тулд бусад амьтан ургамлын шүтэлцээг ойлгож(нөгөө л хэрэглэгээ,
ашгийн төлөө) эхэлж байгаа нь олзуурхууштай.
Чонын бэлтэрэг эхлээд өөрийгөө, дараа нь эжийгээ,улмаар аавыгаа,
сүүлдээ өөрийн сүрэг, үр төл, газар нутгаа хайрладаг шиг хүн төрөлхтөн
эхлээд ядаж өөр өөрсдийгөө (Би Увс хүн, чи Увс биш гэж хуваагдалгүйгээр,
цаашлаад Украйн Орос зодоон нүдээн, за тэр нялх хүүхдээс ч долоон дор
дайн, хүчирхийлэл гэх тэнэглэлтгүйгээр)хайрлаад дараа нь бусад амьтан,
ургамал, газар шороо, энэ эх болсон цэнхэр дэлхийгээ, эцэг болсон хөх
тэнгэрээ, улмаар тэнд гэрэлтэх нар сар, од эрхийг, огторгуй ертөнцийг
хайрлах хэрэгтэй байна.
2500 гаруй жилийн өмнөх шиг "амьдрал бол зовлон” гэж хэлмээргүй байна.
Хүн бүхэн дор бүхнээ өөрийн сэтгэлийг засаж бүхнийг хайр, бас нигүүслээр
хармаар байна. Ганц агшинд ч болтугай зогсос хийж өөрийгөө бус бусдыг
бодох хэрэгтэй байна. Хүн төрөлхтөн бид бусдад гай болохгүй амьдрах
хэрэгтэй байна. Хүмүүс, би бас Та өөр өөрсдийнхөө атхаг сэтгэлийг бага
багаар засаж, агшин тутамд сэрж, өдөр болгон дадлагжуулах хэрэгтэй
байна. Уужим харж, санаа алдаж сурмаар байна. Бусдад сэтгэлийн дэм өгч
чадахгүй бол, үгүй ядахдаа тэдэнд гай удмааргүй байна. Энэ бол хүн
төрөлхтний цаашид оршин тогтнохуйн эх булаг, хөгжлийн зам мөн. Өөр зам
одоогоор харагдахгүй л байна даа.
(2014 оны 10 сарын 15- ны өндөрлөгөөс)
Хамбин Пүрэвтогтох