Иргэдийн шаардлагаар НӨАТ төлнө

0

Борлуулалтын орлогын босго 50 сая төгрөг болжээ

Нэмүү өртгийн албан татварыг шууд бус гэж тодотгох нь бий. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага татварын албанд үүнийг тайлагнаж төлдөггүй юм. Бид дам утгаараа энэхүү татварыг төлчихдөг. Тиймээс ч төсвийн орлогын дийлэнхийг энэхүү татвар бүрдүүлдэг учиртай.

Тэгтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар дээрх логик бага зэрэг гажжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын орлого нэмүү өртгийн албан татвараас давсан байна. Харин Сангийн яамныхан оны эхэнд энэ тооцоог арай өөрөөр төсөөлснийг тоон дүнгүүд харуулна.

Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын орлого 526 тэрбум төгрөгтэй тэнцсэн нь нэмүү өртгийн албан татвараас 16 тэрбумаар илүү байгаа юм. Тэгэхдээ ирэх жилээс нэмүү өртгийн албан татварын орлогын хэмжээ 20 хувиар өсөх төлөвтэй. Яагаад гэж үү? Учир нь дээрх татварыг зохицуулдаг хуульд өөрчлөлт орж, ирэх жилийн эхний
өдрөөс хэрэгжихээр болсон юм.

ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ИЛ БОЛГОНО

Та анзаарсан бол рестораны төлбөрийн баримт дээр НӨАТ 10 хувь гэсэн бичиг бий. Энэ нь тухайн байгууллага 10 сая төгрөгөөс илүү борлуулалтын орлоготойг гэрчилнэ. Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт ,өөрчлөлт орсноор тухайн байгууллагын борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрдгийг батлах юм. Өөрөөр хэлбэл, босгыг нэмэгдүүлсэн гэсэн үг. Үүнээс гадна иргэд уг татварыг төлж байгаа, эсэхийг хянах тогтолцоо бий болжээ. Танддортайлбарлъя.

Бат өдрийн цайны цагаараа хоолонд орчихоод, төлбөрөө цалингийн картаараа зуруулжээ. Энэхүү гүйлгээний мэдээлэл татварын байгууллагад очно. Хэрэв түүний үйлчлүүлсэн ресторан НӨАТ төлдөг бол тэрбээр тооцооныхоо тодорхой хэсгийг татварын байгууллагаас оны эцэст эргүүлээд авах юм. Угтаа бол, 10 хувийн нэмүү өртгийн албан татварынхаа хоёр хувийг эргүүлж авна. Энэ мэтээр иргэд НӨАТ төлдөг байгууллагаар үйлчлүүлэх болгондоо төлсөн мөнгөн дүнгээсээ тодорхой хувийг эргүүлэн авах бүтэцтэй болжээ.

Ингэхээр татвараас "бултдаг” нөхөрт иргэд шаардлага тавиад эхэлж байгаа юм. Тодорхой хэмжээний татварын урамшууллаа оны эцэст авахын тулд үйлчлүүлж буй газартаа "Нөхөр минь, НӨАТ төлөхгүй бол танайхаар үйлчлүүлэхгүй, өөр байгууллага сонгоно” гэсэн шаардлага тавиад эхэлнэ.

Ингэхээр байгууллагуудын НӨАТ төлөх эрмэлзэлд нь түлхэц өгнө. Энэ нь эргээд бидний байнга ярьдаг ч тооцож, тодорхойлж чаддаггүй далд эдийн засгийг ил гаргахад тус болох юм. Үүнээс гадна НӨАТ-ыэ падан ч солилцох шаардлагагүй болж байна. Үйлчлүүлэгчийн картаар хийсэн гүйлгээнээс НӨАТ-ын өглөг, авлагыг бүртгээд явах гэнэ.

Эхний хагас жилд нийгмийн даатгалын орлого 526 тэрбум төгрөгтэй тэнцэж НӨАТ-аас давжээ

Хэрэв та уг татварыг төлөлгүйгээр орлого олдог бол дахиад нэг бодоод үзээрэй. Дээр дурдсан шаардлагаас гадна энэхүү татвар танд тодорхой хэмжээний өгөөж өгдөг юм шүү.

Тухайлбал, компаниуд нэгнээсээ түүхий эд материал худалдан аваад нэмүү өртөг шингээгээд буцааж борлуулдаг. Тэгтэл түүхий эд нийлүүлдэг компани НӨАТ төлдөг бол танд алдагдалтай гэдгийг сануулъя. Учир нь тэд түүхий эдийн ханшдаа НӨАТ нэмээд танд зардаг.

Харин Та зах зээлийн бодит ханш дээр 10 хувь нэмсэн бүтээгдэхүүн худалдан авсаар байх болно. Товчхондоо, НӨАТ төлөгч компани татварын албанд өгөх учиртай өглөгөө танаар төлүүлээд байгаа хэрэг.

Харин худалдаа хийж буй хоёр "айл" адилхан НӨАТ төлдөг бол өглөг нь шилжээд, шингээд л явчихдаг. Ийнхүү ирэх жилээс үйлчлүүлэгчид шаардлага тавиад эхлэх нь. Тиймээс энэхүү татварыг судлаад, яавал бидэнд ашигтай вэ гэдгээ одооноос бодож байхад илүүдэхгүй биз ээ.

Э.Хулан

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.