Монголд зочлох шалтгааныг харуулах 16 гэрэл зураг
"Bloomberg” агентлагт манай улсын аялал жуулчлалын хамгийн анхаарал татсан бүс нутгуудын талаар дэлгэрэнгүй нийтлэл тавигджээ.
Жил бүрийн долоодугаар сард Монголд "Наадам” нэртэй үндэсний фестиваль болно. Энэ өдөр уламжлалт гурван төрлийн спортын өрсөлдөөн өрнөхөөс гадна Чингис хааны эзлэн түрэмгийллийн үед буцаж очих мэт олон арга хэмжээ зохиогддог. Энэ бол эртний нүүдэлчин уламжлалаа хадгалж үлдсэн Монгол Улсад жуулчид цувж байгаагийн өнгөцхөн шалтгаан. Алт, зэс, нүүрсний арвин нөөцтэй энэ улсын нийслэл Улаанбаатар хотод орчин үед дэлхийн энд тэнд баригдах болсон дээд зэрэглэлийн Shangri-La зочид буудлын нэгэн салбар байдаг. Харин нийслэл хотоос гарвал эртний түүхт уламжлалаа тэр хэвээр нь хадгалж үлдсэн байгаль экологи, ан амьтан, тэжээврийн мал аж ахуйн систем бүхлээрээ угтаж авах болно!
Монголд мал аж ахуй өндөр хөгжсөнөөс гадна говь хээрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэмээр асар уудам нутаг бий. Энд говь хээрийн бүст хамаарах дэлхийд ердөө 26 ширхэг үлдсэн "Мазаалай” баавгай амьдарна. Харин говийн эзэн, нэрийн хуудас болсон тэмээ бол говийн бүст амьдардаг уугуул оршин суугчдын хөл залгах гол тээврийн хэрэгсэл болдог. Тэд таван төрлийн амьтныг гэршүүлж тэжээсэн ба адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа зэрэг нь бүхэлдээ хөдөө аж ахуйн системийн салшгүй нэг хэсэг юм. Эдгээр гаршуулан тэжээсэн амьтад бүгдээрээ ашиг тусаа өгөх төдийгүй Монгол Улсын өнөө цагийн малын гаралтай түүхий эдийн хамгийн том нийлүүлэгч 50 гаруй сая мал бий.
Говийн бүст цасны ирвэс амьдарна. Дэлхий дээр байгаа цасны ирвэсийн талаас илүү хувь нь Монголд байх ба уугуул оршин суугчид тоо толгой нь үлэмж багассан цасны ирвэсийг хайрлан хамгаалах тал дээр олон төрлийн ажил хийдэг. Говь хээрийн бүст холбогдох өөр нэгэн сонирхолтой мэдээлэл бол 1922-1930 онд АНУ-ын палентлогич, түүхч Рой Чапмэн Эндрьюс энэ газар нутагт хүрэлцэн ирж эртний үлэг гүрвэлийн өндөг, яс зэргийг судалж байжээ.
Түүхийн эх сурвалжаас нь авч үзвэл Гандан хийд бол Монголын нийслэл Улаанбаатар хотын анхны бүтээлүүдийн нэг. Коммунизм цэцэглэж, Монголд олон зуун нийгмийн туршилт явуулж байх үед буюу 1930-аад онд Гандан хийдийг шатаасан боловч 1944 онд дахин сэргээсэн юм. Өдгөө Гандан хийд жуулчдын очих ёстой зүй ёсны газруудын нэг болжээ. Энд нутгийн сүсэгтэн олон өглөө 09:00 цагаас өмнө мөргөж, зул өргөхийн сацуу 80 тохой өндөр (26 метр) Жанрайсаг бурханд залбирдаг.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Монгол Улсад коммунист нийгмийн сүр хүчийг харуулсан олон арван хөшөө дурсгал бий. Зарим нь одоо ч хэвээрээ байх эдгээр цогцолборуудын нэг бол "Зайсан” дурсгалын хөшөө юм. Дэлхийн II дайны үед амиа алдсан Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалыг мөнхөлсөн энэхүү цогцолбор нь газар зүйн хувьд Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдох боломжтой газар байрладаг учир жуулчид очих дуртай байдаг.
Монголын их Алтайн уулсыг түшиглэн амьдрах казах үндэстнүүд бол олон ястны өлгий болсон энэ орны бас нэгэн бахархал. Тэртээ 800 жилийн өмнөх өв уламжлалаа орчин үеийн мэдээллийн ертөнцийн их урсгалд алдчихаагүй казах үндэстнүүд Монголын баруун хязгаарт амьдардаг. Тэдний янз бүрийн уламжлал, ахуй амьдралаа өвөг дээдсээсээ тэр хэрээр нь хадгалан үлдсэн амьдралын хэв маягийг гадны жуулчид бүү хэл монголын зарим үндэстнүүд ч үл ойлгоно. Сүрлэг бүргэдээр ав хийлгэж, гаршуулан тэжээсэн казахчууд өсвөр үеээсээ л аав, ах, өвөөгөө даган хатуу ширүүн цаг уурын нөхцөлд бүргэдийн ав хийж, элдэв арга барилд суралцдаг байна.
Эртний түрэг хэлэнд "Гутул”, алтайн язгуурын хэллэгт "Готал” хэмээн хэлэгдэх уг ээтэн хоншоортой гутлыг одоогийн монголчууд ч өмсөх нь элбэг. Дэлхийн хамгийн сонин загвартай уг гутлыг Улаанбаатар хотын хамгийн том хар зах болох Нарантуулд өргөнөөр худалддаг. Нийслэлчүүд нь тэр бүр өмсөхгүйн учир гэвэл хөдөө нутгийн хүйтэн цаг уурт нүүдэллэн оршин суудаг уугуул иргэд өмсөхөд илүү эвтэйхэн гэдэг шалтгааныг надад хэлж байлаа.
Монголын өргөн уудам нутаг хэд хэдэн бүст хамаардаг. Эдний дундаас байгалийн үзэсгэлэн, ногоон байгууламжийн хувьд хамгийн тохиромжтой нь хангайн бүс нутаг. Уул, хад, цэвэр ус, гол горхи, маш олон төрлийн ургамалтай баялаг элсэн манхан гэхчлэн хангайн бүст аялж зугаалахад хамгийн гайхалтай. Монгол Улсын Завхан аймгийн нутаг дахь Отгонтэнгэр уулын оргил 4021 метр өндөр бөгөөд энэхүү нурууг тойрсон ногоон байгууламж бол Ази тивд онгон зэрлэгээрээ хадгалагдаж байгаа цөөхөн цэцэрлэгт хүрээлэн билээ.
"Чойжин Ламын музей” хэмээн нэрлэгдэх эртний буддын шашны соёлын маш том өвийн өнөө цагийн төлөөлөгч болсон барилга Улаанбаатар хотод бий. Коммунист нийгмийн хүнд хэцүү үеийг туулж өнөөдрийг хүрсэн эл байшин өдгөө 25 давхар орчин үеийн Blue Sky хэмээх цамхагтай хослон Улаанбаатар хотын өнгө төрхийг сүлэлдүүлж байна.
Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотдоо амьдардаг. Хэдийгээр Чингисийн талбай орчмоор Louis Vuitton брэндийн дэлгүүр хүртэл ажиллах боловч хотын зах орчимд нөхцөл байдал тэс өөр. Хотын төв орчимд нь 21 зуун давамгайлах бол зах хавиараа тэртээ 18-р зууны өнгө төрх одоог хэр нь хадгалагдаж үлдсэн нь сонирхолтой.
Морин поло буюу эртнээс уламжилж ирсэн наадгай монголчуудын бас нэгэн нэрийн хуудас юм. Эрт цагт Чингис хаан морины дэлэн дээр ноёдын хамт морин пологоор наадаж, зугаацдаг байсан тухай түүхийн сударт бий. Морин пологийн арай орчин үеийн хувилбар өдгөө Орхон голын хөндий дэх "Поло Кэмп” баазын амралт үйлчилгээний нэг хэсэг болжээ.
Монголчууд гараараа нэрж, тусгай жороор бэлтгэсэн нэгэн төрлийн согтууруулах ундааг "Архи” гэж нэрлэдэг. Бараг 14-р зуунаас уламжлагдаж ирсэн исгэлэн ундааг тал нутгийн хаана ч нэг л жороор хийдэг нь сонирхолтой. Франц, Бельгид дарсны хэдэн зуун төрөл байдаг бол Монголд "монгол архи”, айраг гэх хоёр төрлийн хатуу "дарс” бий. Мөн л уламжлалт байдлаар хадгалагдаж ирсэн учраас жуулчид хошуурдаг.
Монголд жил бүрийн долоодугаар сард Наадам хэмээх үндэсний фестиваль болдог. Үүнд сур харваа, морин уралдаан, бөхийн барилдаан гэсэн үндэсний уламжлалт гурван төрлийн спортоор өрсөлддөг. Жуулчдын улирал таардаг учир жилийн энэ үед маш олон гадны зочид ирдэг юм. Энэ л үед монгол хүмүүсийн үндэстний зан чанар, соёл боловсролыг харах боломжтой.
Монголын хойд нутагт байрлах Хөвсгөл далай бол Сибирийн их ой, тайгын хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг бий болгон оршдог ландшафтын өргөн уудам нуур билээ. Азийн цэвэр усны гол ундарга болсон Хөвсгөл далай бол хоёр сая жилийн настай, дэлхийн хамгийн цэнгэг, гүн гүнзгий 17 нуурын нэгт бичигддэг. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг хангадаг энэ нуур маш үзэсгэлэнтэй. Эртний цаатан гэж нэрлэгдэх уугуул иргэд соёлын хувьд уламжлалаа тэр чигт нь хадгалж ирсэн. Яг л Америкийн индиануудтай тун төстэй.
Богд хааны "Өвлийн ордон” өдгөө музей болжээ. Тэртээ 1893 онд баригдсан тэр хэвээрээ өнөө цагт хүрч ирсэн "Өвлийн ордон” бол Монгол Улсын соёлын үнэт өвийн хамгийн том төлөөлөл юм. Монголын хамгийн сүүлчийн хаан Богд Жавзандамба хутагтын "Өвлийн ордон” маш олон түүхийн гэрчлэлүүдийг хадгалж үлдсэн байдаг.
Эртний түүхт Наадам фестивалийн үеэр 1000 гаруй морьд уралддаг. Морь унах хүүхдүүд ихэнхдээ 5-13 насныхан байна. Монголчууд уяж буй морьдыг ядраахгүйн тулд хөнгөн жинтэй хүүхдүүдийг сонгодог аж. Нүүдэлчин ард түмний уг уламжлалыг мөн л жил бүрийн долоодугаар сард үзэх боломжтой.
Их Монгол Улсын байлдан дагуулалтын үед Чингис хааны сүр хүч дэлхий дахинд түгсэн. Энэ цагаас хойш өнөөг хэр нь Чингистэй холбоотой элдэв түүх, домог, хөшөө дурсгалууд олноор бий болсны нэг жишээ бол Улаанбаатар хотоос холгүй орших Чингисийн морьт хөшөө. Аялал жуулчлалын шугамаар 2008 онд барьж байгуулсан энэ хөшөөнд 250 гаруй тонн түүхий эд оржээ. Дотроо ресторан, музей, янз бүрийн үзвэрүүдтэй учир жуулчид зайлшгүй очих газруудын нэг.
Элс шуурч, нар төөнөсөн Монголын их говийн зуны улирал үзэж харах зүйл цөөнгүй. Нутгийн иргэд Хонгорын элс гэх газар аялал жуулчлалын бас нэгэн цэг байгуулсан нь "Дуут Элс” гэх байгалийн маш сонин тогтоц бүхий газар. Салхины чимээ яг л эгшиглэх дууны өнгө мэт сонсогддог энэ газар бол дэлхийн тав дахь том элсэн цөл. Нийтдээ 500 мянган га талбайг хамрах ба зуны улирал цельсийн 45 градус хүртэл хална. Үүгээр аялах тийм ч амар биш. Зориулалтын аялал жуулчлалын компани болон сайн чанарын авто машин хөлөглөж "Дуут Элс”-ийг зоривол жуулчид сонирхох зүйл олон бий.
Монголд ирэхээр бэлтгэж байгаа бол өөр нэгэн сонирхолтой газрыг танилцуулъя. Нүүдэлчдийн эртнээс амьдарч ирсэн гэр хэмээх сууц олноор барьсан энэ бааз говийн бүсийн Даланзадгад гэх хотод бий. Цаг уурын таатай нөхцөл байдалтайгаас гадна бүрэн тохижуулсан гэр-баазад байрлах боломжтой. Хагас сая жилийн өмнөх дэлхийн өнгө төрх ямар байсныг эндээс л үзэхэд нэн таатай. Морь, тэмээ унаж бүтэн өдөр байгалийн элдэв сонин тогтоц сонирхож явахад орчлонгоос тасрах мэт сэтгэгдэл төрсөн билээ.