Э.Энхболд: Би хамгийн үнэтэй

0

Монголын загварын салбарт 2006 оноос цахиур хагалан гарч ирсэн модель Э.Энхболдтой ярилцлаа. Тэрээр БНСУ-ын "Korean model association” тэмцээний Шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгч билээ.

-"Яг түүн шиг” шоундаа бэлтгээд завгүй явна уу?

-Тийм ээ. Шоуны бэлтгэлээс гадна бусад ажлууд их, бүгдийг нь амжуулах гээд завгүй л болчихлоо.

-Шоуны эхний хоёр дугаарт монгол дуучдаа дууриасан. Энэ удаа Украйны Казаки хамтлаг таарсан. Хүндхэн байна уу?

-Би загварын салбарт 12 жил ажиллахдаа нэг удаа ч өсгийтэй гутал өмсч байгаагүй. Харин энэ удаа шоуны тайзнаа өсгийтэй гутал өмсөх гэж байна. Өсгийтэй гуталтай мэргэжлийн түвшинд бүжиглэнэ гэдэг хэцүү юм байна лээ.

-Шүүгчдээс өндөр оноо авахгүй байгаа харагдсан. Сэтгэлээр унаагүй биз дээ?

-Дэлхийн хэмжээний шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаад баяртай байна. Мундаг өрсөлдөгч нартай өрсөлдөж байна. Мэдээж бидний дунд бяцхан өрсөлдөөн явж байна. Өмнөх нэвтрүүлгийн дугааруудад хичээсэн хэдий ч шүүгчдээс муу үнэлгээ авсан байгаа. Гэхдээ миний хувьд сэтгэлээр унасан юм алга.

-Дүрийнхээ судалгааг яаж хийж байна?

-Тухайн олны танил хүнтэйгээ уулзахаас бусдыг хийж байна. Ер нь бол сайн судалж байгаа.

-Та өөрийгөө Жеймс Бонд гэж төсөөлдөг гэж нэг удаа хэлсэн санагдаж байна?

-Өө, тэгж хэлснээ одоо мартчихжээ. Мартсаныг бодоход олон жилийн өмнө л хэлсэн байх. Тухайн үед сэтгэл хөөрөлтэй байсан биз. Бас мөрөөдөмтгий ч байсан байх. Мэдээж Жеймс Бондыг төгс эр хүн гэдэг талаас нь хардаг. Тэр утгаараа л хэлсэн болов уу.

-Загварын салбарынхан таныг Эндего гэж дууддаг. Яагаад ингэж дууддаг юм бэ?

-Моделиуд гадаад нэртэй байдаг. Миний хувьд багаасаа Эндого гэж дуудуулдаг байсан. Хэлэхэд эвгүй нэр учраас Эндего болсон л доо. Ер нь Эндего нь ч зүгээр юм шиг байна лээ. Утгын хувьд ч таалагддаг. /инээв/

-Зун болж байна. Томоохон шоу зохион байгуулах уу?

-Би сүүлийн гурван жил шоу интертайнментын чиглэлээр ажиллаж байна. Энэ жилийн хамгийн эхний "Ibiza out” шоугаа зургадугаар сарын 17,18-нд гурав дахь жилдээ Монгол шилтгээнд зохион байгуулах гэж байна. Уг шоунд хүн чавх тоглоом болон элсний волейбол, фитнес мисс, мистер шалгаруулах тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн найз нөхдийн халуун дотно уур амьсгалыг бүрдүүлэх саадтай аялалыг зохионо.

-Хамгийн сүүлд хэзээ, хаана шоудсан бэ?

-Ер нь би шоудаж чаддаггүй. Нас намбаа бодсон ч гэр бүлтэй хүн учраас гарахыг хүсдэггүй. Заримдаа ажлын шаардлагаар шоу, арга хэмжээнд очдог. Бас ойр дотны найз нөхдийн баярт очих тохиолдол байна. Ингэхэд би сүүлийн дөрвөн жил шоудаагүй юм байна шүү. Өөрийнхөө зохион байгуулдаг шоунд л оролцдог. Гэхдээ ажлаа хийгээд явж байхад үнэхээр стресстэй байдаг. Шуугиан ихтэй газар толгойгоо ажиллуулна гэдэг хэцүү л дээ. Яг үнэнийг хэлэхэд тийм газраас үргэх байдалтай. Аль болох гэр бүлтэйгээ байхыг хүсдэг.

-Гэргий тань дизайнер мэргэжилтэй. Ар гэрийн асуудлаа хэн нь хариуцдаг вэ?

-Залуу гэр бүлийн адил завгүй л амьдарч  байна. Хүүхдүүдээ л  их өрөвдөх юм даа. Хүүхдүүд маань одоо цэцэрлэгт явж байна. Ар гэрийнхнээс боломжтой хүн бүрийг л дайчилдаг.

-Модель залуу гоо сайхандаа хэр анхаардаг бол?

-Залуу насаараа л гоёж явна. Учиргүй гоо сайхандаа анхаараад, салоноор үйлчлүүлээд байдаггүй. Спортоор хичээллэж байна. Амьдралын зөв хэвшилтэй байвал залуу хүн харьцангуй гайгүй л дээ.

-Одоо ямар компанитай гэрээтэй ажиллаж байна вэ?

-Би моделийн ажлын хувьд тогтвортой хамтран ажиллах дуртай. Урт хугацааны тогтмол харилцаанд их дуртай гэсэн үг /инээв/. Одоогоор миний шаардлагад "Говь” компани нийцэж байна. Би 2014-2016 он хүртэл хоёр жилийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа.

-Нууц биш бол таны ажлын хөлс хэд вэ?

-Үүнийг хэлмээргүй байна. Эрэгтэй моделиудаас хамгийн өндөр үнээр хамтарч ажилладаг гэж ойлгож болно.

-Өөрийнхөө биеийн аль хэсэгт илүү сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Би царайлаг биш. Онигор нүдтэй, том хамартай, дарвагар уруултай гээд өөлбөл зөндөө. Гэхдээ эцэг эхээс заяасан биедээ сэтгэл хангалуун явдаг. Өндөр нуруутай сайхан залуу юм болов уу. /инээв/

-Ингэхэд таны биеийн өндөр, жин хэд вэ?

-Миний биеийн өндөр 188 см. Би үсээ босгоод, гутлаа өмсөхөөр 190 см гарчихна. Биеийн жин тогтмол 85 кг жингээ барьдаг. Гэхдээ таргалж, турах нь хурдан байдаг. Би 2006 онд ид фитнесээр хичээллэдэг байсан. Тухайн үед хамгийн гоё биетэй залуу байлаа. Манай найзууд "Ядаж Энхболд шиг болчих юмсан” гэж ярьдаг байсан. Одоо ажлын хажуугаар эрчимтэй хичээллэж чадахгүй байна.

-Эрэгтэй моделийн хувьд насны хязгаар байдаг уу?

-Эрэгтэй моделиудад насны хязгаар байхгүй. Өөрийн карьераа сайхан авч явах хэрэгтэй. Тайзан дээр гарахгүй ч гэсэн фото модель чиглэлээр ажиллаж болно. Би "Монголын загвар урлалын холбоо”-ны тэргүүнээр ажилладаг. Манай холбоо Солонгосын моделийн холбоотой хамтран ажилладаг.

-Яагаад кинонд тоглодоггүй юм бэ. Кинонд тоглооч гэсэн урилга ирдэг л биздээ мэдээж?

-Кинонд тоглох санал зөндөө ирдэг. Зарим кинонд миний чадвар хүрэхгүй тохиолдол ч гарна. Цалин мөнгөн дээрээ тохиролцохгүй. Цаг хугацааны хувьд таарахгүйгээс одоо хүртэл кинонд тоглоогүй явж байна. Гэхдээ "Их хотын залуус” киноны гурван  ангид тоглосон ш тээ.

А.ЦЭЭСҮРЭН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.