Хүчирхэг эмэгтэйчүүдээс суралцах манлайллын хичээл

0

 

Форбс сэтгүүл жил бүр оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг нэрлэдэг уламжлалтай. Энэхүү жагсаалтыг нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүд тэргүүлж, урлагийн одууд, сайн үйлстэн, бизнесмен бүсгүйчүүд удаалдаг байна.

 

Ингэхдээ тэдний санхүүгийн нөөц чадамж, хэвлэл мэдээллийн оролцоо, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, нэр хүндээ хэр зэрэг ашиглаж байна вэ гэсэн дөрвөн гол үзүүлэлтийг шалгуур болгодог. 2015 оны тухай Германы канцлер Ангела Меркель хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хилари Клинтон, "Мелинда Гэйтс” сангийн тэргүүн Мелинда Гэйтс, Холбооны нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен, Женерал Моторс компанийн гүйцэтгэх захирал Мари Барра нар шилдэг тавд багтжээ. 

 

Одоогийн байдлаар дэлхийн 10 орон эмэгтэй төрийн тэргүүнд, 14 улс эмэгтай Засгийн газрын тэргүүнд итгэл хүлээлгээд байна. Үүнээс гадна олон ч чадварлаг эмэгтэйчүүд олон улсын нэр хүндтэй компаниудын гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа юм.

 

Бид энэ удаад эдгээр хүчирхэг эмэгтэйчүүдээс суралцах манлайллын тухай 6 зөвлөгөөг хүргэж байна.

 

Шийдэмгий бай

 

Ямар ч саад бэрхшээл тулгарсан шийдэмгий байдлаа бүү алд. Хамгийн гол нь хүчирхэг эмэгтэйчүүд ямар ч нөхцөлд бүхнийг төгс хийх чадвартай гэдгийг мартаж болохгүй. "Ernst & Young” аудитын фирмийн дэд захирал Бет Брук 13 настайдаа дегенератив буюу ясны үрэвсэлт өвчинтэй хэмээн оношилсон бөгөөд эмч нар түүнийг дахиж алхаж чадахгүй хэмээн түгшиж байлаа. Тэр мэс засалд орохоосоо өмнө дахин алхдаг, бүр гүйдэг болно гэж өөртөө амласан байна. Үүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн залуу тамирчдын нэг болно гэсэн зорилт тавьжээ. Тэр шийдэмгий байсныхаа ачаар эдүгээ дэлхийн хүчирхэг 100 эмэгтэйн эгнээнд багтсан байна.

 

Зоримог бай

 

Хүчирхэг эмэгтэйчүүд айдас гэдгийг мэддэггүй. Өөрийгөө сорихын тулд айдаг зүйлтэйгээ байнга нүүр тулж, даван туулж байдаг. 2011 онд "KeyCorp” АНУ-ын тэргүүлэх 20 банкны нэгээр тодорсон бөгөөд АНУ-ын банк санхүүгийн түүхэнд анх удаа эмэгтэй гүйцэтгэх захиралтай банк шилдэг 20-д багтсан нь энэ байлаа. Бет Муни Техасын орон нутгийн банкны нарийн бичгээр ажлын гараагаа эхэлсэн ба жилд ердөө 10 мянган ам.долларын цалин авдаг байжээ. Гэхдээ тэрээр тун удалгүй илүү ихийг хийх хүсэлтэй байгаагаа ухаарсан байна. Ингээд Даллас дахь хамгийн том банкуудын хаалгыг татаж явснаар өнөөдрийн ажлын гараагаа эхлэх газрыг олсон гэдэг. Хэрэв та өөрийнхөө чадахгүй бага ч гэсэн зүйлээр өдөр бүр өөрийгөө сорихгүй л бол юу ч сурахгүй. Юу ч сураагүй бол юуг ч хийж чадахгүй шүү дээ.

 

Чөлөөтэй сэтгэ

 

Том амжилтанд хүрэхийн тулд тэр хэмжээнд сэтгэж сур. Эдүгээ 33 оронд үйл ажиллагаа явуулдаг "Starbucks”-ийн тэргүүлэгч Мишель Гасс анх нэгэн жижиг салбарыг хариуцаж авахдаа өдөр бүр шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхийг хичээдэг байв. Тэрбээр бургер, метро, супермаркет зэрэг үйлчилгээний газруудтай хамтран ажиллах бүхий л нөөц бололцоог эрэлхийлж байв. Өнөөдөр "Starbucks” нэрийг нь хараагүй ч логогоороо танигддаг дэлхийд алдартай цөөхөн брэндүүдийн нэг болж чадсан бөгөөд жилийн цэвэр ашиг 1.39 тэрбум ам.доллараас буудаггүй аж.

 

Эрсдэлийг тооцоол

 

Аливаа ажлыг эхлэхдээ эцсийн үр дүнг нь тооцоолж сур. Юу хүртэх, юунд хүрэх, та яаж өөрчлөгдөх, хэдий хэр мөнгө орж ирэх гэх мэт зүйлсийг бодолцсон байх учиртай. Мөн ямар эрсдэлтэй нүүр тулж болох, түүнийг хэрхэн даван туулах, өөрт ашигтайгаар эргүүлэх нөөц төлөвлөгөөг заавал боловсруулж хэвш.

 

Дэг журмыг эрхэмлэ

 

Амжилтын үндэс бол сахилга бат, дэг журамтай байдал юм. Зуу гаруй жилийн настай гоо сайхны "Avon” компанийн шинэ гүйцэтгэх захирал Шери Маккойгоос хамгийн том сорилт юу вэ гэж асуухад "Юу хамгийн чухал, юунд хүмүүс хамгийн их анхаарал хандуулж байгаа, юу тренд болж байна, ямар шинэ маркетинг байна гэх мэт бидний анхаарал хандуулах зүйл тоймгүй. Гэхдээ олон зүйлд самгардаж, дэс дарааллаа алдах тусам ажлын бүтээмж буурч эхэлдэг” хэмээн хариулжээ.

 

Бусдын давуу талыг ашигла

 

Хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг том стратеги бол ухаалаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлэх явдал юм. "Arby Restaurant Group”-ийн Ерөнхийлөгч Хала Модделмог гарал угсаа, хүйс, арьс өнгө, нийгэм, эдийн засаг гэх мэт хоорондоо бүхий л зүйлээрээ ялгаатай хүмүүсээр ажилтнуудаа бүрдүүлдэг. Тэдний асуудлыг харах, шинийг санаачлах байдал өөр өөр гэдэгт тэрээр итгэдэг аж. Мөн Хала "яг чамтай адилхан хүн чамд хэрэггүй шүү дээ” гэж хэлдэг байна.

 

Б.Саруул


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.