Өндөр богдын нутгаар...

0

Шанхын хийд

Өндөр гэгээн Занабазарын төрсөн болон хүй дарсан газартай танилцсан аялагчид эхний өдрөө Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Шанхын хийдийг зорьсон юм. Учир нь тус хийдийг Өндөр гэгээн байгуулсан гэдэг утгаараа энэ аяллын нэг хэсэг яах аргагүй болох ёстой байлаа. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Төвхөн, Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийд ч Өндөр гэгээнтэй холбоотой. Гэхдээ үүний өмнө Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар богдод өргөмжилсөн үйл явдлын талаар бичих нь он дарааллын хувьд зөв юм. 

Арцны үнэр сэнхийсэн ариун дагшин орон

Шар бүсийн хотыг байгуулж байсан газар хожмоо нийслэлийнхэн гэрэлт хөшөө босгожээ.  Учир нь Улаанбаатар хотын эхлэл энд тавигдсан гэж үздэг аж.

Ам дамжсан домгоор бол Өндөр гэгээн Занабазар Есөнзүйлийн хөндийд төрж, мөлхдөг болсноосоо хойш юм л бол зүүн хойшоо чиглээд мөлхөөд байж. Аав, ээж нь майхан барьж, дагаж явсаар Их, бага монгол уулын дунд байрлах Ширээт цагаан нууранд ирээд цааш явахаа больсон гэдэг аж.  Манай аяллын баг Бүрд сумын III багийн Засаг дарга А.Болдбаатараар газарчлуулан Элсэн тасархайн үргэлжлэлд, Их, бага Монгол уулын дунд орших Ширээ цагаан нуурыг зорьсон юм. Элсэн манхан дундуур машинтай явахад үе үе суух нь энүүхэнд. 

Олон залуус хамт явсан болохоор хүч нийлүүлэн түрж, машинаа элснээс гаргаж явсаар очив. Их Монгол уулын өврөөр явахад арцны үнэр сэнхийж, ариун дагшин орон гэдэг нь мэдрэгдэнэ.  Аяллын багийнхан юуны өмнө Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт байрлах гэрэлт хөшөөн дээр очлоо. Түүний дараа Өндөр гэгээнийг анхдугаар Богдод өргөмжилсөн Ширээт цагаан нуурын эрэгт очиж, тухайн газар нутагтай холбоотой үүх түүхийг сонсов. 

Аяллын багийнхан ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Амарбаяр Өндөр гэгээнтэй холбоотой түүхийг хүүрнэлээ. Тэрбээр "1639 онд  Өндөр гэгээнийг таван настай байхад Халхын ноёд бурхан шашны тэргүүнээр өргөмжилсөн. Ийн өргөмжлөхийн өмнө Халхын ноёд энэ талаар хэлэлцсэн байдаг.  Энэ асуудалд Сэцэн хан их нөлөө үзүүлсэн.  Тухайн үед Халхын ноёд Төвд рүү элч явуулж. Тэгэхэд Далай ламаас Өндөр гэгээнийг Жавзандарнатын хувилгаанд өргөмжилж, хувил­гаан мөн гэсэн хариу ирүүлсэн. 

Тиймдээ ч анхдугаар Богдод өргөмжилсөн байдаг юм” хэмээн ярив. Мөн Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээх ёслолын үеэр Шар бүсийн хотын шавыг тавьж байсан Улаанбаатар хотын үүсгэл байсан гэж үздэг аж. Мөн энэ үеэр Бүрд сумын III багийн Засаг дарга А.Болдбаатар Өндөр гэгээний даахийг үргээх үеэр юу болсон талаар нутгийн иргэдийн  ярьдаг домгийг бидэнд ярьж өгөв. Түүний ярьснаар бол Өндөр гэгээний даахийг үргээх үеэр нэг хүнд мөнгөн аяга дүүрэн монгол архи өгөөд "Араа дүүрэн агар зандан ургаг” гэж хэлээд цацчих хэмээн өгч. 

Гэвч өнөөх нь "Араар дүүрэн армаг тармаг арц ургавал ургаг, больвол болиг” гэж хэлээд цацчихсан аж. Тиймдээ ч одоо Их Монгол уулын бэлээр гурван хэсэг газар арц ургасан байдаг юм юм байна. Тэр арцыг одоо тарнигүйгээр шууд хэрэглэж болдог хэмээн үздэг аж.  Мөн Их, бага Монгол уулыг дээр цагт зэрэг тахидаг байж. Одоо бол зөвхөн Их Монгол уулыг нутгийн ард түмэн л тахиж байгаа юм байна.  

Шанх, Төвхөн хийдээр... 

Аяллын баг Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн газарт очсоны дараа маршрутын дагуу Шанхын хийдийг зорьлоо. Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд номын хүрээний гол хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбоотой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хүрээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхын хүрээ гэж хожим нэрлэгджээ. 

Бид аяллын эхний өдөр буюу энэ сарын 2-ны орой Шанхын хийдэд очиход лам хүүхдүүд сүм хийдээ угааж, цэвэрлээд завгүй байлаа.  Харин хийдийн талаархи үүх түүхийг Баруун хүрээ хийдийн тахилч лам Б.Баттулга бидэнд ярьж өгсөн юм. Шанхын хийд 1647 онд үүсгэн байгуулагдсан аж. 

Өндөр гэгээн Занабазар 13 настай байхдаа энэхүү хийдийг байгуулж байсан байна. Тэрбээр олон хүрээ хийд байгуулж байсан болохоор нэг газраа удаан суурьшаагүй байдаг аж. Ийнхүү буурь сэлгэж явсаар "Сайхан булгийн дэнж” буюу одоогийн Шанхын хийд орчимд очиж суурьшиж, сүм хийд байгуулж, хурал ном хурж байсан нь сүүлдээ Баруун хүрээ гэгдэн нэршиж үлджээ. Одоо Шанхын хийдэд гурван гол сүм байгаа юм. Түүний баруун талынх нь сүмийг хэлмэгдүүлэлтийн үед ноосны агуулах байдлаар авч үлдэж, 1990 онд сэргээжээ. Түүнээс хойш хурал ном хурж ирсэн байна. 

Баруун талын дуганд Өндөр гэгээний урлаж бүтээсэн бүтээлүүдээс авахуулаад олон хосгүй үнэт зүйл хадгалагдаж байгаа аж. Мөн Баруун хүрээ хийдэд Чингисийн хар туг хадгалагдаж байсан байна. Одоо Богд хааны туг, Өндөр гэгээний бага насандаа өмсч байсан баривч хадгалагдаж байгаа аж. Хэлмэгдүүлэлтийн үеэр зөвхөн гурван дуган авч үлдсэн гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Голын дуганыг 2000 онд сэргээн засварласан юм байна. 1990 оноос хойш хийдэд засвар хийгээгүй явсаар 2014 оны долдугаар сарын сүүлчээр урсгал завсар хийсэн ажээ.  

Шанхын хийдийг анх байгуулж байхдаа Өндөр гэгээн Занабазар цогчин уншлагыг анх уншиж байсан түүхтэй юм байна. Тэр үеэс хойш 53 жилийн турш энэхүү уншлагыг нэг ч өдөр алгасалгүй уншиж ирсэн түүхтэй гэнэ.  Одоо ч гэсэн энэхүү номыг өдөр тутамдаа хурж байгаа талаар Б.Баттулга лам хэлж байсан юм.  Ийнхүү Шанхын хийдээр орж танилцсанаар эхний өдрийн аялал дууссан. Харин хоёр дахь өдөр нь Төвхөн хийдэд очиж, сүсэглэлээ. Төвхөн хийдийг мөн л Өндөр гэгээнд зориулан бүтээсэн юм байна.  1653 онд Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Шивээт улаан ууланд ирж, Төвхөн хийдийн анхны суурийг тавьсан аж.

 Эрдэнэзууд өндөр гэгээнд Бат-Оршил өргөсний дараа Халхын ноёдууд "Танд бүтээлийн сүм барьж өгье” гэж хэлсэн аж. Тэгэхэд нь Өндөр гэгээн Занабазар "Миний бүтээлийн сүм бэлэн байгаа”  гэж хэлээд одоо Төвхөн хийд байгаа газар ирсэн юм байна. Хийд байгуулагдсаны дараа Өндөр гэгээн Төвхөнд ирээд, бясалгал хийгээд сууж байхад ойр хавийн араатан, гөрөөс хутагтын их дуунд уярч, хоорондоо тоглож наадаж байсан түүхтэй ажээ.  Өндөр гэгээн Төвхөн хийдэд олон шидийг олсон боловч зөвхөн гутлынхаа мөрийг л үлдээсэн аж. 

Төвхөн хийд

Мөн төрийн сүлд болсон Соёмбо үсгийг Төвхөн хийдэд бүтээсэн. Дэлхийд гайхагдсан бүх бурхадыг ч гэсэн тэнд урласан байдаг юм байна. Төвхөн хийдэд 1937 он хүртэл тасралтгүй хурал хурж байсан. Харин их хэлмэгдүүлэлтийн үеэр шатааснаас болж 1993 он хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй юм байна.  Улмаар 1993 оноос сүм, хийдээ дахиж бариад, өнөөдрийг хүртэл цогчин хурлыг тасралтгүй хурж байгаа ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.