Витамин дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
А витамин - дутагдвал үс өнгөө алдаж хэврэгших ба арьс хуурайшин үрчлээтнэ. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Д витамин – дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Мөн хүүхдэд Д витамин дутагдсанаар архит гэх яс нь бат бөх чанараа алдаж хөл нь майга, толгой нь хэлбэрээ алдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
К витамин - бие махбодид дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.
В1 витамин – дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
В2 витамин – дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
В6 витамин - дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.
В12 витамин - дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
Р витамин – дутагдвал ам цангах , шингэн ихээр уух, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэл хэсэг газар улайж цаашдаа шархлана. Арьс ширүүн болж гар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршдаг.
С витамин - дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.
Хүүхэд хоол унданд дургүй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж тэмдэг юм. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн үр хулууны үр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг. Хэрвээ хүүхдийн тань толгой дээр шар тослог хайрс шиг зүйл гарсан бол В12, (кобаламин) В6 F витамин дутагдсаны шинж юм. Өөр нэг чухал бодис хагас ханасан тослог хүчил болох линол болон лиолений хүчил юм. Эдгээр нь ургамлын тос, шошийн тос, миндал, грек самар, царс модны самар болон авокадо жимсэнд агуулагддаг. Витамин В12 нь В бүлгийн витаминууд дундаасаа минерал элемент агуулдагаараа ялгаатай. Хүний биед багахан хэмжээгээр өдөр бүр хэрэгтэй байдаг. Гэвч уг витамин нь хоёр дутагдалтай. Энэ нь цус багадах болон нервний ачааллыг ихэсгэдэг. Кобаламин буюу В12 витамин нь зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд элэг, бөөр улаан махыг аль болох амттай харагдахаар бэлтгэж, бага зэрэг хуурч өгөх хэрэгтэй. Үхэр гахай, өндөг болон бяслаг сүү нь В12 витаминаар баялаг байдаг. 4-6 настай багачуудын өглөөний цайны ширээн дээр өндөг заавал байх ёстой. Мөн өглөөний цайнд элэгний нухаш, эсвэл 50 гр үхрийн махыг соустай өгч болно. Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр бүр 500-600 гр сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тул эдгээрээр сайн хангаж өгөх нь чухал юм. Хүүхэд өдөр бүр зохих ёстой амин дэм витаминаа авч чадаж байх юм бол таны хүүхэд эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөх болно.
Сэтгэгдэл байхгүй байна.