Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа бүрдүүлчихлээ, цаашдын тактик нь ч тодорхой
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайдуудаа томилж, өчигдөр 10 дэд сайдаар бүл нэмлээ. Хэдийгээр дэд сайдуудгүй байх нь зарим хүнд таалагддаг ч хийх ажил ихтэй, цомхон чадварлаг бүтцээр урагшлах төлөвлөгөөтэй энэ айлд дэд сайдын орон зай, хүч зайлшгүй хэрэгтэй. Түүнийг танхимаа түүхэнд байгаагүй богино хугацаанд бүрдүүллээ, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг ч цааш түлхэх зоригтой байлаа гэдэг дээр олон нийт нэмэх оноо өгч байна. Мөн намын Удирдах зөвлөлийн шийдвэр хийгээд танхимаа бүрдүүлэх эрх бүхий Ерөнхий сайд байж чадаж байгаад нь талархалтай хандаж байгаа нь илэрхий байгаа юм.
Одоо түүний өмнө том даваа бий. Энэ бол эдийн засгийн хүндрэл, төсөвт учирсан "зовлон”. Үүнийг тэр ч, тэдний нам ч арилгаж чадна, арилгаж сурсан нам гэдгээ харуулах цаг ирээд байна. Энэ нь юуны өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс харагдах учиртай. Уг хөтөлбөр ойлгомжтой, тулгарсан бэрхшээлийг давж гарах гарцаа олж харсан, гарах арга замаа судалж мэдсэн байх шаардлагатай. Үүнийгээ олон нийтэд тайлбарлан таниулж итгүүлж чадах аваас МАН-д 65 суудал өгсөн сонгогчдын сэтгэл ханана. МАН-д итгэж үнэмшиж, амьдрал ахуй, улс орны ирээдүйгээ даатгаад тэдний ажлыг жигдэрч үр дүнг нь хүлээх хангалттай тэвчээр, амьдрах арга ухаан монголчуудад бий.
Тэгэхээр хэн сайд, эсвэл дэд сайд болсноос үл шалтгаалан юу хийх нь тодорхой болоод ирээд байна гэсэн үг. Энэ бол бидний хүсэн хүлээсэн зөв чиглэл. Хэн болох нь биш юу хийх нь чухал. Харин одоо эхний ээлжинд цомхон чадварлаг бүтцийг, төсвийн хэмнэлтийг шаардаж байна. Үүний тулд иргэдийнхээ бүсийг чангалах бус төр өөрийнхөө бүсийг чангалж өмнөх төрийн алдааг засах үүрэг хүлээх нь гэсэн дүр зураг харагдаж буй. Тиймээс ч яамдын бүтцийг ихэд барьж, "төрийн яам бол ажил олгогч биш” гэдэг мессежийг өглөө.
Түүнчлэн Ерөнхий сайд нь Намын даргаас ангид байснаар танхимаа бүрдүүлэх эрхээ эдлэх, үүнийхээ дагуу ажил үүргээ даалгах,шалгах, гар нийлж ажиллахад тун зөв жишиг тогтож байна гэж харагдаж байна. Харин Намын дарга нь УИХ-ын дарга байснаараа төсвийн тодотгол хийх, цаг хугацааны хувьд ажлаа явуулахад нь уялдуулах, ямар нэг гацаа саадгүй байх талаараа давуу талтай байх дүр зураг харагдаж байна.
Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар шуурхай байна. Зөв ажиллаж байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, мэргэжлийн багийг эн тэргүүнд тавьж ажиллах нь гэсэн дүр зураг харагдлаа. Энэ итгэлийг биелүүлэх нь лавтай. Тэр тусмаа эхний ээлжинд УИХ ээлжит бус чуулган зарлахдаа Төрийн албаны зөвлөлийн даргыг шинээр томилох шаардлагатай байгаа. Ингэснээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон зарим агентлагийн дарга, удирдлагуудыг томилоход мэргэжлийн талаас нь санал зөвлөмжөө өгөх, шалгуур үзүүлэлтээ АТГ-тай уялдуулах шаардлагатай байгааг харгалзаж үзнэ, үүнийгээ хурдтай хийж ажлаа эхэлж, үр дүнгээ өгөхийг л сонгогчид хүлээж байна.
А.Сүрэн