Ийм хүмүүст Их хуралд сонгогдох эрх байгаа гэж үү?
Төрийн ордонд эрхэм гишүүд хэрхэн авирладаг нь энэ удаагийн сонгуулийн "буянаар” олон нийтэд ил боллоо. Хэдэн хүн нийлж суугаад ууж идэж болно. Хэнийг ч муулж болно. Харин тангараг өргөсөн төрийн түшээд маань Төрөө дээдэлдэг ард түмнийхээ төлөөлөл болж Төрийн ордонд "ажилладаг” гэдгээ умартаад хээв нэг бааранд сууж байгаа мэт аягласан нь хүмүүст лав таалагдаагүй. Учир нь хоймортоо есөн хөлт цагаан тугаа залж тахисан шүтээнтэй Төрийн ордонд энэ бүх асуудал болсонд Монгол түмэн цэрвэж байна.
"...Бичлэгийг гаргаж тавьсан хүмүүс нь эрийн шинжгүй амьтад” гэдэг шүүмжлэл ч бас өрнөснийг хэлэх ёстой. Гэхдээ л овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ. Ямар ч гэсэн хэргийн эзэн Л.Эрдэнэчимэг гишүүн энэхүү тэнэглэлээ хүлээн зөвшөөрч уучлал гуйсан, бас 50 мянган төгрөгийн торгуулиа төлж төрийг "гийгүүлсэн” гэдгээ мэдэгдсэн. Ингэхээс ч өөр арга түүнд байхгүй. Тамхины тухай хууль санаачилсан энэ нөхөр өөрөө архи ууж согтчихоод тамхи баагиулаад "...Шоу байсийн, тэгээд яадгийн та нар” гэх утгатай зүйл яриадхөлчүүрхэж байгаа нь хаашаа ч булзах замгүй нотолгоо юм. Түүний хувьд ч байдал ингэсгээд өнгөрөх янзтай. Тэгвэл Л.Эрдэнэчимэгийн төрсөн өдрөөр хамт хэн хэн архидав гэдэг нь сонирхол татна. Тэднээс ч гэсэн ард түмэн хариуцлага нэхэх ёстой юм. "...Эвтэйхэн ард нь сугараад үлдчихлээ, ашгүй” гэж бодоод хумсаа нууж суугаа тэр хүнээс ч жудаг нэхэх учиртай.
Төрийн ордон бол зам дагуу "хөглөрч” байдаг олон баарны нэг биш. Төрийн ордон халдашгүй дархан байна гээд хуульд цагаан дээр хараар бичсэн байдаг. Тэгэхээр хэн хамт байсныг хайж олж хариуцлага тооцох л ёстой. Ил болоод байгаагаар бол энэ бичлэгийг гар утсаараа хийсэн Г.Уянга гишүүн тэнд байсан гэдэг нь тодорхой болоод байгаа. Ж.Батзандан гишүүний өрөө гэдгийг ч Л.Эрдэнэчимэггишүүн өөрөө ил болгосон. Тэгэхээр түүний сууж байгаа нүүр нь танигдахгүй байгаа эрхэм бол Ж.Батзандан гишүүн гэсэн үг. Өөр нэг хүн байсан гэдэг. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед Д.Сарангэрэл гишүүн ч бас тэдэнтэй хамт архидсан гэнэ. Түүний согтуу сууж байгаа зураг ч байна.
Ард түмэн, телевиз үзэгчид уг нь түүнд итгэж байлаа. Өөрөө ч гэмгүй, номхон дөлгөөхөн хүн шиг харагддаг. Инээмсэглэлд нь хамгийн дуртай гэж ирээд л саяхан зохиолын дуучин нэг эмэгтэй түүний сурталчилгааг хийж байгаа харагдсан. Нээрээ л гоё инээдэг л дээ. Гэвч Л.Эрдэнэчимэгийг согтчихоод "тоглож” байгааг нь, бас түүнийг нь өөр нэг гишүүн утсаар бичээд сууж байгааг нь хээв нэг балиашиглаад тэр хажууд нь сууж байж.
Сонгуулийн сурталчилгаа ид халсан энэ үед тэрээр дахиад Төрийн ордонд дөрвөн жил суучих санааатай янз бүрийн сайхан юм яриад л явж байна. Дахиад сонгохгүй бол төр хэцүүднэ шүү л гэнэ.Ард түмэн түүнийг Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Ж.Батзандан нартай хамт Төрийн ордонд, халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүний өрөөнд хамт архидсаныг мэдэлгүй өнгөрлөө гэж бодоод л додигор алхаж явна. Хамгийн их зүйл хийсэн, эх хүний уян зөөлөн, өрөвч, нинжин сэтгэл төрд хэрэгтэй л гэнэ. Эх хүн, эмэгтэй хүн хэзээ ч муу зүйл хийх нь байтугай дотроо ч бодож зүрхэлдэггүй л гэнэ. Ялангуяа төр, түмнийхээ төлөөл яваад байна уу гэхээс алт ухаж, архи уух ч сонирхолгүй, завгүй байдаг бололтой юм хуна. Үнэн л дээ. Эмэгтэй хүнийг монголчууд ингэж л дүгнэдэг, ингэж л хардаг. Харин тэр ийм чадсан уу.Нэгнийхээ төрсөн өдрөөр очиж баяр хүргэсэн нь буруу биш. Лонх юмны ард гарсан нь ч түүний буруу биш. Хамгийн гол нь Төрийн ордон дотор архидсанд нь иргэд дургүйцэж байна. Тэгээд өөрсдийнхөө баталсан хуулийг, тэрийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй ард түмнийг доромжлоод сууж байсанд эгдүүцэж байна. Тэдэн дунд Д.Сарангэрэл гишүүн инээгээд сууж байсанд харамсаж байна. "Сонголтоо сунгаарай” гээд зурагтаар малилзаж байгааг нь харсан хүмүүс дээрх үйлдлийг нь хараад юу гэж бодож суугаа бол? Эрхэм гишүүн Д.Сарангэрэлийн хувьд зөвхөн Л.Эрдэнэчимэгийн төрсөн өдрөөр хамт наргиагүй ажээ. Түүний төрсөн өдөр нэгдүгээр сарын 15-нд тохиодог. Уламжлал ёсоор өдөр нь эрхэм гишүүдийн бие биедээ бэлэглэдэг зэс домбыг ёс төртэйгөөр авчихаад орой нь хөлчүүрхсэн үедээ хоёр гишүүнтэй зургаа татуулсан нь энэ.
Нөгөө талаар Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудад ч хариуцлага тооцох ёстой. Тэд ажилдаа ингэж хариуцлагагүй хандаж таарахгүй. Хуульд зааснаар бол халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу архи үнэртүүүлсэн л бол Төрийн ордонд байлгах нь байтугай ойртуулах ч ёсгүй. Гэтэл УИХ-ын гишүүний өрөөнд нэг бус гишүүн архидаж байгааг мэдээгүй байна гэж байх уу?
Тэгэхээр хуулийг, Төрийг дээр дооргүй хэрхэн самууруулдаг нь харагдана. Төрийн ордон дотор шүү. Бүгд юмны наадах цаадахыг ойлгохын дээдээр ойлгох эрхэм гишүүд шүү дээ. Хамгийн гол нь Төрийн ордон дотор ингэж пээдэгнэж суудгийг нь яагаад ч зөвтгөх аргагүй. Ер нь хүмүүст ил болсон нь л энэ бичлэг болохоос УИХ-ын 76 гишүүн маань иймэрхүү л ая зантай Төрийн ордон дотор нүднээс далдуур Төрийг маань түшдэг юм байна гэдэг нийтлэг сэтгэгдэл ард түмний дунд үлдсэн нь хамгийн харамсалтай.
Төрийн ордны тухай хууль.
11.2.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэх.
13.1.8.энэ хуулийн 11.2.4-д заасныг зөрчиж Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтэрсэн, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг 5000-20000 төгрөгөөр торгох.
13.1.2.энэ хуулийн 11.1.2-д заасныг зөрчиж Төрийн ордны хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхим, өрөө, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулсан албан тушаалтныг 20000-60000 төгрөг, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох
Сэтгэгдэл байхгүй байна.