Баян-Өлгийн Засаг даргын дуулиан
Казахстан Улс нь казах угсаатны өлгий нутаг гэдгийг хүндэтгэх хэдий ч Монгол Улсын казах иргэд бол Монголын нэгэн эд эс, Монгол улсын иргэн гэдгийг хэн ч мэднэ. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармены өгсөн ярилцлага дуулиан тарьжээ. Түүнийг төрийн албан хаагчийн ёс зүйг умартаж, хууль дүрмийг уландаа гишгэж байгаа явдал хэрээс хэтэрлээ гэж үзэх хүмүүс байна.
Улс орны эдийн засаг хямралтай, төрийн байгууллага хаана хаанаа бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжээд байхад энэ эрхэмтөрийн мөнгөөр Казахтсан Улсад зорчин, энд тэндэхийн хөшөөнд очиж мөргөх, баяр ёслол бүрийг алгасалгүй оролцож, төрийн мөнгөөр аялах болжээ.
Монгол улсын нэг цонхны гадаад бодлого, үзэл баримтлал үндсэндээ Баян-Өлгий аймагт үйлчилдэггүй бололтой.
Саяхан түүний Казахстанд зорчих үеэрээ тус улсын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад "Казах гэсэн улс болсоныг гэрчлэх бэлэг тэмдэг юм. Бидэнд энэ тусгаар тогтнол яаж ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ..., Бид гадаадад явсан ч, гуу жалганд явж байсан ч алсдаа улс минь, газар минь, эцэг өвгөдийн минь газар шороо, хүйсний цус дуссан газар байдаг гэж сэтгэлдээ тээж явдаг... Үндэсний баярын сургаар улс болохоор хүлээн авахад бэлэн байна...” зэргээр ярьжээ.
Гэхдээ энэхүү асуудлыг гагцхүү засаг дарга Х.Дарментай холбогдуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймагт Монгол Улсаа гэх, эх орноо гэх сэтгэл зүрхтэй казахын олон түмэн, иргэд байгаа нь дамжиггүй юм.
Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармены Бүгд найрамдах Казахстан улсад айлчлах үеэрээ http://e-history.kz сайтад өгсөн"Казах ханлигийн ойн баярт бид оролцохгүй байхын аргагүй” / http://e-history.kz/kz/publications/view/1460 / ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Ноён Дармен, ерөнхийдөө Казах үндэстнүүдийн 550 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус улсад өргөн дэлгэр үйл ажиллагаа болсоор байна. Монгол Улсын баруун бүс нутагт байгаа ахан дүүс Казах үндэсний 550 жилийн ойтой холбогдуулан ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж байна вэ? Гадаад дахь казахууд энэхүү үндэсний ойн арга хэмжээнд оруулж байгаа хувь нэмэр хэр их байна вэ?
-Казах үндэсний 550 жилийн ойн арга хэмжээ бол үндэстний түүхийн хувьд шинэ нээлт болж байна. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар эхлүүлсэн энэхүү арга хэмжээ нь бүх талаар чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл энэхүү ойн арга хэмжээ нь дэлхий дээрх казахуудын эв нэгдлийг нягтаршуулахад маш их ач холбогдолтой. Алс хол байгаа казах ахан дүүс маань 550 жилийн түүхтэй учир дэлхийд өрсөлдөж чадна. Казах үндэсний 550 жилийн ой нь зөвхөн казахуудын баяр биш бүх дэлхийн казах угсаатнуудын баяр юм. Энэ нь нэгдүгээрт Казах гэсэн улс болсныг гэрчлэх бэлэг тэмдэг юм. Бидэнд энэ тусгаар тогтнол яаж ирсэн вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэр тийм амархан аз завшаанаар бидэнд олдоогүй. Энэ баяр арга хэмжээний зорилго нь бүх казах үндэсний, улсын эв нэгдлийг хамгаалахад оршиж байна. Казах гэдэг улс байдгийг, казах үндэстэн бий болсныг дэлхий нийтэд таниулах мөч юм. Энэ түүх бол олон баатаруудын эр зоригоор бий болж, өвөг дээдсийн түүхийн замаар бичигдэх нь тодорхой. Бид гадаадад явсан ч, гуу жалганд явж байсан ч алсдаа улс минь, газар минь, эцэг өвгөдийн минь газар шороо, хүйсний цус дуссан газар байдаг гэж сэтгэлдээ тээж явдаг. Үндэсний баярын сургаар улс болохоор хүлээн авахад бэлэн байна. Одоо бидний өөрсдөө зохион байгуулж байгаа арга хэмжээний хувьд Монголын казахуудаас их суурьшсан Баян-Өлгий аймагт өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлдэж байна. Одоо улсын хэмжээнд тэмдэглэхгүй ч гэсэн үндэснийхээ түүхийн баярыг дурсах арга хэмжээ зохион байгуулна. Зөвхөн Баян-Өлгий аймаг дахь казахууд маань хөшөө бунхан босгох газар тэмдэглэх, түүхийн баатруудын насны ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж байна. Нэмж нэг зүйл хэлэхэд, Ерөнхийлөгч Казах үндэсний 550 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах үеэс эхлээд 550 жилийн ойг хүндэтгэж 550 ууланд гарах аян эхлүүлээд байна. Түүний төслийн удирдагчаар угсаатан зүйч, уулчин Акыбийн Жанарбек өөрөө оролцож анхны уулын оргилууд дээр гарсан. Одоогийн байдлаар 360 гаруй уулын оргил дээр гарсан. Үүнд казахын ард түмэн өргөнөөр оролцож байна. Нийт 550 ууланд гарсны дараагаар шагнаж урамшуулах арга хэмжээ зохион байгуулна.
-Эцэст нь асуухад Казахстанчууддаа захих хэлэх зүйл байна уу?
-Эцэст нь хэлэхэд, Монгол улсын баруун бүс нутаг Баян-Өлгий аймагт амьдарч байгаа Баян-Өлгийн казахууд болон аймгийн удирдлагын нэрийн өмнөөс нийт казах түмэндээ Казах үндэсний 550 жилийн ойн баярын мэнд хүргье. Энэхүү арга хэмжээ сайхан болж, Казах улс мөнх орших болтугай. Үндэсний баяр цаашид үргэлжлэх болтугай.