Г.Мэнд-Ооёо: Монголчууд соёлын дархлаагаа үлгэр домогтоо хадгалдаг Шинэ мэдээ 2015/07/02 0 Л.Ганзул МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шинэ ном уншигчдын хүртээл болоод удаагүй байна. Хэвлэгдсэн даруйдаа олны таашаалд хүрч эхэлсэн тус ном болон зарим уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -"Шилийн Богд” роман тань хэвлэгдээд удаагүй ч эрэлт ихтэй номын тоонд орсон байна. Хэдий хугацаанд таны тархи оюунд бүрэлдэж бүтсэн бэ? -Ер нь бол шинэ романыхаа үйл явдал өрнөж буй тэр нутгийн язгуурын нүүдэлчин айлд төрж өсөөд хөрс шороон дээр нь хүн хүлэг болсон хүн шүү дээ би. Ингэхээр ул суурь нь байсан хэрэг. Харин 1988 онд Монголын Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор ажиллах хугацаандаа нутгаараа урт удаан явж тэр үеийн маш олон өвгөд эмгэдтэй уулзаж тэмдэглэл хөтөлсөн байдаг юм. Аливаа юманд цаг, нөхцөл нь шүтэн барилдах гэж байдаг аж. Урьд нь бичээд нэг л гологдоод болж өгөхгүй байсан зохиол маань уржнан хавраас хэм хэмнэл, ая зохисоо олоод зүгээр л бичигдээд эхэлчихлээ. Хэл найруулга, бичлэгийн өнгө аяс нь зохирсон хэрэг л дээ. Гэсэн ч алба амины янз бүрийн ажил төрөлд дарагдаад цаг зав болохгүй яваад байлаа. Аз болоход "Чветилла Райнери” сангийн шагналт тэтгэлэгт шалгарч Италийн эртний нэгэн шилтгээнд уран бүтээлээ туурвих сайхан боломж гарсан юм. Тэнд романыхаа голыг нугалаад өнгөрсөн өвөл засвараа хийж дуусгасан даа. -Нэрнээсээ эхлээд нутаг ус, зон олон, түүхэн хүмүүсийн тухай роман юмуу гэж ойлголоо? -Өмнөх үеийнхнийхээ бүтээсэн өв соёлын дунд дараа үе нь аж төрж, амьдарч бүтээж, өв уламжлалыг нь хамгаалж, үндэснийхээ дархлааг буй болгодог нь "оршихуй жам” ажээ. Газрын өрөөс ургасан оройн ганц модны галав эртний үлэг домгоос Онгон элсний оройд бодтой ургасан тоорой модыг хүртэлх цаг хугацааны уртраг дахь соёлыг ой санамж мянга мянган жил хадгалсаар хойч үедээ мэдээллээ дамжуулсаар иржээ. Чухам ийм эс тасалдах залгамж холбооны үл үзэгдэх хэлхээнд монголчуудын соёлын дархлаа явж байдаг. Унаж явсан нэг сайн морио үгүй болоход толгойг нь сийлж морин хуурныхаа тэргүүнд залах, явдал галигааг нь хос чавхдасандаа шингээн хадгалж түүхийг нь мөнхлөх бол нүүдэлчдийн соёлын гайхамшиг. Ийм л зүйлийг түүхэн цаг үеийн дэвсгэр дээр үйл явдлын хэлхээс дунд үзүүлэхийг хичээсэн дээ. -Романд Сайран хээр, Жаахан шарга, Говийн халтар гэх мэт хүлэг сайн морь, наян нэгэн шарга хүлгийн тухай хүүрнэлүүд байна. Эдүгээн Дарьгангын хурдан хүлгүүд тэднээс угшилтай юу? -Монголын их түүхч Ч.Далай гуай Дарьгангын хүлгүүд хурдан байгаа нь Эзэнт гүрний үеийн шилмэл сүргийн бэлчээр байсантай холбоотой. Дарьгангы хүн чулуун хөргүүд ч бас үүнд хамааралтай гэдэг байсан юм. Шилийн сайн эрс бол жинхэнэ ажнай хүлгүүдийг эдэлдэг байж. Тэгээд ч Манжийн эзэнд бэлэг сэлт, цэргийн агт гэх нэрийн дор монголын удамт шилмэл адууг урагш Цагаан хэрэм давуулахыг шилийн сайн эрс эсэргүүцэж, буцааж туудаг байжээ. Олон жил унаж ижил дасал болсон хүлэг морьдын тухай олон домог, хууч, морин хуурын татлага Дарьганга нутагт үлдсэн юм. Тэрхүү соёлын өв тээгчийн нэг нь манай аав, манай гэр бүл юм шүү дээ. Миний романд адууны соёл зохих байр эзэлж байгаа нь ийм учиртай. Ер нь монголчууд соёлын дархлаагаа үлгэр домогтоо хадгалж үеийн үед дамжуулдаг. -Таны уран бүтээлд ер нь Дарьгангын сэдэв яагаад том байр эзлэх болов? Роман, яруу найраг, Дарьганга мөнгөн урлал, Дарьганга ардын аман зохиол, Дарьгангын өв соёл гээд маш олон номон дээр таны нэр байдаг? -Дарьгангад хүрлийн үеийн соёлыг ихэд эрхэмлэн шүтдэг. Хүн чулуун хөрөг бол Дарьганга дахь Монголын гайхамшиг. За тэгээд мөнгөн урлал, морин хуур, уртын дуу, үлгэр домгийн энэ их ай сав дотор хөлбөрч хүн хүлэг болсон болохоор бичихээс ч яах билээ. Энэ бол ил байгаа соёл. Зөвхөн аман уламжлалаар л цээжнээс цээжинд дамжин хадгалагдах чинадын нууц руу нь гүн нэвтэрсэн хүн өөр олонгүй байхаа даа. -Утга зохиол судлаач, доктор Б.Магсаржав сая таны шинэ романы тухай "Оршихуйн философийг шүтэхүй буюу шинэ роман” гэсэн шүүмждээ "ёгт бэлгийн роман”, "шинэ роман”, "ногоон роман” гэх мэт нэр томьёо хэрэглэсэн байна. Эдгээр нь таны романы онцлогийг илэрхийлж чадах уу? -Манай утга зохиолын судлал шинэ сэргэг юмыг соргог харж, шуурхай тусгах байдал ажиглагдаж байгаа нь юутай сайн. Романы маань бичлэгт бэлгэдэл их байгаа, бас экологийн асуудлыг нилээд гүнзгий гаргаснаараа "ногоон роман” гэсэн нь бас сонирхолтой ажиглалт санагдсан шүү. -Та 2012 онд "Гэгээнтэн” романаа гаргаж нилээд шуугиулсан. "Алтан Өд” шагнал ч хүртсэн байсан. Мэргэжлийн судлаачид хэр хүлээж авсан бэ? -Дажгүй шүү. Хамгийн түрүүнд талийгч эрдэмтэн Ч.Билигсайхан гуай "Үнэний төгөлдөр дуулал – Гэгээнтэн” гэж сайхан шүүмж бичсэн. Насан туршдаа монгол роман судалсан тэр мундаг эрдэмтэн хамгийн сүүлчийн үгээ надад хандаж хэлсэн шүү. Доктор Д.Галбаатар, Б.Хишигсүх нар, С.Байгалсайхан, Я.Ганбаатар, Ү.Хүрэлбаатар нар бүгд л үгээ хэлж үнэлсэн нь надад их урам өгсөн дөө. Зарим уншигчид "авшигтай роман” гэж нэрлээд бурхан шүтээнийхээ дэргэд залсан тухайгаа ч ярьж л байсан. Шашны мундагчууд ч сайхан хүлээж авсанд бүр ч урамтай байгаа даа. -Монголын хүүрнэл зохиолыг дэлхийн уншигчдад хүргэх тухайд таны бодол? -Өнөөдөр Монголын сэдвээр бичсэн уран зохиол, ном, урлагийн бүтээл дэлхийд моодонд орж байна. Манай түүх, нүүдэлчдийн соёл, уламжлалт мэдлэг ухааны шимээс суралцаж мухардалд орсон утга зохиолынхоо сэдэв агуулгад шинэчлэл хийх эрэл явж байгаа нь нэг талаас Монголыг сурталчилах том боломж боловч зохиогчид нь бүгд гадаад хүмүүс байгааг анзаарахгүй байж болохгүй. Яагаад монгол зохиолчид өөрсдөө үндэснийхээ язгуураас үндэслэхгүй байна вэ? гэх асуулт гарч ирнэ. Нэг талаас манай соёлын бодлогод алдаа байна, нөгөө талаас үндэсний сэдвийг үл тоох явдал байна. Тэгэхээр миний бодоход монгол хүн монголынхоо тухай бичиж дэлхий дахины уншигчдыг цочроох, ийм л хүлээлт байна даа. -Та сүүлийн үед их бичиж байна. Унших зав гарч байна уу, ямар ном уншиж байна вэ? -Бичих уншихыг хослуулж байна даа. Залуугаасаа би маш хурдан уншиж сурсан. Сонирхсон номоо хурдан уншиж мэдээллээ олж авдаг, нухацтай унших хэрэгтэйг нь тогтож тунгааж амталж, жаргаж унших дуртай. Сүүлийн үед Буддын шашны нийтийн бус номуудыг уншиж байгаа. -"Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялал тань хэзээ өндөрлөх вэ. Тус аялалын талаар танилцуулна уу? -Монголын өргөн уудам нутгаар тархсан түүх соёлынхоо дурсгалт, үнэт зүйлсийг хамгаалах, судлах, түгээн дэлгэхүүлэх, танин мэдүүлэхэд үндэсний сэхээтнүүд хувь нэмрээ оруулах яг тэр цаг нь болчихоод байгаа юм. Уламжлал өөрчлөгдөж байна, уул уурхай хөгжиж байна. Байгаль цаг агаар ч хувьсаж байна. "Сувдан сондор” бол зөвхөн аялал биш л дээ. Мэдээллийн сан хөмрөг бүрдүүлэх, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэх, баримтжуулах, шинэ зүйлийг олох гэх мэт. Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд, уран бүтээлчдийн баг гар нийлж ажилладаг юм. Бид Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад "Сувдан сондор” ээлжит хөтөлбөрийг зохион байгуулах асуудлыг судалж байна. Гэхдээ одоогийн хүчин чадал нэг жилд нэг л газарт хийх боломжтой. Урт хугацааны хөтөлбөр л дөө. -Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ? -Түр амсхийгээд байна. Уран зохиолын ертөнцөд амьдарсан он жилүүдийн дурдатгалтай холбоотой баримт өвөө цэгцэлж, захидал харилцаа сэлтээ эмхэлж байна. Дурдатгалын нэг ном хийнээ. -Дахин роман бичих төлөвлөгөө бий юу? -Мэдээж. Гэхдээ одоохондоо тийм, ийм гэж урьдчилж яриад яахав. -Ярилцсанд баярлалаа. 0
Сэтгэгдэл байхгүй байна.