Зургаан даргын зураг төөрөг
Аливаа байгууллагын ажил төрөл "№1” гэсэн хүнээсээ маш их шалтгаалдаг. Тиймээс юуны өмнө хэнийг даргаараа тавих вэ гэдэг хамгийн ээдрээтэй асуудлын нэг болдог юм. Хувийн компани ч яахав, уламжлуулаад залгамжлуулчихдаг учир усан тэнэг байсан ч захиралаар тавчихна. Нам харин үгүй. Сонгодог. Өрсөлдөнө. Ер нь ихэвчлэн лидер гэснийгээ тавьдаг юм. Тэгвэл 2000 онд янз бүрийн үзэл баримтлал бүхий таван нам нэгдсэний дараа дарга нь хэн болох бол гэдэг асуудал улстөрийн хавьцаа эргэлдэг хүн бүхэнд сонин байлаа. Таван өөр бодол, таван өөр арга барил, таван өөр авир араншинтай бүлэглэлийг нэг гэрт багтааж зангидна гэдэг үнэндээ тамын ажил байлгүй яав гэж. Түүнд орвол үг хэлдэггүй юм чинь 1000 гахай хариулсан нь хамаагүй дээр байж магадгүй. Тэгээд ч асуудлыг олон өнцгөөс хардаг, хэн нэгнээсээ огтхон ч айж эмээдэггүй, хэн хэнээсээ хараат бус, ерөнхийдөө үе тэнгийн залуус болохоор эхэндээ аливаа зүйл дээр алдах нь их байв. Ялангуяа эвсэл болж сонгуульд ороод эрх барьцгаасан дөрвөн жилдээ баллаж хаясан шүү дээ. Хамаг нэр хүндээ алдсан гэж хэлж болно. Бие биеэ дэгээдээд л. С.Зориг алагдлаа. Казиногийн гэгдэх хэрэг дэгдэв. Банк манк дампуураад л.
Үнэн хэрэгтээ энэ бүхэн түүний сөрөг хүчин МАХН-д маш ашигтай туссан юм. Мөн залуу болохоор нь 70 жилийн түүхтэй өвгөн нам яаж л бол яаж тоглож байв. Ардчилагчид ч тоглуулж байв. АН-ын хийсэн улстөр МАХН-д оноо болон очиж байсан цаг үе л дээ. Ингэхэд Монголын ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ой болж байгаа ч энэ нам ирээдүйд буюу 2000 онд таван нам нэгдэж байгуулагдсан Ардчилсан намын үндэс, гол суурь нь байсан гэдгийг онцлох байна. Тиймээс энэ удаа 1990 оноос хойш бус харин Ардчилсан нам болсон 2000 оноос түүний "№1” гэсэн суудал дээр хэн хэн заларч асныг эргэн санацгаая. Мөн энэ намд даргын суудлын төлөө тэмцэл өнгөрсөн 15 жилд тасраагүй гэдгийг онцлох байна. Яагаад гэхээр МоАН, МҮАН, МСДН, МШАН, МАСМН гэсэн таван өөр "эцэгтэй” хүүхдүүд насан туршдаа нэг гэрт амьдрахаар шийдэж, энэ айлын цаашдын ажил амьдрал өрхийн тэргүүн хэн байх вэ гэдгээс ихээхэн шалтгаалах болсон билээ.
Таван өөр "эцэгтэй” хүүхдүүдийн анхны дарга
Д.Дорлигжав 2000-2002 онд даргалав. Тэрбээр таван өөр "эцгийн” тавын таван хүүхдийг нэг гарт зангидаж, нэг тийш хардаг болгох үүргийг хамгийн түрүүнд хүлээв. Үүнд шадар сайд байсан, Батлан хамгаалахын генералуудтай зууралдсан, "Эрдэнэтийн” халуун өдрүүдийг туулснаас гадна анхнаасаа ардчилсан хувьсгалын галд гараа ээж бус дүрж явсныг нь харгалзсан байх. Хуульч мэргэжил нь ч нөлөөлсөн биз. Зан араншин нь ч эхний ээлжинд тохирно гэж үзсэн биз. Юм юм үзэж, хатуу зөөлний жин банг тохируулж ирсэнийг нь ч бодолцсон байх. Тэгээд ч тухайн үед бусдадаа арай илүү нөлөө үзүүлж чадах нь тэр байв. Мөн өөрийнхөө Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Алтанхуягийг авсан юм. Тэд нэг нутгийн хүмүүс учир хэл амаа тун амархан ололцож байв. Тэр үед энэ хоёр хоёулаа л зөвлөх ярих гэсэн зөөлөн тактик баримталж байсан нь таван өөр "эцэгтэй” хүүхдүүд хоорондоо дасч зохицоход тун их нөлөө үзүүлсэн юмдаг. Гэвч намын ажил сайн явахаар намын даргын суудал сайхан харагддаг өвчин АН-ыг тойроогүй. Байсхийгээд л даргаараа оролдоно. Д.Дорлигжав ч энэ бүхнээс залхсан уу, яасан нэг л өдөр ажлаа өгөхөөр шийдсэн. Өгсөн. Гэхдээ хамгийн гол нь энэ хоёр жилийн хугацаанд АН-ын "халаасанд” дараагийн сонгуульд хэрэглэх нэлээд оноо хийж өгөөд явсан байдаг.
Дүрмийн дагуу ажлаа өгсөн дарга
М.Энхсайхан 2002-2005 онд даргалав. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан, мэдлэгтэй, мэдрэмжтэй, гэхдээ жаахан зөрүүд гэдгээрээ алдартай нэгэн байлаа. Ардчилсан хувьсгалын галд гараа дүрж бус ээж явсан гэдгээрээ жаахан шүүмжлүүлдэг талтай. Бас таван "айлын” хүүхдүүдийг нэг гэрт оруулах гол санааг гаргасан нөхөр гэдэг юм. Мөн 1996 онд сонгуулийн штаб удирдсанаар ялалт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх үнэлгээ ч түүнийг АН-ын дарга болоход нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ 1996-2000 онд өрнөсөн бужигнаан түүний нэртэй ихээхэн холбогддогийг нуух хэрэггүй. Огцорсон хүн шартай л хоцорч таарна шүү дээ. Ерөнхийдөө түүний үед нэгдэж нягтрах замдаа улам орчихоод байсан таван өөр ”эцэгтэй” хүүхдүүд тарах шахаад байсныг бас хэлэх хэрэгтэй. Энэ бол М.Энхсайхны төрөлхийн авир араншинтай холбоотой юм. Тиймээс ч энэ гурван жилд АН-ынхан мөн л толгойгоороо оролддог зангаа тавиагүй. Байсхийгээд л М.Энхсайхныг өөрчлөх санал гардаг ч 2004 оны сонгуульд хоёр намтай эвсч ороод муугүй амжилт үзүүлсэн тул нэг хэсэгтээ энэ асуудал чимээгүй болсон. Гэвч тэрбээр 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон тул намынхаа дүрмийн дагуу ажлаа өгөв. Сунгаанд явсан. Үсэрсэн. Гомдсон. Нам байгуулсан. Одоо ямар явааг бид мэднэ шүү дээ.
"Айлын хүүхдүүдийг” аядуу болгосон дарга
Р.Гончигдорж 2005-2006 онд даргалав. Түүний цол гуншин, туулсан улстөрийн амьдрал зэрэг нь бөх Баянаа аваргын цол гуншинтай дүйхүүц хэмжээнд очоод байсан болохоор М.Энхсайхны халааг тун амархан авсан гэж болно. Тарах дөхөөд байсан АН хэмээх айлыг арай жаахан эв гавд нь оруулсан хүн Р.Гончигдорж яах аргагүй мөн. Гэхдээ С.Баярын стандарт бус Засгийн газарт гишүүд нь орж, өөрөө УИХ дахь "Бүдүүн бүлгийн” дарга болсон нь гишүүдийнхээ бухимдлыг асар их хүргэж байсныг хэлэх хэрэгтэй. Удалгүй Р.Гончигдоржоос намын даргын ажлыг авах асуудал тун тодорхой болоод явчихсан юм. Гэхдээ газар газраас ирсэн "айлын хүүхдүүдийг” арай аядуу болгосон дарга тэр байлаа.
Ц.Элбэгдорж 2006-2008 онд даргалав. Шатрын хөлгөн дээр нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг хардаг мань хүн юуны өмнө ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг товлоод намын даргыг ямар ч үнээр хамаагүй авах нь зүйтэй гэж үзсэн байх гэлцдэг юм. Гишүүдийн хувьд ч анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихвол гэсэн хүсэл эрмэлзлэл ихтэй байсан тул Ц.Элбэгдоржийг хүссэн хүсээгүй тойрон хүрээлэв. Үүнд мэдээжийн хэрэг Америкт суралцсан, сайхан ярьдаг гээд нөлөөлсөн хүчин зүйлүүд бий. Ерөнхийлөгч ч болсон. АН-ынхан ч бөөн баяр. Гэхдээ "долдугаар сарын 1” гэх хар өдөртэй түүний нэр холбогддог юм. Бас нам дотор үүссэн бага зэргийн цав нэлээд том ан болон хувирсан гэлцдэг билээ.
"Мөнхийн генсек” хамгийн олон жил
Н.Алтанхуяг 2008-2014 онд даргалав. Таван өөр "эцэгтэй” айлын хүүхдүүдийн дунд цав үүсч, ан гарсан тохиолдолд тэр энэ албыг авсан юм. Тэрбээр Ардчилсан хувьсгалын төлөөх тэмцэлд эхнээсээ халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явсан цөөхөн нөхдүүдийн нэг. Ер нь тэргүүн шугамд тулалдаж явсан байдаг юм. Мөн "Мөнхийн генсек” гэдэг нэртэй. Энэ бол намын нөхдийн нь зүгээр ч нэг өгчихсөн нэр цол биш. Харин үүний цаана асар өндөр үнэлгээ явдаг юм шиг санагддаг. Тэрбээр сагсан бөмбөгийн багаар бол нам дотроо маш сайн холбон тоглогч гэсэн үг л дээ. Үүнийг, "чулууг чулуу бус ус элээнэ” гэдэг зарчмыг маш баримталж ирсэнтэй нь холбон үзэж болно. Харин өөлөх гэсэн нэгний хувьд соцдек угшил, "Алтан гадас” жигүүр нь бай болоод байдаг тал бий. Гэхдээ л Ардчилсан нам байгуулагдсанаас хойш хамгийн олон буюу зургаан жил энэ албыг хашсан хүн яах аргагүй тэр мөн. Энэ хугацаанд Ардчилсан нам Ерөнхийлөгчийн болоод УИХ, орон нутаг, хотын гээд таван сонгуульд ялсан байдаг. Энэ ялалтууд тус намын даргатай шууд хамаатай. Яагаад гэхээр таван өөр "эцгийн” хүүхдүүд нэг гэрт амьдардагч цаанаа жигүүр мигүүр ургуулчихаад хэцүү байсан үед тэрбээр намын "№1” хүнийхээ хувьд зохион байгуулах ажлаа маш сайн хийсэн. Ямар ч байсан тэднийгээ сонгуулийн үеэр жагсааж чаддаг дарга байлаа. Ингэхэд аль ч улсын, ямар ч намын даргадаа өгөх үнэлгээ нь сонгуульд гаргасан амжилтаар хэмжигддэг. Тэр агуулгаараа Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын үүргээ өнгөрсөн хугацаанд маш сайн биелүүлсэн хүн. Харин яагаад даргын суудлыг нь авах болсныг АН-ын нөгөө л архаг хууч өвчинтэй холбон ойлгож байна. Аргаа барсан хүүхэд л аавынхаа толгойгоор оролдоно гэдэг шиг юмс АН-д үе үе үүсдэг билээ.
Ирэх жил дүнгээ тавиулах "Үүрэг гүйцэтгэгч" дарга
2014 онооос З.Энхболд "даргалж байна". Түүнийг намынх нь залуу гишүүд дүрмийн бус дарга хэмээгээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн мэдэгдсэн билээ. Нэгэнтээ энэ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад хатуу хахир гэдгээрээ шахагдаж байсан түүхтэй юмдаг. Ямар ч байсан түүнийг угаасаа намын даргад тохирох авир араншинтай хүн биш гэлцдэг юм. Ялангуяа ирэх жил УИХ-ын сонгууль болох гэж байхад З.Энхболдоор дарга тавилаа гэж хуурай агсамнах нөхдүүд энэ намд нэлээд харагддаг юм. Гэхдээ тэр дотроо бодолтой, толгойдоо тооцоотой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ чигээрээ дарга хэвээрээ байвал ирэх жил дүнгээ тавиулна. Онц авбал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн биеэр үзээд алдахыг хэн байг гэхэв. Бие жижигдэж, бэлчээр багадах биш. Харин муу дүн авбал хэрхэхийг өдгөө хэн ч хэлж таахын аргагүй биз ээ.
Д.Гал
24tsag.mn