Ипотекийн зээлийн үүсвэр буюу тэтгэврийн сан
Ирээдүйн тэтгэврийн нөөцийн сангийн хуулийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт УИХ-аар шийдвэрлэнэ. Орон сууцны зээлийн хүүг бууруулж 5 хувь болгох эхний алхам нь энэ хуулийн төсөл гэж байсан. Манай улсад Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээр. Учир нь 13 орчим их наяд төгрөгтэй тэнцэхүйц бичилт хийгдсэнээс бус Тэтгэврийн даатгалын санд нөөцөлсөн нэг төгрөг ч байхгүй, улайсчээ. Ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдэд эрсдэл нэгэнт үүссэн байна. Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг 2002 онд тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор хууль зөрчөөд Төрийн санд нэгтгэжээ. Төрийн санд байршиж байгаа мөнгөнд 1 хувийн ч хүү бодогддоггүй байна. Харин хуулийн дагуу арилжааны банкуудад байршин байгаа багахан хэмжээний мөнгөнд нь хүү бодогддог гэнэ. Тиймээс Засгийн газар Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх, хуримтлал бий болгох зорилгоор Тэтгэврийн нөөц сан бий болгох төслийг өргөн барьсан нь энэ. Төсөлд 1.8 их наяд төгрөгтэй дүйх Засгийн газрын үнэт цаасыг өрөндөө тооцон Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэхээр зорьжээ. Энэ хэмжээний мөнгөн хуримтлалыг Засгийн газар Монголбанкны моргейжийн үнэт цааснаас шилжүүлэн авах юм байна. "2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй” хэмээн салбарын сайд онцолж байсан. Аливаа улс оронд Тэтгэврийн даатгалын сан урт хугацааны, хамгийн том хөрөнгө оруулалтын сан байдаг байна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас 2030 он хүртэл нэг ч төгрөгийг тэтгэврийн зориулалтаар гаргахгүй. Энэ нь тэтгэврийн санг шинэчлэхтэй холбоотойгоор барьж буй бодлого юм байна. 2030 оноос Монгол Улсын хүн ам насжих үе шат эхэлнэ гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн. Тэр дундаа ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Дундаж наслалт нэмэгдэж нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. Энэ үед тэтгэврийн даатгалын сангийн даац хүндрэх аж. Тиймээс энэ хүртэл Тэтгэврийн нөөц санг арвижуулах ёстой учир Ирээдүйн тэтгэврийн нөөц сан хэлбэрээр хуульчлан арвижуулах бодлого барьжээ. Ингэхдээ Тэтгэврийн нөөц санг ипотекийн зээлийн эх үүсвэр болгон ашиглах юм байна. 2013 оноос хойш сүүлийн 3 жил Монголбанк ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Үнэт цаасаар баталгаажсан ипотекийн зээл нь манайд байгаа хамгийн үр өгөөжтэй хуримтлал аж. Тиймээс одоо байгаа хуримтлалыг тэтгэврийн даатгалын санд шилжүүлэх нь зөв гэж үзсэн байна. ЦаашдааМонголбанк Засгийн газартай гэрээ байгуулах замаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх аж. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой ипотекийн зээлийг одоогоор зогсоогоод байгаа. Хуулийн зөрчилгүйгээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох төслийг УИХ-д өргөн барьсан. Ямартай ч байнгын хорооны хуралдаанаар ипотекийн зээлийн гацааг арилгах хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлгээр батлах саналыг гаргаад байгаа юм. Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд одоогийн байдлаар 75 мянган өрх хамрагдаад байгаа бол, зээлд хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлсэн 18 мянган иргэн байгаа аж. Тиймээс Ирээдүйн тэтгэврийн сан бүрдүүлэх хүрээнд ипотекийн зээлд эргүүлэн ашиглаж, сангаа арвижуулан, иргэдийг ч орон сууцанд хамруулах бололцоог энэ хуулиар нээж байгаа гэж хууль тогтоогчид үзэж байна лээ.
Н.Энхбат
Сэтгэгдэл байхгүй байна.